Хайх

Playtime 2016 наадамд оролцох гадаад хамтлаг, дуучдын нэрс зарлагдлаа

Playtime 2016 наадамд оролцох гадаад хамтлаг, дуучдын нэрс зарлагдлаа

Зургаадугаар сарын 24, 25, 26-нд уулзацгаая

Text: Г.Тэмүүлэн


Монголын амьд хөгжмийн ертөнцийн хамгийн том үйл явдал болох Playtime наадам энэ жил 15 дах жилдээ зохион байгуулагдана. Зургаадугаар сарын 24-26-нд болох фестивальд энэ жил 50 гаруй хамтлаг, дуучид оролцох бөгөөд бид эхний удаад гадаадаас ирж тоглох 11 уран бүтээлчийг танилцуулж байна

9596

Өвөр Монголоос гаралтай 9596 панк рок хамтлаг нь 2002 оноос хойш хоёр цомог гаргасан бөгөөд Өвөр Монголын бүх аймаг, хотуудаар бүрэн хэмжээний бие даасан тоглолтоо хийсэн. Мөн тэд 2014 оны бүх Хятадын Алтан Бөгж наадмын Гран-При шагнал хүртсэн бөгөөд үзүүлсэн амжилтаараа Өвөр Монголын шилдэг хамтлагуудын нэгт зүй ёсоор багтаж байна. Дууг сонсох.

Playtime 2016 наадамд оролцох гадаад хамтлаг, дуучдын нэрс зарлагдлаа (фото 1)

Shenanigans

Анх 2012 онд Хансол Ким болон Сэм Левано нар Сөүлийн Их Сургуулийн наадмын үеэр танилцаж, блюз хамтлаг байгуулахаар шийджээ. Тэд эхэндээ сургууль дээрээ акустик тоглолт хийж, өөрсдийн хөгжмийг зохиохоос гадна, алдартай дуучдыг ковер хийжээ. Shenanigans хамтлаг The Rolling Stones, Мадди Уотерс, Сон Хаус зэрэг уран бүтээлчдээс урам авч, уран бүтээлээ туурвидаг байна. Улаанбаатарт ирэх зургаадугаар сард тус хамтлагийн  дуучин, аман хуурч Хансол Ким, бөмбөрчин Жүн Хо Жонгбасс гитарчин Чой Вү Ён, болон гитарчин Сэм Левано нар ирж тоглоно.

Fu-Ching-Gido

Анх 2013 онд Гидеон Жюкес (бүрээчин) болон бөмбөрчин Фу Чинг нар танилцсанаар Fu-Ching-Gido хамтлаг үүсгэн байгуулагджээ. Тэд хард рок болон heavy gipsy төрлөөр уран бүтээлээ хийдэг.

Charles-Baptiste

Францын дуучин, ая зохиогч, DJ Charles-Baptiste нь Францын поп болон сонгодог дуунуудыг нэгтгэн, олон төрлийн урсгалаар уран бүтээлээ хийдэг. Түүний гол зорилго бол бүх насны хүмүүс ойлгодог хөгжим хийх юм. Түүнчлэн Charles-Baptiste нь Францын сонгодог уран бүтээлчид болох Франс Галль, Серж Генсбур, Daft Punk нарт зориулсан тусгай DJ set тавих болно.

Slackers

Анх Андрей Митрошин болон Ваня Лазарев нар Митрошины түрээсийн байрны гал тогоонд сууж байгаад хамтлаг байгуулах санаагаа гаргасан гэдэг. Тэд дараа нь Рома Паранойд руу залгаж, хамтлагт бөмбөр тоглох санал тавьжээ. Хамтлаг байгуулах шийдвэр гарсан өдөртөө л тэд шинэ дуунуудаа зохиож, бичүүлэн богино хэмжээний цомог гаргахаар болжээ. Хэдийгээр хамтлаг байгуулагдсан жилдээ найман удаа тарсан ч тэд эргэн нийлсээр байв. Slackers хамтлаг ОХУ-ын ихэнх хотуудаар тоглолт хийсэн бөгөөд Украйн болон Беларусь улсаар ч явжээ. Тэдний "Не буду этого помнить" нэртэй шинэ цомог нь дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн бөгөөд сонсогчдоос өндөр үнэлгээ авсан байна. Тэд шинэ цомогт орсон бүх дуунуудаа Playtime наадамд тоглох болно. Дууг сонсох.

