Хайх

Тейлор Свифт ба Cardi B нар American Music Awards-аас шагнал хүртлээ

Тейлор Свифт ба Cardi B нар American Music Awards-аас шагнал хүртлээ

Түүнчлэн “Black Panther” киноны дуу ч мөн шагнал авчээ

Text: Бюро 24/7

Өнөөдөр Лос-Анжелес хотын Microsoft театрт 46 дах удаагийн American Music Awards шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж өнгөрлөө.

Энэ жилийн шилдэг уран бүтээлчээр дуучин Тейлор Свифт шалгарчээ. Энэ төрөлд Imagine Dragons хамтлаг, дуучин Эд Ширан, рэппер Post Malone ба Дрейк нар түүнтэй өрсөлдсөн байна. Мөн дуучин бүсгүй "Оны шилдэг поп/рок эмэгтэй дуучин", "Оны шилдэг аялан тоглолт" (тэрээр энэ төрөлд Бейонсе ба Jay-Z нарыг гүйцсэн байгаа), "Reputation" цомгоороо "Оны шилдэг поп/рок цомог" гэсэн номинациудад ялалт байгуулжээ.

Харин "Шилдэг поп/рок уран бүтээлч" төрөлд Post Malone шалгарсан бол "Шилдэг поп/рок дуэт" номинацид Migos хамтлаг тэргүүлсэн байна. Рэппер бүсгүй Cardi B оны шилдэг хип хоп уран бүтээлчээр шалгарсан бөгөөд түүний "Bodak Yellow" нэртэй сингл ч мөн шагнал авчээ. Куба улсаас гаралтай дуучин Камилла Кабельо шилдэг залуу дуучнаар тодорсон бол түүний Young Thug-тай хамтарсан "Havana" дуу "Шилдэг поп/рок бүтээл" болжээ. Түүнчлэн шилдэг киноны дуу номинацид "Black Panther" киноны дуу түрүүлсэн байна.

American Music Awards анх 1973 онд "Грэмми" шагнал гардуулах ёслолтой өрсөлдөх зорилгоор үүсгэн байгуулагдсан байдаг. Шагналын эздийг онлайн санал асуулгаар тодруулдаг бөгөөд хүссэн хүн бүр уг үйл явцад оролцох боломжтой байдгаараа онцлогтой. Нэр дэвшигчдийн жагсаалтыг уран бүтээлчдийн бүтээлийн борлуулалт, видео клипийг үзсэн тоо болон олон нийтийн сүлжээний идэвхтэй байдал зэргийг харгалзан шалгаруулдаг аж.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх