Хайх

Миланы загварын долоо хоног: Dolce & Gabbana, хавар-зун 2017

Миланы загварын долоо хоног: Dolce & Gabbana, хавар-зун 2017

Италийн халуухан өдрүүд

Text: Buro.Mongolia


Зураг:

Хуучинсаг, уйтгартай хэв маягаас чөлөөлөгдөж чадсан Dolce & Gabbana-гийн загварын шоу дахин нэг удаа олныг гайхшрууллаа

Өчигдөр зохион байгуулагдсан Dolce & Gabbana-гийн хаврын шоунаас бид орчин үеийн загварын тайзны систем хэрхэн өөрчлөгдөж байгааг олж харлаа. Дижитал технологи хүчээ авах болсон өнөө үед дизайнерууд аль болох хуучинсаг хэв маягаас татгалзаж, шинэ мянганы залуучуудыг зорьсон, шинэлэг концепц танилцуулах боллоо. Олон нийтийн сүлжээг идэвхтэй ашиглах дуртай, залуу үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг, шооч зантай Стефано Габбана (түүний дотуур хувцастайгаа дасгал хийж буй бичлэгийг сонирхоод үзээрэй) болон Өмнөд Италийн өв залгамжлалыг үргэлжлүүлж яваа, чадварлаг тэйлор Доменико Дольче нар энэхүү өөрчлөлтийг хамгийн эхэнд мэдэрсэн дизайнеруудын нэг юм. Тэд загварын шоугаа цахим сүлжээгээр шууд дамжуулж, эхний эгнээндээ олон мянган дагагчтай блогеруудыг суулгаж, мөн хүрэлцэн ирсэн зочдод гэнэтийн бэлэг барих дуртай байдаг. Тэд мөн тансаг чимэглэлтэй, хээ хатгамлаар баялаг аяллын сэдвийг загварын салбарт хамгийн анх дэлгэрүүлж чадсан бөгөөд одоо хүртэл энэ сэдвээ шинэ цуглуулгууддаа шингээсээр л байна.

Энэ удаагийн хаврын шоуны эхний эгнээг "It" модель Лаки Блю Смит болон түүний эгч нар болох Люка Саббат, Камерон Даллас нар эзэлж, шинэ цуглуулгын деталь бүрийг олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулж байлаа. Загварын тайз дээр түүнчлэн Италийн Наполи хотоос хүрэлцэн ирсэн гудамжны бүжигчид гарч ирж, шоуны уур амьсгалыг эрч хүчээр дүүргэлээ.

Харин цуглуулгын хувьд гэвэл загвар бүр Dolce & Gabbana ордны Итали маягийн үнэ цэнийг илтгэж байв. Паста, далайн гаралтай бүтээгдэхүүн, желато зайрмаг гэх зэрэг Италийн бэлгэ тэмдэг болсон эд зүйлс цуглуулгын хувцаснууд дээр хээ болон бууж, гялалзсан ширхэгтэй хатгамлууд зөвхөн хувцас гэлтгүй, мөн аксесуаруудыг чимж байлаа. Цэргийн өнгө аястай хүрэм, "Алиса гайхамшгийн оронд" бүтээлийг санагдуулам дэрвэгэр даашинз болон жимс ба цэцгэн хээтэй хослолоос бүрдсэн Dolce & Gabbana-гийн цуглуулга зочдын нүдийг баясгаж, уйдах зав гаргасангүй.

цааш үзэх