Playtime 2016 наадамд оролцох гадаад хамтлаг, дуучдын нэрс зарлагдлаа (фото 2)

The You

Япон улсын Окинава арлаас гаралтай энэхүү рок хамтлаг нь анх 2004 онд байгуулагджээ. Хамтлагийн бүрэлдэхүүнд Юки Ирей (дуучин, гитарчин), Зунари (гитарчин), Шуго Нагата (гитарчин), Наоя Урасаки (бөмбөрчин), Шуничиро Тагава (басс гитарчин) нар багтдаг. The You хамтлаг нь Nirvana, The Verve, Radiohead болон бусад альтернатив рок хамтлагууд тэдний уран бүтээлд асар их нөлөө үзүүлжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулагдсан Trans Asia Music Meeting чуулганд The You хамтлаг оролцсоноор Playtime наадамд хүрэлцэн ирэх урилгаа хүлээн авчээ.

Radio Dept.

Playtime наадамд оролцох хамтлагуудаас Radio Dept.-ийг тайзнаа гарахыг хүмүүс хамгийн их хүсч, хүлээнэ гэдэгт итгэлтэй байна. Шведээс гаралтай энэ хамтлаг нь dream pop урсгалаар голчлон уран бүтээлээ туурвидаг бөгөөд анх 1995 онд Элин Альмеред, Йохан Дункансон гэх сургуулийн найзууд үүсгэн байгуулсан юм. Тэдний "Pulling Our Weight", "I Don't Like It Like This" болон "Keen on Boys" зэрэг дуунууд нь София Копполагийн найруулсан "Marie Antoinette" кинонд орсноор нэрд гарсан байдаг. 

Playtime 2016 наадамд оролцох гадаад хамтлаг, дуучдын нэрс зарлагдлаа (фото 3)

Roth Bart Baron

Японоос гаралтай уг хамтлаг нь дуучин, гитарчин Масаяа Мифун болон бөмбөрчин Тэцуяа Накахара нараас бүрддэг. Тэд ч мөн адил ахлах сургуульдаа танилцсан бөгөөд 2008 онд хамтлагаа байгуулжээ. Уран бүтээлийн хувьд тэд анх 2012 онд "Monster Mountain and Choirboys" нэртэй богино хэмжээний цомог гаргасан ба 2014 онд "The Ice Age" нэртэй удаах цомгоо бичүүлсэн. Хамтлаг хамгийн сүүлд Токио хотыг магтан дуулсан "Atom" гэх нэртэй цомгийг гаргаад байгаа. Roth Bart Baron-ы бас нэг онцлог нь тэдний хамтран ажилладаг продюсер Брайан МакТир. Тэрээр Kurt Vile, Sharon Van Etten болон The War on Drugs зэрэг амжилтанд хүрсэн инди уран бүтээлчдийг төрүүлсэн хүн юм.

Anna Judge April

Анх 2005 онд байгуулагдсан Сингапурын Anna Judge April хамтлаг альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Тус хамтлаг нь Вел Фюри (дуучин), Эш Бой Вондер (басс гитарчин, дуучин), Рис Кериск (гитарчин, дуучин) болон Азим Осем (бөмбөрчин) гэсэн гишүүдээс бүрддэг. Тэдний уран бүтээлд Foo Fighters, Smashing Pumpkins, New Order зэрэг хамтлагууд их нөлөөлжээ.

Catself

Финландаас гаралтай дуучин, дуу зохиогч энэ бүсгүй анх 2008 онд хөгжмийн карьераа эхлүүлжээ. Тэрээр хөгжим хийх урам зоригоо байгаль, дэлхийгээс авдаг байна. Catself ихэвчлэн ардын (folk) хөгжим хийдэг бөгөөд Финландын алдарт Saint Nicholas Orchestra хамтлагтай хамтран ажиллажээ.

Playtime 2016 наадамд оролцох гадаад хамтлаг, дуучдын нэрс зарлагдлаа (фото 4)

Delehei (Delkhii)

Ар Монголд Дэлхий гэдэг нэртэй мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн хамтлаг байдаг бол Өвөрлөгчдөд мөн ийм нэртэй дуучин бий.  Тэрээр монгол ардын хөгжмийг орчин үеийн дуу хөгжимтэй хослуулж бүтээлээ туурвидаг. Дуучин Дэлхий нь Өвөр Монголын Mongol Band, Хүрд болон Анд хамтлагуудыг үүсгэн байгуулалцжээ. Түүний уран бүтээлээс морин хуур, аман хуур, хөөмэй зэрэг уламжлалт аялгуунуудыг олж сонсож болно. Хэдийгээр язгуур хөгжим дээр суурилсан хамтлаг олон байдаг ч гэлээ түүн шиг ганц хүний хамтлаг ховор болов уу. 

цааш үзэх