Хайх

2015 оны загварын ертөнцийн тойм: Шинэ эмэгтэйлэг хэв маяг, хүйсийн хоёрдмол хандлага болон стилистүүдийн ялалт

2015 оны загварын ертөнцийн тойм: Шинэ эмэгтэйлэг хэв маяг, хүйсийн хоёрдмол хандлага болон стилистүүдийн ялалт

Загварт гарсан гол үзэгдлүүд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Тоймч Елена Стафьева энэ жил загварын ертөнцөд болсон хамгийн гол үйл явдлуудыг тоймлон бичиж, учир холбогдлыг нь нарийн шинжлэн бичжээ

Энэ он их зугаатай болж өнгөрлөө. Олон дурсамжит үйл явдал боллоо. Өмнөх 2014 оны гол мэдээгээр Maison Martin Margiela-гийн бүтээлч захирлаар Жон Гальяно тодорсон тухай байсан бол энэ онд Гальяног хэн ч дурссангүй. Харин Maison Martin Margiela брэнд гэнэт идэвхижиж эхэлсэн. Гэхдээ Жон Гальяногийн хэв маягаар биш , харин 1990-ээд оны Мартин Маржелийн алтан үе брэндийн загваруудад үзэгдэх болсон. Түүнчлэн 2014 оны гол үгээр тодроод байсан "normcore" гэх ( маш энгийн ба даруухан унисекс хувцаслалт) үгийг бүгд мартжээ. Жилийн өмнө Chanel ба Dior-ын кутюр шоу дээрх пүүз өмссөн моделиуд хүмүүсийг гайхшруулж байсан бол, өнөөдөр тэрхүү үзэгдлийг харсан үзэгчид зөвхөн "who cares?" л гэж хэлэх байх. Ерөнхийдөө энэ жил бүх зүйл урьдынх шиг ээ байхаа больж, загварын салбарт томоохон өөрчлөлтүүд орлоо.

Дизайнерууд vs. стилистүүд. Загварын ертөнц дизайнерууд ба стилистүүд гэх хоёр бүлэг хүмүүст хуваагдаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар стилистүүдийн загвар түрүүлж байна. Эди Слиман ба Алессандро Микеле гэх хоёр гол баатар орчин үеийн стилистүүдийн загварын төлөөлөл болсон. Гэхдээ энэхүү сэдэв дээр гол дүрийн баатрууд гэхээсээ илүү чиг хандлагын талаар яривал илүү зохистой байх. Томоохон брэндүүд өнөөдөр бүхнийг хийж чадах, олон төрлийн авьяастай хүн хайх болсон. Тодруулбал винтэж хэв маяг, спорт, дүрэмт хувцас, залуучуудын соёл гэх зэрэг бүх зүйлийг нэг дор хольж, хослуулж мөн тэр бүгдийгээ "тод, загварлаг, залуулаг" харагдуулж чаддаг дизайнеруудыг эрэлхийлж байгаа. Энэхүү шинэхэн төрлийн бүтээлч захирлуудын ажил үүрэг нь DJ-гийн микс мэт санагдана. Гэвч энэ нь нэг хэвийн, давтагдсан загварууд гарахад нөлөөлж байна. Стилистүүд бүх зүйлийг чадварлаг байдлаар нэгтгэж, сайхан үзүүлэн бэлдэж чадах ч тэд шинэ эсгүүр, шинэ пропорц, шинэ дүрснүүд сэдэж чадахгүй байна. Энэ нь илүү дизайнеруудын үүрэг юм. Тэгсэн хэдий ч сүүлийн үед Эди Слиман ба Микелегээс ч илүү сонирхолтой сэтгэдэг, өвөрмөц хандлагатай хүмүүс загварын ертөнцөд гарч ирж байгаа. Жишээ нь өөрийн Vetements брэндээ амжилттай авж яваа Демна Гвасалия байна. Тэр саяхан Balenciaga-гийн бүтээлч захирлаар сонгогдсон тул, түүнийг агуу брэндэд юу авчрах бол, юу өөрчлөх бол гэж хүмүүс тэсэн ядан хүлээж суугаа билээ.

