Хайх

Mongolia
Mongolia

Парисын эрэгтэй загварын долоо хоног: Louis Vuitton, намар-өвөл 2018

Ким Жонсын сүүлийн, төгс цуглуулга

Хэдхэн цагийн өмнө Парисын эрэгтэй загварын долоо хоногийн үеэр Louis Vuitton брэндийн эрэгтэй хувцасны бүтээлч захирал Ким Жонс брэндэд зориулсан сүүлийн цуглуулгаа дэлгэлээ. Тэрээр загварын шоу болохоос хоёр хоногийн өмнө албан тушаалаа орхих болсноо мэдэгдсэн юм. Шинэ цуглуулгад Жонс загварын ордны бүтээлч захирлаар ажилласан долоон жилийнхээ амжилтыг бататгаж, Louis Vuitton брэндийн түүхэн дэх хамгийн үр дүнтэй, амжилттай эрэгтэй хувцасны дизайнер болохоо дахин нэг удаа санууллаа.

Дизайнер долоон жилийн өмнө брэндэд хүрэлцэн ирсэн даруйдаа, анхны цуглуулгаасаа эхлэн Францын түүхэн загварын ордонд гудамжны, тэрсүүд аясыг шингээж чадсан. Тэрээр цуглуулга бүрээ энэ үзэл бодлын дагуу урласан бөгөөд сүүлийн цуглуулгадаа сонгодог ба гудамжны хэв маягуудыг бүр ч гайхамшигтайгаар хооронд нь нэгтгэж, төгс гэдэг үгэнд тун ч ойртжээ. Зөөлөн эсгүүртэй хослолууд, сонгодог загварын борооны цувнууд ба пальтонууд энэхүү цуглуулгад гудамжны сахилгагүй амин сүнс нэвтрүүлж, Жонсын шинийг эрэлхийлсэн, туршилт хийх дуртай мөн чанарын тусгал болж өгсөн байлаа. Цуглуулгын онцлох загварууд далайн гаралтай хээ болон Японы уламжлалт сийлбэрийг санагдуулам өвөрмөц зурагтай материалаар хийгдсэн бол, бусад загварууд мөнгөлөг туяатай савхин материалаас бүтсэн байв. Мөн мэдээж хэрэг Жонс LV логог шинэлэг байдлаар ашиглах бас нэгэн сонирхолтой арга олж, бүхэлдээ логогоор бүрхэгдсэн эрэгтэй леггинс болон гялгар цув танилцуулаад авлаа.

Үзэгчдийн зүгээс дуусашгүй их алга ташилт хүртсэн гайхамшигтай загваруудаас гадна энэхүү шоуны төгсгөлд дизайнерын дотны найзууд, домогт моделиуд Наоми Кэмпбелл ба Кейт Мосс нар алхан гарч ирсэн нь цуглуулгын эргэн тойрон дахь шуугианыг бүр ч илүү дэгдээсэн юм.

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх