Хайх

Парисын загварын долоо хоногийн дүгнэлт: Гол загварын шоунууд ба чиг хандлагууд

Парисын загварын долоо хоногийн талаар таны мэдэх хэрэгтэй үндсэн мэдээллүүд

Үндсэн 5 загварын шоу

Jacquemus

Парисын загварын долоо хоногийн дүгнэлт:  Гол загварын шоунууд ба чиг хандлагууд (фото 1)

Залуу дизайнер Симон Порт Жакмюс анх өөрийн ээж Валерид зориулан Jacquemus брэндийг үүсгэн байгуулж байсан бөгөөд хавар-зуны цуглуулгаа ч бас түүний нэрэмжит болголоо. Үүнээс гадна цуглуулгад бас нэгэн сэдэв ажиглагдаж байсан нь Симоны төрөлх нутаг болох Францын өмнөд хэсэг юм. Далд байдлаар тачаангуй хэв маяг цацруулсан, хагас гэрэлтсэн материалтай зуны даашинзууд, бага зэрэг замбараагүй эсгүүртэй цагаан цамцнууд, том бөөрөнхий хээтэй юбка ба аксесуарууд бүхэлдээ дизайнерын амьдралын түүхийг агуулж байлаа.

Saint Laurent

Парисын загварын долоо хоногийн дүгнэлт:  Гол загварын шоунууд ба чиг хандлагууд (фото 2)

Энтони Ваккарелло Saint Laurent брэндийн гайхамшигт загварын шоуг Трокадеро талбай дээр, шөнийн гэрэлд асаж буй Эйфелийн цамхгийн фон дээр зохион байгууллаа. Загварын шоуны байршил уулга алдам үзэсгэлэнтэй байсан ч, үзэгчдийг хамгийн ихээр гайхшруулсан зүйл нь үнэндээ шинэ загварууд байсан юм. Дизайнер Saint Laurent брэндийн үүсгэн байгуулагч Ив Сен-Лораныг дурсаж, цуглуулгадаа архивын алдарт загваруудаас нэлээдгүй ихийг оруулжээ. 1970-аад онд шуугиан тарьж байсан намирсан урт хүрэм, 1980-аад оны Rive Gauche цуглуулгын атлас материалтай романтик цамцнууд, 1987 оны haute couture цуглуулгад багтсан тэмээн хяруулын өдтэй даашинзууд зэрэг нь Saint Laurent ордны тачаангуй, эрх чөлөөтэй, дэгжин стилийг дахин нэг удаа сэргээж өглөө.

Off-White

Парисын загварын долоо хоногийн дүгнэлт:  Гол загварын шоунууд ба чиг хандлагууд (фото 3)

Off-White брэндийн хавар-зуны цуглуулга Диана гүнж ба түүний домогт стильд зориулагджээ. 1980-аад оны цэцгэн эсвэл судалтай хээтэй, өндөр захтай цамцнууд, урт бээлийнүүд, V энгэртэй бөмбөгөр ханцуйтай хүрэмнүүд, винтэж загварын жийнсэн өмднүүд зэрэг нь Sloane Rangers үеийн Дианаг төгс илэрхийлж байлаа. Загварын шоуг тэгш бус хэмтэй хослол ба латекс материалтай леггинс өмссөн Наоми Кэмпбелл хаалаа.

Céline

Парисын загварын долоо хоногийн дүгнэлт:  Гол загварын шоунууд ба чиг хандлагууд (фото 4)

Шинэ мянганыханд таалагдаж, тренд хөөдөг бусад дизайнеруудын фон дээр Фиби Файло тун гайхамшигтайгаар ялгардаг. Дизайнер жилээс жилд үргэлж өөгүй цэмцгэр, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой, орчин үеийн хүчирхэг эмэгтэйг чиглэсэн цуглуулгууд танилцуулж байгаа. Энэ улиралд ч бас тэрээр бидний урмыг хугалсангүй. Файло энэ удаад эрэгтэй хувцасны эсгүүрийг онцолж, сонгодог цув ба пальтоны загварууд дээр сонирхолтой туршилт хийсэн харагдлаа.

Louis Vuitton

Парисын загварын долоо хоногийн дүгнэлт:  Гол загварын шоунууд ба чиг хандлагууд (фото 5)

Николя Гескьер Парисын загварын долоо хоногийг хааж, Луврын музей дотор загварын шоугаа зохион байгууллаа. Хүрээлж буй орчны түүхэн агуулга орчин үеийн хувцас загвартай нэгдэн ууссанаар цуглуулгад өнгөрсөн, одоо ба ирээдүйн сэдэв хөндөгдсөн байлаа. Хээ хатгамлаар баялаг урт хүрэм болон дэрвэгэр хормойтой даашинзаар гангарах дуртай эртний хааны удам угсааг төлөөлөх Лувр гэх энэ гайхамшигт газар нь Николя Гескьерийн бүтээлч санааны эх үүсвэр болж өгчээ.

Үндсэн 5 чиг хандлага

Хар-цагаан өнгө

Парисын загварын долоо хоногийн дүгнэлт:  Гол загварын шоунууд ба чиг хандлагууд (фото 6)

Ирэх улиралд бүхий л томоохон брэндүүд хар-цагаан өнгийн хувцас санал болгож, уг өнгөнүүдийг хослуулсан төрөл бүрийн хээнүүдийг онцлох болно. Jacquemus ба Off-White хар өнгийн бөөрөнхий хээтэй цагаан цамц танилцуулсан бол, Christian Dior шатрын хээ ашиглаж, харин Givenchy хар-цагаан цэцгэн хээтэй хувцаснууд шинэ цуглуулгадаа орууллаа.

Гялалзуур чимэглэл

Парисын загварын долоо хоногийн дүгнэлт:  Гол загварын шоунууд ба чиг хандлагууд (фото 7)

Гялалзуур чимэглэлийн тренд энэ улирлаас дараагийнх руу шилжин орж, дахин нэг удаа загварын салбарт ноёрхох болно. Үүнийг бүхэлдээ мөнгөлөг гялалзуур чимэглэлээр бүрхэгдсэн Valentino-гийн урт даашинз, Saint Laurent-ы гялтганасан хар даашинз ба комбинзон, мөн Paco Rabanne брэндийн саатай брюк өмд батална.

Цацаг

Парисын загварын долоо хоногийн дүгнэлт:  Гол загварын шоунууд ба чиг хандлагууд (фото 8)

Богемийн хэв маягтай цацагтай деталь нь бараг хэзээ ч моодноос гардаггүй гэж хэлж болох ч, ирэх улиралд энэ чиг хандлага нь бага зэрэг өөрчлөгдөх болно. Тодруулбал 2018 оны хавар-зуны улиралд дизайнерууд загваруудаа илүү урт бөгөөд сүрлэг цацгаар чимэглэх хандлагатай байна. Nina Ricci, Paco Rabanne ба Balmain брэндүүд урт цацагнуудаас бүтсэн юбка гаргасан бол, Acne Studios цацагтай өмд, харин Chanel хүрэм санал болгосон байгаа.

Тэгш бус хэм

Парисын загварын долоо хоногийн дүгнэлт:  Гол загварын шоунууд ба чиг хандлагууд (фото 9)

Эсгүүрийн хувьд ярихад ирэх улирлын хамгийн загварлаг шийдлээр тэгш бус хэм тодрох болно. Rick Owens ба Yohji Yamamoto брэндүүд барилгын архитектурыг санагдуулам тэгш бус хэмтэй даашинз танилцуулсан бол, Givenchy, Giambattista Valli ба Stella McCartney брэндүүд хувцаснуудынхаа мөрийг тэгш бус хэмтэй болгосон байлаа.

Эрэгтэй эсгүүр

Парисын загварын долоо хоногийн дүгнэлт:  Гол загварын шоунууд ба чиг хандлагууд (фото 10)

Бэлхүүс тодотгосон пиджакуудын оронд эрэгтэй эсгүүртэй, өргөн мөртэй хувцаснууд моодонд орж байна. Энэ чиг хандлага нь юуны түрүүнд гадуур хувцсанд хамааралтай юм. Céline ба Dries Van Noten брэндүүд дөрвөлжин хээтэй эрэгтэй загварын пальто онцолсон бол, Stella McCartney эрэгтэй ажилчдын дүрэмт хувцсыг санагдуулам том комбинзон, харин Balenciaga эрэгтэй хүний хувцасны шүүгээнээс гаргаж ирсэн мэт өмд ба цамц танилцууллаа.

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх