Хайх

PFW: Chanel, хавар-зун 2016

PFW: Chanel, хавар-зун 2016

Тэнгэр лүү тэмүүлцгээе

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Бидний таамаглаж байсны дагуу Chanel шинэ улирлын шоундаа зориулж Grand Palais ордныг дахин нэг удаа хувиргаж, нисэх буудал болгон заслаа. Энэ нь Instagram хэрэглэгчдийн хувьд төгс орчин биш гэж үү

Карл Лагерфельдийн уран сэтгэмж болон чадварт хязгаар үгүй бололтой. Энэ удаад Grand Palais-т супермаркет, казино эсвэл Францын ямар нэгэн өргөн чөлөө биш харин аварга том, гэгээлэг нисэх буудал бослоо. Chanel Airlines-аар нисэх боломж амьдралд ганц удаа л тохиох тул ирсэн бүх зочид энэхүү гайхамшигт тайзны засал чимэглэлийн дэргэд зургаа даруулах гэж яарлаа. Зураг авахуулах хамгийн алдартай газраар мэдээж хэрэг бүртгэлийн хэсэг тодорч, "Chanel Airlines-ийн нислэгт бүртгэгдлээ!" гэх бичигтэй зургууд олон нийтийн сүлжээгээр тархлаа. Ирсэн зочид дэлхийн бүх нисэх буудалд байдаг төмөр сандал дээр тухлан сууж шоугаа үзлээ.

Chanel-ын шоу дээр ихэвчлэн тайз гэж нэрлэхүйц зам байдаггүй тул загвар өмсөгчид энд тэндээс яг л гарцаа хайж буй зорчигчид шиг гарч ирлээ. Тэд гар хоосон биш харин шинэ улирлын гол цүнхээр тодроод байгаа дугуйтай жижиг чемодануудтай аялж байгаа харагдлаа.

PFW: Chanel, хавар-зун 2016 (фото 1)

Цуглуулгын хувьд гэвэл энэ удаад ч мөн адил тун амжилттай (зарим хэсэгтээ солиотой гэмээр) болжээ. Лагерфельдийн загварууд нисэхийн ажилтны хувцсыг огтхон ч санагдуулсангүй. Зөвхөн Air France-ын бэлэг тэмдэг болсон улаан, цэнхэр бас цагаан гэх гурван гол өнгө бүхий олон төрлийн хээтэй загварууд тайзнаа ховорхон харагдлаа. Өргөн багстай бийрээр хайхрамжгүй зурсан мэт сонгодог дөрвөлжин хээнүүдээс авахуулаад маш цэвэрхэн жижиг онгоцнууд хүртэл бүхий л аргачлалууд хувцсыг маш зугаатай бөгөөд үзэсгэлэнтэй болгосон байлаа.

Түүнээс гадна Chanel-ын цуглуулгад маш олон төрлийн материал, өнгө, дүрстэй загварууд багтжээ. Тодруулбал 1990-ээд оны рэпперүүдийг санагдуулах том хэмжээтэй хувцаснууд, шидтэний ягаан гялалзсан даашинзууд, мөн тайлбарлахад хэцүү олон давхаргатай тодорхой дүрсгүй загварууд харагдлаа. Мөн брэндийн алдарт твид материалтай хослолууд цуглуулгыг чимжээ. Зөвхөн энэ удаад Chanel урлангийн мэргэжилтнүүд жинхэнэ твид материал биш харин нягт хатгамал ба нэхээснүүдээр дүүрсэн даавуу ашиглалаа.

PFW: Chanel, хавар-зун 2016 (фото 2)

PFW: Chanel, хавар-зун 2016 (фото 3)

Харин шоуны төгсгөл зочдын сэтгэлийг хөдөлгөөд авлаа. Карл нислэгээсээ газардаад gate №5-аас гарч ирэхэд түүнийг Кара Делевинь болон дизайнерын жижигхэн, өхөөрдөм загалмайлсан хүү нь болох Хадсон Кроэниг нар угтан авлаа. Тэгээд энэхүү гурван хүнээс бүрдсэн жижиг гэр бүл гар гараасаа хөтлөн үзэгчид рүү алхлаа. Үнэхээр жинхэнэ сэтгэл мэдрэгдэж байлаа шүү.

цааш үзэх