Энэтхэгийн Vogue сэтгүүл дээр гарсан Кендалл Женнерийн зураг эсэргүүцэлтэй тулгарлаа
Кендалл Женнерийн ээлжит шуугиан
Загвар өмсөгч Кендалл Женнер сүүлийн үед нэг ч өдрийг тайван өнгөрөөж чадахгүй байгаа бололтой. Саяхан Pepsi брэндийн сурталчилгаанд тоглосноор томоохон маргааны гол дүр болсон тэрбээр ээлжит эсэргүүцэлтэй тулгарлаа.
Энэтхэгийн Vogue сэтгүүлийн арван жилийн ойн баярыг тохиолдуулан ерөнхий редактор Прия Танна орчин үеийн загварын салбарын хүчирхэг хоёр хүнийг урин авчирч, зураг авалт зохион байгуулжээ. Алдарт зурагчин Марио Тестино ба загвар өмсөгч Кендалл Женнер нар хүчээ нэгтгэснээр сэтгүүлийн нүүр дээр гарах зургийг бүтээсэн байна. Тод өнгийн гайхамшигтай архитектурын фон дээр зогссон Кендалл нэгэн жигд өнгийн хувцаслалт бүрдүүлж, Instagram ба Pinterest-ийн стандартад нийцэхүйц үзэсгэлэнтэй зургууд даруулжээ.
Гэхдээ бүх зүйл тийм ч хялбар байсангүй. Сэтгүүл хэвлэгдэж, худалдаанд гарснаас хойш Кендалл Женнер ба Vogue India сэтгүүлийг чиглэсэн цахим сүлжээ дахь эсэргүүцэл улам бүр хүчээ авч байна. Тодруулбал олон нийтийн сүлжээний хэрэглэгчид сэтгүүлийг ийм чухал ач холбогдолтой ойн баярын дугаартаа Энэтхэг загвар өмсөгчийн зургийг гаргаагүйд дургүйцжээ. Энэ дашрамд дурдахад загвар өмсөгч Жижи Хадид саяхан Арабын Vogue сэтгүүлийн нүүр дэр гарснаар ижил төрлийн нөхцөл байдалд орж байсан юм.