2015 оны загварын ертөнцийн тойм: Шинэ эмэгтэйлэг хэв маяг, хүйсийн хоёрдмол хандлага болон стилистүүдийн ялалт (фото 1)

"Things go very fast." System сэтгүүлд зориулж Кэти Хоринд ярилцлага өгөхдөө Раф Симонс энэхүү өгүүлбэрийг хэлсэн юм. Харин энэ нь 2015 оны гол лоозон болоод байна. Christian Dior-ыг орхих болсон шийдвэрээрээ Симонс брэндийн түүхэн дэх өөрийн хүслээр явсан анхны дизайнераар тодорсон юм. Түүний энэ үйлдэл "бүх зүйл хэтэрхий хурдан өрнөж байна" гэх томоохон трендийг үүсгэсэн билээ. Симонсыг явснаас долоо хоногийн дараа Альбер Эльбаз ч мөн адил Lanvin-ыг орхих болсон. Нью-Йоркийн Night of Stars үдэш дээр Эльбаз Симонстой адилхан сэдвээр яриа өрнүүлсэн. Түүний хэлснээр Instagram-ын эрин үед бүтээлч захирлууд "image maker" болон хувирч байгаа аж. "Хамгийн гол нь бүх зүйл зураг дээр гоё гарах ёстой" гэх үүргийн дагуу дизайнерууд ажиллаж байна хэмээн тэр ярьсан. Эдгээр томоохон дизайнеруудын ажлаасаа гарах болсон үйлдэл загварын ертөнцийн суурь асуудлыг ил болгож өгсөн юм. Тодруулж хэлбэл томоохон загварын орднууд дизайнеруудын авьяас чадварыг ашиглахдаа хэтэрхий их ачаалал, дарамт үзүүлж тэдний хувь хүнийг үгүй болгож байна. Загварын ертөнцөд бүх зүйл хэтэрхий хурдан өрнөж байна, жилд гарах цуглуулгуудын тоо хэт өндөр байна, дизайнеруудын ачаалал хэт их байна гэх гомдлууд олноороо ирэх болсон. Фэйшн ертөнцийг эзэмдээд байгаа энэхүү тренд "хүний амьдрал ажлаас илүү чухал бас том" гэх дэлхийн хэмжээний томоохон хөдөлгөөний нэгэн хэсэг юм. Амьдралаа умартан, хэт их ажилдаа анхаарах нь одоо "мода"-наас гарсан. Хэн ч Жон Гальяно шиг байхыг хүсэхгүй.

2015 оны загварын ертөнцийн тойм: Шинэ эмэгтэйлэг хэв маяг, хүйсийн хоёрдмол хандлага болон стилистүүдийн ялалт (фото 2)

Шинэхэн цус болон "Брэндийн ДНХ". Түүхэн брэндийн бүтээлч захирлаар томилогдсон шинэхэн дизайнерууд тэс өөр аргачлалаар ажиллаж байна. "Брэндийн ДНХ болон эртний "дүрмүүд" бидэнд огт хамаагүй" хэмээн тэд хэлж байна. Тухайлбал Saint Laurent-д ирсэн Эди Слиман мөн Gucci-д ирсэн Алессандро Микеле нар брэндийн хэв маягийг эвдэлж, өөрчилж чадсан. Хамгийн гол нь тэд үүгээрээ маш их алдаршиж чадсан юм. Сүүлийн хорин жилийн турш "өв залгамжлах" асуудал их чухал байсан. Бүгд л залуу дизайнеруудаас загварын ордны уламжлалыг дагаж, "сүнс"-ийг нь алдагдуулахгүй байхыг хүсэж ирсэн. Харин өнөөдрийн байдлаар "сүнс" ба "ДНХ" гэдэг ойлголтууд нь ердөө л маркетингийн домог байж. Брэндийг илүү амжилттай болгохын тулд харин ч эсрэгээр сэтгэж, тэр бүх хуучинсаг зүйлүүдээс салах нь зөв болж байна. Миний бодлоор Balenciaga-д шинээр томилогдож очсон Демна Гвасалия яг л энэ чиглэлээр ажиллах байх. Түүний бүтээлүүдээс мэдрэгддэг орчин үеийн аяс ямарваа нэгэн ДНХ-гээс илүү чухал болов уу.

