Хайх

Парисын загварын долоо хоног: Louis Vuitton, хавар-зун 2017

Парисын загварын долоо хоног: Louis Vuitton, хавар-зун 2017

Франц бүсгүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Николя Жескьер шинэ улиралд туршилт хийхээр шийдэж, 1980-аад оны футуристик-диско уур амьсгалтай дэгжин загварууд танилцууллаа

Өчигдрийн Louis Vuitton-ы загварын шоу Парисын Вандомын талбай дээрх брэндийн ирээдүйн төв байр болох газар зохион байгуулагдлаа. Ирэх жил нээлтээ хийхээр төлөвлөөд буй уг дэлгүүр нь алдарт талбай ба Rue Saint-Honoré гудамжны голд оршиж байгаа тул энэ нь Францын мөн чанарыг өөртөө хамгийн ихээр шингээсэн, шилдэг байршил юм. Ирээдүйн бутикийн хоёрдугаар давхарт зохиогдсон загварын шоу ч бас бүхэлдээ франц уур амьсгалд автсан байлаа. Louis Vuitton-ы цар хүрээ дэлхийн хэмжээнд тархсан ч, сэтгэл зүрх нь Парис хотдоо үнэнч хэвээрээ юм.

Шинэ цуглуулга брэндийн урьд өмнөх цуглуулгуудаас тэс ондоо чиглэлтэй болсон байлаа. Хувцаснуудын цоорхойтой хайчилбарууд өмнөх намар-өвөл 2016 улирлын загваруудыг бага зэрэг санагдуулж байсан ч бусдаараа цуглуулга илүү дэгжин хэв маягтай болжээ. Тайзан дээгүүр алхсан загвар өмсөгчид яг л "халуухан хөрөнгөтнүүд" шиг харагдаж байлаа. "Би Louis Vuitton-ы чамин тансаг, ганган талыг хараахан олж нээгээгүй байгаагаа саяхан ойлгосон" хэмээн Николя Жескьер шоуны дараа хэлсэн юм.

Дизайнерын хэлсэн чамин тансаг байдал юуны түрүүнд төгс эсгүүртэй хослолуудаар илэрлээ. Гэхдээ Жескьерийн санал болгох хослолууд оффист зориулагдсангүй. Мөр хэсэгтээ цоорхойтой, богино нөмрөгтэй, нуруу ил гаргах пиджакууд биед эвтэйхэн хувцас өмсөхийг эрмэлздэг атлаа мөн туршилт хийхээс эмээдэггүй бүсгүйчүүдийг чиглэсэн байлаа. Жескьерийг загварын ордноос гарч болзошгүй гэх цуурхал саяхан тархсан ч харин дизайнер өөрийн суудалдаа улам тухалж, загварын ордонг илүү этгээд бас зоригтой зүг руу дагуулж байна. Ташаа ба бэлхүүс хэсэгтээ цоорхойтой, тэгш бус хэмтэй хормойнууд болон цуглуулгын төгсгөлд үзэгдсэн 1980-аад оны гялалзсан чимэглэлүүдтэй, нэвт гэрэлтэх даашинзууд түүний шинэлэг зүйлд дуртай мөн чанарыг илтгэлээ.

Гол төлөөлөх загваруудаас гадна цуглуулгад мөн хөвөн даавуугаар хийгдсэн цамц, бариу загвартай торон өмд ба график дүрстэй футболка гэх зэрэг залуу бүсгүйчүүдийн сонголт болох, өдөр тутмын хувцаснууд багтсан байлаа. Жижиг деталь бүрийг анхаарч, өндөр түвшинд гүйцэтгэдэг Жескьер түүнчлэн брэндийн Petite Malle цүнхний хэлбэртэй ухаалаг утасны гэр танилцуулаад авлаа. Гар утаснаасаа салж чаддаггүй шинэ мянганы бүсгүйчүүдийн хувьд энэхүү гэр нь аль хэдийнэ мөрөөдлийн зүйл болон хувираад байна.

цааш үзэх