Хайх

Алекса Чанг: “Лондон дахь хамгийн хайртай газар маань миний гал тогоо юм”

Алекса Чанг: “Лондон дахь хамгийн хайртай газар маань миний гал тогоо юм”

Buro 24/7 ярилцлага

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Их Британий хамгийн загварлаг бүсгүй Алекса Чанг Marks & Spencer компанитай хамтран цуглуулга гаргах болсон тухай мэдээг бид саяхан дуулгасан билээ. Оросын Buro 24/7-гийн ерөнхий редактор Дина Силина энэхүү хамтарсан цуглуулгын Лондон дахь нээлтэнд очиж, Чангтай ярилцаад амжлаа

Алекса Чанг аливаа орчин үеийн бүсгүйн адил маш завгүй амьдралтай. Магадгүй тэр бид бүгдээс ч илүү завгүй байх. Тэр Vogue сэтгүүлд зориулж онлайн нэвтрүүлэг хийж, загварын салбарын чухал хүмүүстэй өдөр тутам уулзаж, янз бүрийн брэндүүдтэй тогтмол хамтарч, Лондон ба Нью-Йорк хотуудын хооронд шилжин амьдардаг билээ. Гэхдээ энэ бүгдээс үл хамааран тэр маш энгийн зан чанартай хүн. Тухайлбал тэр өдийг хүртэл найзтайгаа цуг амьдардаг, гал тогоондоо найзуудаа цуглуулан сонин хачин ярьж суух дуртай, гоо сайхны салонуудад дургүй нэгэн юм.

Marks & Spencer компани их уламжлалт бас энгийн стильтэй. Харин та бол эсрэгээрээ илүү залуу ба дэггүй хэв маягтай. Хамтарсан цуглуулгадаа та бүгд энэхүү зөрчилдөөнийг хэрхэн нэгтгэж чадсан бэ?

Үнэндээ маш "уйтгартай", уламжлалт хувцас өмсөх нь өөрөө их дэггүй явдал юм. Их Британид маш удаан хугацааны турш үйл ажиллагаагаа явуулж буй олон брэнд бий. Тэдний хэрэглэгчид ч мөн адил тэдгээр брэндүүдийг маш олон жилийн турш хайрлаж, бүтээдэг зүйлсийг нь өдийг хүртэл хэрэглэж байна. Миний бодлоор сүүлийн үед ямар нэгэн хуучинсаг зүйл өмсөх нь илүү загварлаг харагдах болсон. Эртний свитер эсвэл сонгодог хүрэм гээд л. Тэгээд ч Marks & Spencer бид хоёр хоёулаа маш "англи" стильтэй. Практик үзэл бодол, уламжлалаа хүндлэх сэтгэл зэрэг нь биднийг нэгтгэж байгаа юм. Ерөнхийдөө бидэнд нийтлэг зүйл их бий шүү.

Marks & Spencer-тэй хамтарч эхлэхээс өмнө таны шүүгээнд уг брэндийн хувцаснууд байсан уу?

Тийм ээ. Тухайлбал тэдний эрэгтэй цуглуулгын V энгэртэй ноолууран свитерууд дажгүй санагддаг. Надад мөн уг брэндийн унтлагын пижам, юбка бий.

Та хамтын ажиллагаагаа эхлүүлэхдээ брэндийн архивыг сайтар судалсан гэж байсан. Энэ үйл явцын тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч? Та үүнд хэр их цаг хугацаа зарцуулсан бэ?

Бид эхлээд хэдэн хоногийн турш архивын бүх зүйлийг нэг нэгэнгүй судалж, таалагдсан загваруудаа онцолсон. Дараа нь Лидс хотод байрших M&S-ийн музей рүү аялсан. Тэнд бид юуны түрүүнд музейг тойрсон аялал  хийж, Marks & Spencer брэнд олон жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн, Их Британийн загварын түүх хэрхэн өрнөж байсныг олж харсан. Marks & Spencer нь 100 гаруй жилийн туршлагатай, хамгийн анх ТВ сурталчилгаа явуулж байсан компани юм. Түүхийг судлах зуураа жинхэнэ үнэт эрдэнэ мэт чамин зүйлсийг олж авсан тул архив судлах үйл явц ерөнхийдөө их зугаатай байсан шүү.

Алекса Чанг: “Лондон дахь хамгийн хайртай газар маань миний гал тогоо юм” (фото 1)

Капсул цуглуулгад багтсан нийт загваруудаас аль нь танд илүү их таалагдсан бэ?

Өндөр захтай, хуниастай коовт.

Таны хамтын ажиллагаа болгон маш амжилттай болдог шүү дээ. Өөрийн гэсэн брэнд үүсгэн байгуулъя гэсэн бодол таны толгойд орж ирж байсан уу?

Бодогдож байсан. Гэхдээ би маш олон талын зүйл сонирхдог. Хувцас бүтээх, загварын хэвлэл гаргах, эсвэл дуу бичлэгийн студитэй болох гээд алийг нь сонгож болохоо сайн мэдэхгүй л байна. Миний хариуцаж байсан төсөл бүр надад ямар нэгэн шинэ юм сургадаг байсан. Хамтын ажиллагаа бүр надад төрөл бүрийн салбарын асар их мэдлэг, туршлага бэлэглэдэг. Маркетинг, PR, график дизайн, интерьер чимэглэл гээд л бүгд их сонирхолтой. Тиймээс хэзээ нэгэн цагт би өөрийн гэсэн марк үүсгэн байгуулахаар шийдвэл надад шаардлагатай бүх мэдлэг бий гэж бодож байна.

Таван жилийн өмнө та Buro 24/7-гийн урилгаар Москва хотод хүрэлцэн ирсэн. Тэр үед таныг манай үдэшлэгт оролцохыг урьж байсан юм байна...

Нээрээ тийм шүү! Тэр үед би Москвад 24 цаг л өнгөрүүлж чадсан хэдий ч, үнэхээр гайхалтай аялал байсан. Би тэгэхэд хамгийн сайн найз Теннеси Томастай аялж байсан юм. Эхлээд биднийг онгоцны буудлаас тосон авж, зочид буудал руу хүргэн өгсөн. Бид авч явж байсан ачаагаа буудалдаа орхиод нэн даруй Улаан талбай руу явсан санагдаж байна. Дараагаар нь Мирослава Дума биднийг Buro 24/7-гийн үдэшлэг зохион байгуулагдаж байсан "Пушкин" нэртэй газар луу аваачсан. Үдэшлэгийн дараа бид бас нэгэн өөр үдэшлэг рүү явсан. Их зугаатай байсан. Ингэхэд та тэнд байсан уу?

Харамсалтай нь үгүй ээ.

Өө, харамсалтай юм аа. Их хөгжилтэй байсан шүү. Бид үдэшлэгийн дараа буудал руугаа буцаж, хоёр гуравхан цаг унтаад буцаад нисэх буудал руу явсан. Онгоцонд ормогцоо би нам унтаж, Нью-Йоркод газардах үедээ л сэрсэн. Манай найз надад онгоцны буудалд ирчихлээ гэхэд би "За үгүй байлгүй дээ?" гэж бодож байлаа. Ер нь их инээдтэй байсан. Хачин ч гэмээр юм уу. (Инээж байна).

Алекса Чанг: “Лондон дахь хамгийн хайртай газар маань миний гал тогоо юм” (фото 2)

Таныг орос дизайнерын хувцас өмссөн байгааг хараад бид үргэлж их баярладаг. Тухайлбал Vilshenko байна. Та энэ маркийг анх яаж олж мэдсэн бэ?

Энэ дизайнерт би их дуртай. Би Vilshenko-гийн загварыг өмссөн хэн нэгнийг хараад, түүнээс ямар марк болохыг нь асууж байсан юм. Дараа нь би уг маркийг зорин байж хайж олсон шүү. Энэ их эртний явдал өө.

Интернет сүлжээнд таны караокед дуулж буй бичлэг байхыг харсан юм байна. Таны хоолой үнэхээр гайхамшигтай юм байна лээ! Дуучин болох бодол байна уу?

Өө үгүй, үгүй. Караокед дуртай ч, дуучин болох хүсэлгүй ээ. Надад бүр караокед орж дуулдаг дуунуудын бүхэл бүтэн жагсаалт бий гээд боддоо. Уг жагсаалтад тухайлбал Жон Жетт бий. Түүнчлэн Стиви Никсийн дуунууд надад тохирдог. Учир нь би өндөр ноотоор дуулж чаддаггүй юм. Гэхдээ би усанд орж байхдаа аль эсвэл ганцаараа байхдаа дуулдаг хүмүүсийн нэг биш ээ. Энэ нь нэг төрлийн "намайг хараарай" гэсэн сонирхол юм. (Инээв).



Та Нью-Йорк ба Лондон хотуудын хооронд амьдардаг. Яг хаана өөрийгөө гэртээ байна гэж мэдэрдэг вэ?

Одоо бол өөрийгөө хаана ч хамаагүй гэртээ байгаа мэт мэдэрч чаддаг болсон доо. Би нийт цагийнхаа хагасыг Лондонд, нөгөө хагасыг нь Нью-Йоркд өнгөрөөдөг юм. Одоогийн байдлаар миний хамгийн сайн найзууд Лондонд байдаг тул тэнд байх илүү дуртай болоод байгаа. Гэхдээ Нью-Йорк хот надад хамгийн ихээр нөлөөлсөн. Би энэ хотод 25-26 насныхаа хооронд амьдарсан. Өөрөөр хэлбэл хүний яг "том болдог" үед би Нью-Йоркд байж, их юм сурсан даа.

Эдгээр хотуудын хамгийн дуртай газруудаа нэрлээч?

