Хайх

Анжелина Жоли шинэ киноныхоо талаар ярьлаа

Болсон явдлаас сэдэвлэсэн “First They Killed My Father” кино

Анжелина Жоли шинэ киноныхоо талаар ярьлаа

Өчигдөр Deadline вебсайт Анжелина Жолигийн Торонтогийн кино наадмын үеэр өгсөн шинэ ярилцлагын хэсгээс нийтэлжээ. Жүжигчин бүсгүй энэхүү ярилцлагадаа өөрийн найруулсан "First They Killed My Father" киноныхоо талаар ярьсан байна. Одоогоор Анжелина Жолигийн бүтээсэн энэхүү кино нь Торонтогийн олон улсын кино наадмын хөтөлбөрт багтсан байгаа юм.

"Би өмнө нь хэзээ ч кино зохиол бичиж эсвэл найруулж чадна гэж бодож байгаагүй. Энэ нь миний төлөвлөгөөнд ороогүй байсан юм. Гэхдээ би зүгээр л найруулагч болохын тулд үүнийг хийгээгүй. Миний бодлоор бол олон талт байдал нь бидний ертөнцийг илүү хүчирхэг болгодог. Мөн би янз бүрийн соёлыг судалж, дэлхийн өөр өнцгөөс ирсэн хүмүүстэй хамтарч ажиллах дуртай. Хүн бүрийг маш сайн таньж мэдэх шилдэг арга бол тэдэнтэй хамтарч ажиллах юм. Би хүмүүнлэгийн ажилтны хувиар энэ тал дээр маш их хүсэл тэмүүлэлтэй ханддаг. Тэд бол миний баатар. Би хамтарч ажилладаг хүмүүстэйгээ салшгүй холбоотой. Тэд намайг илүү сайн хүн, сайн ээж болоход тусалж, юуг үнэлж, хэрхэн амьдрахыг надад заасан. Хэрэв би энэхүү киногоороо дамжуулан тэдний түүхийг та бүхний амьдралд хүргэж чадаж байгаа бол би үүргээ сайн биелүүлж байгаа гэсэн үг юм" гэж Анжелина Жоли ярьжээ.

"First They Killed My Father" кино нь Америкийн зохиолч Лун Уны дурсамж номоос сэдэвлэсэн юм. "First They Killed My Father: A Daughter of Cambodia Remembers" нэртэй уг номонд Лун Ун маш хүнд, хэцүү хүүхэд насныхаа тухай дэлгэсэн байдаг. Түүнийг таван настай байхад Камбож улсад өөрсдийгөө "Улаан Кхмер" гэж нэрлэдэг байсан радикал коммунист үзэлтэй, улс төрийн хөдөлгөөн эрх барьдаг байжээ. Тэд Лун Уны гэр бүлийг салгасан юм. Охин цэргүүдийн хуаранд очсон бол түүний ах, дүүс албадан хөдөлмөр эрхлүүлдэг ангиудад хуваарилагдсан байна.

Анжелина Жоли энэхүү киногоо өөрийн хүү Мэддокст зориулж буйгаа нэмж дурдсан юм. Тэрээр Мэддоксийг 2002 онд Камбож улсаас өргөж авсан билээ. Анжелина Жоли "Мэддоксийн төрсөн эцэг эх ямар хүнд зүйлсийг туулж гарсныг хүүдээ харуулахыг хичээсэн" гэж хэлжээ.

Жоли хамгийн анх "First They Killed My Father" киногоо 2017 оны хоёрдугаар сард Камбож улсын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд танилцуулсан байгаа. Яг энэ газарт "Улаан Кхмер"-үүд цуст аллага үйлдэж байсан түүхтэй. Deadline вебсайтын мэдээллэснээр бол тус киноны нээлт Камбожид маш их амжилтанд хүрсэн гэжээ.

"Энэ киног хуучин Улаан Кхмер-ийн гишүүн байсан хүмүүс мөн хааны гэр бүл үзэж сонирхсон. Тэдэнд яг ямар сэтгэгдэл төрснийг би сайн хэлж мэдэхгүй байгаа ч, энэ нь миний хувьд маш онцгой туршлага болсон" гэж Анжелина Жоли тайлбарласан байна.

Анжелина Жолигийн бүтээсэн тус кино есдүгээр сарын 15-нд Netflix-ээр цацагдах болно.

 

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх