Хайх

Baselworld 2017 үзэсгэлэн дээр танилцуулагдсан шилдэг таван цаг

Эхний өдөр

Baselworld 2017 үзэсгэлэн дээр танилцуулагдсан шилдэг таван цаг
Үнэт эдлэл, цагны салбарын чиг хандлагыг тодорхойлдог Baselworld 2017 яармаг үзэсгэлэн Швейцари улсын Базель хотод 2017 оны гуравдугаар сарын 23-30 хооронд зохион байгуулагдаж байна

Энэ жил Baselworld олон улсын цагны үзэсгэлэн 100 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Базель хотод зохион байгуулагддаг уг үзэсгэлэн дээр цаг, үнэт эдлэлийн салбарын гол "тоглогчид" цугларч онцлох бүтээлүүдээ танилцуулдаг уламжлалтай. Үзэсгэлэнгийн үеэр дэлхийн томоохон брэндүүдийн шинэ бүтээлүүд цаашид цагны сабарын трендийг тодорхойлдог юм. Бид Baselworld 2017 үзэсгэлэнд танилцуулагдсан онцлох бүтээлүүдийн тухай түүвэр хүргэж байна.

Rolex Oyster Perpetual Cosmograph Daytona

Baselworld 2017 үзэсгэлэн дээр танилцуулагдсан шилдэг таван цаг (фото 1)

Өнгөрсөн жил танилцуулагдсан зэвэрдэггүй ганаар хийсэн, керамик ирмэгтэй "Rolex Daytona" загвар нь маш их эрэлттэй байсан тул энэ жил хэд, хэдэн сонголттойгоор дахин гаргажээ. Baselworld 2017 үзэсгэлэн 18 каратын шар, цагаан, ягаан алт гэсэн гурван сонголт танилцуулжээ.

Bulgari Octo Finissimo Automatique

Baselworld 2017 үзэсгэлэн дээр танилцуулагдсан шилдэг таван цаг (фото 2)

Baselworld 2017 үзэсгэлэн дээр "Bulgari Octo Finissimo" гэх дэлхийн хамгийн нимгэн автомат цагийг танилцууллаа. Энэхүү 41 мм диаметртай цаг нь 5,15 мм зузаан ба автомат механизмын зузаан нь ердөө л 2,23 мм. Маш хөнгөн, минимал дизайнтай энэхүү цагийг орчин үеийн загварлаг эрчүүдэд зориулжээ.

Chopard Happy Ocean

Baselworld 2017 үзэсгэлэн дээр танилцуулагдсан шилдэг таван цаг (фото 3)

Chopard брэндийн "Happy Sport" цуглуулгад бас нэгэн шинэ бүтээл нэмэгдэж байна. Дэгжин хэрнээ спорт загвартай энэхүү цаг нь далайн гүн дэх ертөнцөөр аялахад зориулагдсан юм. Хөх, номин ногоон ба хөх, бөөрөлзгөний улаан гэсэн хоёр өнгийн сонголттой. Энэхүү цаг нь 300 м гүнд ус нэвтрэхгүй. Цагны эх биеийг зэвэрдэггүй ганаар бүтээсэн тул шумбах үед бугуйнд маш хөнгөн мэдрэгдэх болно.

Jaquet Droz Loving Butterfly Automaton

Baselworld 2017 үзэсгэлэн дээр танилцуулагдсан шилдэг таван цаг (фото 4)

Baselworld 2017 үзэсгэлэнгийн хүрээнд Jaquet Droz компани жинхэнэ урлагийн бүтээл дэлгэлээ. Анх 2015 онд тус компани "Petite Heure Minute Loving Butterfly" нэртэй цагийг танилцуулсан юм. Цагны нүүрэнд эрвэйхий хөлөглөсөн дугуйт тэргэн дээр сууж буй хүүхдийг дүрсэлсэн байдаг. Энэхүү чамин хэрнээ бага зэрэг этгээд сэдэвтэй цагийг Анри Луи Жаке-Дрозын 1775 онд зурсан хар зургаас санаа авч бүтээжээ. Тэгвэл "Loving Butterfly Automaton" цаг энэхүү бүтээлд амь оруулсан байна. Цагны товчлуур дээр дарахад эрвээхийний далавч дэвэж, тэрэгний дугуй эргэлдэх болно.

Graff Princess Butterfly Secret Watch

Baselworld 2017 үзэсгэлэн дээр танилцуулагдсан шилдэг таван цаг (фото 5)

Graff брэндийн үнэт чулуугаар хийсэн эрвээхий хэлбэртэй энэхүү цаг нь индранил, очир эрдэнэ, бадмаараг ба очир эрдэнэ, индранил хосолсон дөрвөн төрлийн далавчны сонголттой гарчээ. Харин эх биеийг цагаан алт, очир эрдэнээр урласан байна.

Г.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх