Хайх

Mongolia
Mongolia

Мэрил Стрип “Big Little Lies” цувралд тоглоно

Николь Кидманы хадам ээжийн дүрд

Мэрил Стрип “Big Little Lies” цувралд тоглоно

Оскарын наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд хоёр ч удаа шагнал хүртсэн Мэрил Стрип "Big Little Lies" цувралын хоёрдугаар улиралд тоглохоор болсныг Entertainment Weekly мэдэгдсэн байна. Одоогоор Риз Уидерспун ба Николь Кидман нар энэхүү цувралын гол дүрийг бүтээгээд зогсохгүй продюсерын үүргийг давхар гүйцэтгэж байгаа билээ.

Хэрэв та санаж байвал цувралын эхний улиралд Монтерей хотод оршин суудаг бүлэг эмэгтэйчүүдийн адармаатай амьдралын тухай үзүүлдэг билээ. Тухайлбал гол дүрийн бүсгүйчүүдийн нэг болох Селестийг (Николь Кидман) нөхөр Перри нь маш хэрцгийгээр зоддог тухай гардаг байгаа. Харин Селестийн найзууд түүнийг хамгаалж байгаад санамсаргүйгээр нөхрийг нь хөнөөж орхидог. Тэгвэл цувралын хоёрдугаар улиралд Селестийн хадам ээж Мэри Луис Райт гэх эмэгтэй гарч ирэх бөгөөд энэ дүрийг Мэрил Стрип бүтээхээр болсон байна. Мэдээж хэрэг Мэри Луис Райт хүүгийнхээ сэжигтэй үхлийн жинхэнэ шалтгааныг олохоор шийдэж, үйл явдлыг бүр ч сонирхолтой болгоно.

Мөн "Big Little Lies" цувралын хоёрдугаар улирлын үйл явдалд жүжигчин Николь Кидманы дүр гэр бүлээ аврахыг хичээхийн зэрэгцээ өөрийн жинхэнэ мөн чанараа олохоор шийднэ. Харин Риз Уидерспуны дүр "сайхан сэтгэл үргэлж сайн үр дагаварт хүргэдэггүй гэдгийг ухаарна" гэж Entertainment Weekly мэдээллэсэн байна. Хамгийн сонирхолтой нь Селестийн нөхрийн дүрийг бүтээсэн жүжигчин Александр Скарсгард цувралын хоёрдугаар улирлын талаар тайлбар өгөхдөө "Миний бүтээсэн дүр үнэхээр үхсэн эсэхийг би ч хэлж мэдэхгүй байна" гэж хариулжээ.

Нийт долоон ангиас бүрдсэн "Big Little Lies" цувралын хоёрдугаар улирал 2019 онд нээлтээ хийх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх