Хайх

PFW: Balenciaga, хавар-зун 2016

PFW: Balenciaga, хавар-зун 2016

Ёжтой үдэлт

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Александр Ванг бүтээлч захирлын суудлынхаа сүүлийн цуглуулгыг дэлхийд дэлгэх үе ирэхэд тэр брэндийн хэв маягт нийцэх гэж хичээхээ больж, өөрийгөө чөлөөллөө

Balenciaga-д зориулсан анхны цуглуулгаасаа авахуулаад л Александр Ванг загварын шүүмжлэгчидтэй таарамжгүй харилцаатай болсон. Тэр юу ч хийж байсан, түүнийг шүүмжлэх хэн нэгэн заавал олддог байлаа. Тэгсэн хэдий ч Вангийг ирснээс хойш брэндийн борлуулалт мэдэгдэхүйц нэмэгдсэн. Харин хувцаснуудын хувьд гэвэл Николь Жескьерийн үеийнх шиг зохиомж ба уран сайхны онцлог ихтэй биш ч гэсэн илүү үйлчлүүлэгчдэд ойлгомжтой, бодит амьдрал дээр өмсөх боломжтой болсон билээ. Магадгүй Александр Ванг сэтгэлдээ энэ бүх шүүмжлэлээс залхсаар ирсэн байх. Тийм ч учраас тэр бүтээлч захирлын суудлаа орхих болсноо мэдээд өөрийгөө чөлөөлж, юугаар ч хязгаарлахгүй байхаар шийдсэн. Сүүлийн цуглуулгадаа дизайнер Balenciaga брэндийн хэв маягийг ор тас мартаж, дотуур хувцасны стиль дээр туршилт хийлээ. Тиймээс тайз дээр хослол даашинз, пижам загварын өмд, халаат болон шаахай гэх бүхэлдээ цагаан өнгийн загварууд гарлаа.

Энэ бүгд Balenciaga-тай ямар нэгэн байдлаар хамааралтай юу? Мэдээж ямар ч хамааралгүй. Түүгээр ч барахгүй бүүр Кристобаль Баленсиагагийн хэв маягаас
чанх эсрэг гэж хэлж болно. Сүүлийн цуглуулгадаа Александр Ванг тэр дутагдаад байсан эр зориг болон өөртөө итгэлтэй чанараа нээсэн мэт санагдана. Шинэ ажлын байр дээрээ өөртөө ойр зүйлээ хийж, загварын ордны түүх рүү хэтэрхий гүнзгий орохгүйгээр өөрийн үзэгчдээ брэнд рүү татах тэр л зүйлийг Ванг сүүлд ойлгов уу гэх сэтгэгдэл төрлөө. Түүний энэ удаагийн цуглуулгад орсон хагас гэрэлтэх спорт хослолууд, хөхний даруулга загварын топ, хослол даашинз, рэпперийн гэмээр өмд мөн атласан комбинзон зэрэг нь Alexander Wang-тай тун төстэй болжээ. Энэ нь түүний сүүлийн бөгөөд шилдэг цуглуулга байж чадлаа.

цааш үзэх