2015 оны загварын ертөнцийн тойм: Шинэ эмэгтэйлэг хэв маяг, хүйсийн хоёрдмол хандлага болон стилистүүдийн ялалт (фото 3)

Шинэ эмэгтэйлэг байдал дэлхийд ноёрхож байна. Мөн шинэ даруу зан. Бас шинэ тачаангуй төрх. Энэ бүх шинэчлэлүүд "Бид hot биш, харин cool байхыг хүсэж байна!" гэх уриан доор явагдаж байна. Шинэ эрин үеийн эмэгтэйлэг байдал хэвшил болсон тачаангуй төрхөөс татгалзаж, дөлгөөхөн бөгөөд хөндий хэв маягтай болсон. Фиби Файло болон Стелла МакКартнигийн араас алхаж буй шинэ дизайнерууд болох Надеж Ване-Сибульски, Розетта Гетти, Рози Ассулин, Габриэла Херст нар төгс биш хэрнээ хүчирхэг эмэгтэйн төрхийг уриалах болсон. "Шинэ эмэгтэйлэг байдал" гэдэг нь боловсрол, хүйсийн хоёрдмол байдал, феминист үзэл, дэлхий дээрх хүчирхэг үүрэг гэх зэрэг ойлголтуудыг өөртөө нэгтгэж байгаа юм. Том хэмжээснүүд, урт даавуунууд, сул загварууд гэх зэрэг элементүүд шинэ эмэгтэйн шүүгээг дүүргэх боллоо. Эмэгтэйчүүд хэвшил болсон гламурыг мартаж, тэдний дотор хүйтэн бөгөөд хөндий "chic" төрх ноёрхож байна.

2015 оны загварын ертөнцийн тойм: Шинэ эмэгтэйлэг хэв маяг, хүйсийн хоёрдмол хандлага болон стилистүүдийн ялалт (фото 4)

Хүйсийн хоёрдмол байдал бөгөөд трансжендэр хэв маяг. 2015 оны соёл болон загварын төвд хүйсийн стереотипыг эвдэж, эрэгтэй ба эмэгтэй хүний хоорондох заагийг арилгах гэсэн оролдлого байлаа. Хамгийн түрүүнд Алессандро Микеле өөрийн загварын тайзнаа урт үстэй, цацагтай цамц өмссөн эрчүүдийг гаргаж, харин дараагаар нь ижилхэн цамц өмссөн бүсгүйчүүдийг гаргасан юм. Түүний энэ үйлдэл томоохон өдөөн хатгалга үүсгэсэн. Тэр өнөөгийн соёлд хүчээ аваад байгаа хүйс, трансжендэр, феминизм гэх зэрэг гол ойлголтуудыг онилж, хүмүүсийн дунд шуугиан тарьж чадсан. Дараагаар нь Selfridges худалдааны төвд саармаг хүйстэй хувцасны хэсэг нээгдсэн. Үүнээс хойш олон өөрчлөлтүүд эрчимтэй өрнөх болсон. Трансжендэр загвар өмсөгчид бий болж, Maison Martin Margiela-гийн сурталчилгаанд Роан Лоуч тоглож, Кейтлин Женнерийн түүх олонд цацагдаж, Том Хупперын найруулсан ба Эдди Редмэйний тоглосон "Danish Girl" кино нээлтээ хийсэн. Энэ бүх нь авангард хэв маягтай, хэвийн байдлыг эвдсэн давлагаа юм.