Лондонд бол би гэрийнхээ гал тогоонд хамгаас дуртай. Найзууд маань үргэлж л тэнд  сууж байдаг. Би хэнтэй ч уулзмааргүй байгаа үедээ ч бас тэнд цагийн өнгөрөөдөг. Учир нь би Эйми гэх найзтайгаа цуг амьдардаг юм. Би гадуур ажил амжуулаад гэртээ харих үед манай гал тогоонд тав ба түүнээс олон хүн цугларчихсан байх үе тогтмол гардаг шүү. Эйми бид хоёрын гэр жижигхэн хэдий ч үргэлж хүмүүсээр дүүрэн байдаг юм.


Харин Нью-Йоркд гэвэл Mogador ресторанд дуртай. Тэдний хоол үнэхээр амттай шүү.

Харин гэртээ та хоол хийдэг үү?

Үгүй ээ, би их муу тогооч. Гэхдээ муу гэхээсээ илүү би зүгээр л хоол хийх дургүй юм даа.

Алекса Чанг: “Лондон дахь хамгийн хайртай газар маань миний гал тогоо юм” (фото 3)

Алекса Чанг: “Лондон дахь хамгийн хайртай газар маань миний гал тогоо юм” (фото 4)

Одоогийн байдлаар та Vogue сэтгүүлд зориулж онлайн нэвтрүүлэг бэлдэж байгаа. Энэ төсөл яаж эхэлсэн бэ? Та өөрөө анх энэ санааг гаргасан уу эсвэл Vogue-ийнхан танд үүнийг санал болгосон уу?

Тэд надаас хамтарч ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байна уу гэж асуусан. Vogue видео бичлэгтэй холбоотой ямар нэгэн зүйл хийхийг их хүсэж байсан. Харин тэр үед надад нэг санаа байсан юм. Би загварын сургуулийн оюутнуудын өмнө дизайнеруудаас ярилцлага авахыг хүсч байсан. Ингэснээр оюутнууд ч бас асуулт тавьж болох давуу талтай юм. Бид энэ санааг аваад, бага зэрэг хөгжүүлээд төсөл болгон хувиргасан. Бид интернет хэрэглэгчидтэй харьцахаар шийдэж, тэдэнд манай нэвтрүүлэгт оролцох зочдоос хүссэн зүйлээ асуух боломж олговол илүү сонирхолтой байх болов уу гэж бодсон. Тиймээс энэ нь Vogue сэтгүүлийг бас миний хүсэж байсан зүйлийн дундаж санаа л гэсэн үг. Гэхдээ эцсийн үр дүнд бий болсон төсөл маань надад илүү их таалагдаж байгаа.

Өнгөрсөн жил та Villoid гэх апп гаргаж байсан. Одоогийн байдлаар апп-ын үйл ажиллагаа ямархуу байгаа вэ? Апп-ын хамтрах байгууллагууд дунд Topshop нэгдсэнийг саяхан харсан юм байна.

Бүх зүйл сайн байгаа. Өнгөрсөн долоо хоногт бид амьдралын хэв маягийн шилдэг таван аппын жагсаалтад бүр орсон шүү. Та суулгаж үзсэн үү?

Үнэнээ хэлэхэд , хараахан суулгаж үзээгүй л байна...

Та туршаад үзэх хэрэгтэй шүү! Үнэхээр догь апп. Би танд өөрийнхөө утсан дээр үзүүлье. Миний утасны дэлгэц хагарчихсан байгаа ч зүгээр дээ, харагдаж байгаа. Үүнийг хардаа, энд та өөрийнхөө дуртай төрхөө бүрдүүлж, хувийн хуудсандаа хадгалж болно. Түүнчлэн эндээс та хүссэн зүйлсээ худалдан авах боломжтой байгаа. Надад энэ санаа ухаангүй их таалагддаг. Загвар, дэлгүүр хэсэх, онлайн худалдаа зэргийг нэг доор цуглуулж, нэгэн төрлийн тоглоом болгон хувиргасан юм.

Танд ямар нэгэн онцгой гоо сайхны дүрмүүд бий юу?

Үнэнээ хэлэхэд би гоо сайхан, арьсаа арчлах гэх зэрэг иймэрхүү зүйлс дээр мэргэжилтэн биш ээ. Би саяхан Челсид амьдралдаа анх удаагаа гоо сайхны салон орж үзлээ. Надад ямар нэгэн төрлийн пилинг бас чийгшүүлэгч маск хийсэн. Гоо сайхан орсны дараах хэдэн хоног би супер харагдаж байсан шүү, Арьс яг л нялх хүүхдийнх шиг болсон.

Гэхдээ хувцас загварын тал дээр та гарцаагүй мэргэжилтэн шүү! Өөрийнхөө стилийг хараахан олж чадаагүй байгаа бүсгүйчүүдэд та юу зөвлөх бэ?

Би ер нь л зөвлөгөө өгөх дургүй. Тийм болохоор сайн хэлж мэдэхгүй юм даа. Бейонсегийн Formation гэх сүүлийн клипийг сонирхоод үзээрэй, их олон сонирхолтой төрхүүд харагдсан. Бүсгүйчүүдэд санаа өгч магад.

цааш үзэх