Хайх

Эмма Уотсон бэлгийн дарамттай тэмцэхээр 1,4 сая ам.доллар хандивлалаа

Мөн Кира Найтли, Том Хиддлстон нар бэлгийн дарамтын эсрэг тэмцэж байна

Эмма Уотсон бэлгийн дарамттай тэмцэхээр 1,4 сая ам.доллар хандивлалаа

Text: Бюро 24/7

Их Британид бэлгийн дарамтанд өртсөн хохирогчдыг дэмжих зорилготой "Justice and Equality Fund" гэх хандивын сан хоёр хоногийн өмнө үүсгэн байгуулагдсан байна. "Justice and Equality Fund" -ын үүсгэн байгуулагчид АНУ-д өрнөж байгаа #metoo ба Time's Up хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаанаас санаа авч энэхүү санг нээжээ.

Тэгвэл жүжигчин Эмма Уотсон тус сангийн үйл ажиллагаанд зориулж 1,4 сая ам.доллар хандивласан байна. Мөн түүнээс гадна, "The Crown" цувралд хатан хаан II Элизабетийн дүрээр Алтан Бөмбөрцөг наадмаас шагнал хүртсэн жүжигчин Клэр Фой, Жеймс Бондын кинонуудад Манипеннигийн дүрд тоглосон Наоми Харрис мөн Кира Найтли, Том Хиддлстон ба Кэри Маллиган нар "Justice and Equality Fund" сангийн үйл ажиллагааг дэмжжээ.

Шинээр үүсгэн байгуулагдсан уг сан олон нийтэд хандан нээлттэй захидал бичсэн бөгөөд энэхүү захидалд кино урлагийн салбарт ажилладаг 200 эмэгтэй гарын үсгээ зурсан байна. "Ганц, хоёр муу эрчүүдийн дарамт шахалтыг нүдээ аниад өнгөрүүлэхэд амархан боловч, Их Британид энэ нь маш том, ноцтой асуудал болсон гэдгийг статистик харуулж байна... Их Британийн нийт эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь мөн 18-24 насны бүсгүйчүүдийн гуравны хоёр нь ажлын байрны бэлгийн дарамттай тулгарч байсан гэдгээ мэдэгдсэн... Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Бэлгийн дарамт хэвийн үзэгдэл байж болохгүй мөн байх ч ёсгүй. Бид энэ нөхцөл байдлыг өөрчилж чадна" гэж нээлттэй захидалд бичигджээ.

  • Зураг:
Цааш үзэх