2015 оны загварын ертөнцийн тойм: Шинэ эмэгтэйлэг хэв маяг, хүйсийн хоёрдмол хандлага болон стилистүүдийн ялалт (фото 5)

Online-retail болон түүний шинэ хэвлэл мэдээлэл. "Бид LVMH-гийн онлайн хувилбар болж хувирмаар байна!" гэх уриан доор онлайн дэлгүүрүүд ажиллаж эхэлсэн. Энэ оны дөрөвдүгээр сард дизайнеруудын бараа борлуулдаг Net-a-Porter ба Yoox гэх хоёр томоохон онлайн дэлгүүрийг хооронд нь нэгтгэх болсон тухай зарласан. Харин тавдугаар сард Farfetch Их Британийн томоохон Browns брэндийн бутикыг худалдаж авсан. Дараагаар нь Net-a-Porter-оос түүний үүсгэн байгуулагч Натали Массене явахаар болж, удалгүй Imaginary Ventures нэртэй өөрийн шинэ бизнесийг бүртгүүлээд амжсан. Бүтэн жилийн турш онлайн ертөнцөд өрсөлдөөн өрнөж, хүмүүсийн амбиц эрс нэмэгдсэн. Харин есдүгээр сарын 1-нээс загварын томоохон дижитал тавцан болох style.com үйл ажиллагаагаа явуулахаа больж, Vogue-гийн эзэмшил болсон билээ. Тэд style.com дээр бараа худалдахаар зэхэж байгаа аж. Энэ үйлдэл нэгэн сонирхолтой трендийг тодотгож өгсөн юм. Онлайн дэлгүүрүүд зүгээр ч нэг хоорондоо зах зээл булаацалдах биш, харин хоорондоо шинэ хэвлэл мэдээлэл болон сурталчилгаагаар өрсөлдөх боллоо. Тэд маш өндөр чанартай цаасан сэтгүүл хэвлэхээс гадна (Тухайлбал Porter), онлайн сэтгүүл ажиллуулж, үүгээрээ бараа борлуулж эхлээд байна. Хамгийн гол нь тэд маш ухаалаг сурталчилгаа хийх боллоо. Хэвшил болсон илт сурталчилгаа биш, илүү ухаалаг, илүү хөгжингүй аргаар хүмүүст хүрэх болсон. Онлайн дэлгүүрүүд хэвлэл мэдээллийг аль хэдийнэ гүйцчихсэн, харин одоо тэднээс бүр илүү түрүүлэхийг зорин ажиллаж байна.

2015 оны загварын ертөнцийн тойм: Шинэ эмэгтэйлэг хэв маяг, хүйсийн хоёрдмол хандлага болон стилистүүдийн ялалт (фото 6)

Чөлөөлөлт болон хувийн үнэ цэнэ. Энэ жилийг эдгээр үгнүүдээр дүгнэж болох байх. Дээр дурдсан бүх зүйлс загварыг илүү их төрөлжиж байгааг бататгана. Яс үндэс, хүйс, нас болон бие махбодь гээд олон төрлийн ойлголтууд хоорондоо холилдох болсон. Загварлаг байхын тулд заавал залуухан бас үзэсгэлэнтэй байх шаардлагагүй. Энэ нь аль эрт хуучирсан үзэл юм. Түүгээр ч барахгүй загварлаг байхын тулд нас, хүйсээ ч тодорхойлох хэрэггүй болсон. Энэ нь хүнлэг ёсны том амжилт юм. Хамгийн гол нь загварлаг байхын тулд хувь хүний үнэ цэнэтэй байх хэрэгтэй. Өнөө цагт хувь хүний өвөрмөц чанар юунаас ч илүү бусдыг татаж байна. Холливуудын том од Женнифер Лоуренс хүртэл нэгэн олны танил биш вебсайт дээр эрэгтэй жүжигчидтэй харьцуулбал түүнд хавьгүй бага цалин олгодог тухай феминист захидал бичиж байна. Энэ бүгдийг нэгтгээд харахад сэтгэлгээний чөлөөлөлт, стереотипын сулрал, хүлцэнгүй хандлага зэрэг нь манай орчин үеийг тодорхойлж байна.

2015 оны загварын ертөнцийн тойм: Шинэ эмэгтэйлэг хэв маяг, хүйсийн хоёрдмол хандлага болон стилистүүдийн ялалт (фото 7)

цааш үзэх