Хайх

Mongolia
Mongolia

Бюро 24/7 тойм: Christian Dior Haute Couture, хавар-зун 2018

Хүчирхэг эмэгтэйн сюрреал ертөнц

Парисын Musée Rodin музейн цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн аварга том асар дотор шаа даавуугаар ороогдсон хана, хар-цагаан өнгийн шатрын хөлөг мэт шал, толин таазнаас дүүжлэгдсэн нүсэр том уран барималууд, шувууны тор зэрэг байршсан нь Christian Dior ордны бүтээлч захирал Мария Грация Кьюригийн сюрреал зүүдийг илтгэнэ. Хавар-зун 2018 улирлын кутюр цуглуулга дээр ажиллахдаа дизайнер сюрреалист зураач Леонор Финигийн уран бүтээлээс санаа авч, үүний зэрэгцээ өмнөх цуглуулгууддаа шингээсэн феминизмийн сэдвийг орхигдуулалгүй нэгтгэн оруулжээ.

Леонор Фини өөрийн уран бүтээлдээ эмэгтэй хүний өвөрмөц байдал, зан чанарыг хувцас болон толгойн өмсгөлийн тусламжтайгаар тодотгодог байсан. Яг л энэ аргачлал нь Мария Грация Кьюригийн анхаарлыг хамгийн ихээр татжээ. "Тэр хүчирхэг, сүр жавхлантай дүр төрхүүд бүтээдэг байсан. Сюрреализмаар зүүд ба далд ухамсрыг илэрхийлдэг. Мөн заримдаа эмэгтэй хүний бие, галбирын талаар өгүүлдэг. Энэ нь загвартай тун ойрхон зүйл юм" хэмээн Кьюри шинэ цуглуулгынхаа талаар ярьжээ.

Бюро 24/7 тойм: Christian Dior Haute Couture, хавар-зун 2018 (фото 1)

Цуглуулгын хувьд дийлэнх загварууд нь хар-цагаан өнгөтэй байсныг Кьюри "далд ухамсрын өнгөнүүд" хэмээн тайлбарласан байна. Үүнээс гадна Christian Dior-ийн энэхүү кутюр цуглуулгад зориулж бие даасан уран бүтээлч Стефен Жонс америкийн алдарт уран зураг цуглуулагч Пегги Гуггенхаймаас сэдэвлэсэн нүдний маскууд бүтээсэн нь хувцаснуудыг бүр ч илүү сүр жавхлантай болгожээ. Нэвт гэрэлтэх гоёмсог торон даашинзууд, хуурмаг үзэгдэл бий болгох хуниастай даашинзууд болон ретро уур амьсгалтай бөмбөлгөн хээтэй загварууд нь сүрлэг урт нөмрөгтэй tuxedo хослолуудтай зэрэгцэж, сонгодог хэв маягтай кутюр гэж юу болохыг харууллаа.

Харин шувууны тор мэт харагдах урт даашинзууд нь 1930-аад оны үед дэлгэрч байсан "торон доторх шувуу" гэх сюрреал зүйрлэлийг илтгэж, феминизмийн сэдвийг хөндсөн байж болзошгүй юм. Ерөнхийдөө хүйсийн эрх тэгш байдлын төлөөх тэмцэл оргил цэгтээ хүрээд буй энэ үед феминизмийн сэдвээр эргэцүүлэх дуртай Кьюригийн загварууд Christian Dior ордны борлуулалтад эерэгээр нөлөөлж байгаа гэж мэргэжилтнүүд үздэг. Ийм ч учраас хүчирхэг эмэгтэйн дүр төрхийг тодорхойлсон загварууд цаашид ч брэндийн шинэ цуглуулгуудад үзэгдсээр байх биз ээ.

 

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх