Хайх

Нью-Йоркийн загварын долоо хоногийн хаалтын өдөр: Ralph Lauren ба Coach 1941

Bugatti, Bentley ба Ferrari автомашинууд дунд зохион байгуулагдсан Ralph Lauren болон ковбой хэв маяг давамгайлсан Coach 1941

Нью-Йоркийн загварын долоо хоногийн хаалтын өдөр: Ralph Lauren ба Coach 1941

Ralph Lauren

Ральф Лорен намар-өвөл 2017 цуглуулгынхаа загварын шоуг тун сонирхолтой газар зохион байгууллаа. Эртний бөгөөд ховор автомашин цуглуулах дуртай тэрээр зочдыг хувийн гараждаа урин авчирж, загвар өмсөгчдийг Bugatti, Bentley ба Ferrari автомашинууд дундуур алхууллаа. Дотроо нийт 300 сая доллараар үнэлэгдэх 70 гаруй автомашин агуулсан аварга том орон зайг Ральф загварын шоунд тохируулан засварлаж, моделиудын алхах тайзыг бэлдэж өгсөн байлаа.

Хүмүүс Ральф Лореноос ямар нэгэн шинэлэг зүйл хүлээдэггүй. Тэр бол Америк маягийн сонгодог стилиэр мэргэшсэн, энэ төрөлдөө 50 гаруй жилийн хугацаанд маш амжилттай ажиллаж байгаа, хамгийн хүндэт дизайнеруудын нэг юм. Намар-өвлийн цуглуулгад тэрээр өөрийн хамгаас дуртай тейлоринг аргачлалыг онцолж, дөрвөлжин хээтэй гурван хэсгээс бүрдэх хослол, давхар энгэртэй пальто, захтай цамц ба комбинзон урласан байлаа. Дизайнер мөн энэ улиралд бас нэгэн гэнэтийн сэдэв хөндсөн нь автомашины уралдаан байсан юм. Гэхдээ бага зэрэг эршүүд аястай энэхүү сэдвийг Ральф зөөллөж, савхин материалтай даашинз дээрх неон өнгийн оруулга байдлаар илэрхийлжээ



Coach 1941


Шинэ цуглуулгад Coach 1941 брэндийн бүтээлч захирал Стюарт Веверс мэргэжил нэгт Раф Симонсын адил АНУ-аас санаа авч, ковбой хэв маягийн хувцаснууд бүтээлээ. Дизайнер мөн Америкийн алдарт зураач ба барималч Кит Харингын алдарт абстракт хээ, дүрснүүдийг загварууддаа шингээж, бүхэлдээ тод өнгийн шийдэлтэй, гялалзсан чимэглэлтэй цуглуулга танилцууллаа.

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх