Хайх

Бюрогийн кино шүүмж: Кристофер Ноланы найруулсан “Dunkirk” бүтээл

Заавал үзэх хэрэгтэй юу?

Text: Г.Тэмүүлэн


Бюрогийн кино шүүмж: Кристофер Ноланы найруулсан “Dunkirk” бүтээл
Өнгөрсөн долоо хоногт найруулагч Кристофер Ноланы Дэлхийн II дайны тухай өгүүлэх “Dunkirk” нэртэй шинэ кино Улаанбаатар хотын кино театруудаар нээлтээ хийсэн байгаа. Бюро 24/7 уг бүтээл бусад дайны сэдэвтэй кинонуудаас юугаараа онцлог болсон, кино шүүмжлэгчид яагаад маш өндөр үнэлгээ өгч байгаа мөн заавал үзэх хэрэгтэй эсэхийг тодрууллаа

"Dunkirk" бол найруулагч Кристофер Ноланы бүтээсэн дайны сэдэвтэй анхны кино юм. Энэхүү киног Дэлхийн II дайны үеэр болсон "Дюнкеркийн нүүлгэн шилжүүлэлт" (Дюнкеркийн гайхамшиг ч гэх нь бий) гэх түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн билээ. Үйл явдалд Францын хойд хэсэгт орших Дюнкерк хотын далайн эрэг дээр Их Британи, Франц, Бельгийн 400,000 гаруй цэрэг Нацист Германы армид бүслэгдэж, гарах гарцгүй болсон байдаг. Дайсны урхинд орсон олон мянган цэргүүдэд үхлээ хүлээх эсвэл гайхамшигт найдахаас өөр сонголт үлдэхгүй юм.

Одоогоор "Dunkirk" кино нь Rotten Tomatoes вебсайт дээр 93% үнэлгээ авч, кино шүүмжлэгчид энэхүү киног "Кристофер Ноланы карьерын оргил", "2017 оны хамгийн шилдэг бүтээл" зэргээр нэрлээд байна. Ингээд найруулагч Кристофер Ноланы ээлжит бүтээл юугаараа онцлог болсныг харцгаая.

Бюрогийн кино шүүмж: Кристофер Ноланы найруулсан “Dunkirk” бүтээл (фото 1)

Кинонд гол дүр гэж байхгүй

Холливүүд дайны сэдэвтэй, түүхэн кинонуудыг ихэвчлэн хэт утга уянгын уур амьсгалтай болгож, үйл явдлыг зөвхөн нэг өнцгөөс харуулдгаараа алдартай. Жишээ нь Майкл Бэйн бүтээсэн "Pearl Harbor" эсвэл Стивен Спилбергийн "Saving Private Ryan" кинонуудыг санахад л хангалттай. Харин Кристофер Нолан үзэгчдэд үйл явдлыг илүү бодит, яг л дэргэд нь байгаа мэт мэдрүүлэхийн тулд дайныг агаар, газар, далай гэсэн гурван өнцгөөс харуулсан юм. Мөн энэ кинонд гол дүр гэж байхгүй. Үйл явдлыг агаар, тэнгис болон хуурай газар дээр дайралтанд өртөж байгаа цэргүүдийн зүгээс харуулсан нь киног маш аймшигтай бас гайхалтай урлагийн бүтээл болгон хувиргасан гэж хэлж болно. Харилцан яриа багатай энэхүү кино нь хүн амьд үлдэхийн тулд юу хийж чадах, эх орныхоо төлөө энгийн иргэд хэрхэн тэмцэж болох тухай өгүүлнэ. Мөн "Dunkirk" кино нь дуусан дуусталаа үзэгчдэд түгшүүр мэдрүүлдэг.

Кинонд цус болон нэг ч нацист харагддаггүй

Дэлхийн II дайны тухай кинонд нацистууд гардаггүй гэхээр танд хачирхалтай санагдаж магадгүй л юм. Гэхдээ энэхүү шийдвэр нь Кристофер Ноланы хэр сайн найруулагч вэ гэдгийг дахин нэг удаа харууллаа. Кинонд нацистуудыг харуулахгүй байснаар үзэгчид тодорхой нэг муу талын баатар биш харин дайсны түрэмгийлэл ба айдсыг жинхэнэ утгаар нь мэдэрч чаддаг. Мөн саяхан нээлтээ хийсэн "Hacksaw Ridge" зэрэг бүтээлүүдээс ялгарч байгаа бас нэг онцлог нь "War porn" буюу хэт их цус, хүчирхийлэл, аллага харуулалгүйгээр киноны турш үзэгчдийг айдаст автуулж чадсанаараа өвөрмөц болсон юм.

Бюрогийн кино шүүмж: Кристофер Ноланы найруулсан “Dunkirk” бүтээл (фото 2)

Ханс Циммерын дуу хөгжмийн гайхамшиг

Хөгжмийн зохиолч Ханс Циммер найруулагч Кристофер Нолантай долоо дах удаагаа хамтран ажиллаж байна. Тэрбээр "Dunkirk" киног хөгжмийн зохиолоороо илүү хүчирхэг болгож чадсан юм. Жишээ нь цагны цохилт, усан онгоцны хөдөлгүүрийн чимээ гэх зэрэг дууны эффектүүд нь "Dunkirk" киноны түгшүүртэй уур амьсгалыг төгс илэрхийлж, уг бүтээлийг заавал кино театрт үзэх бас нэгэн шалтгаан нь болж байна.

цааш үзэх