Хайх

Дэлхийн шилдэг загварын сургуулиуд ямар оюутнуудыг элсүүлдэг вэ

Загварын салбарын нэр хүндтэй боловсрол олгогчид зөвлөж байна

Text: Бюро 24/7

Загварын боловсрол хэзээ ч ийм загварлаг байсангүй ээ. Энэ салбарын соёл, нигэмд эзлэх байр суурь бэхжиж, улам бүр нэр хүндтэй болсонтой холбогдуулан дэлхийн олон оюутнууд энэ чиглэлээр суралцахыг хүсэж, өрсөлдөөн ширүүсэх боллоо. Загварын боловсролыг дэлхийн шилдэг их сургуулиудад, салбарын нэр хүндтэй эрхмүүдээс суралцахыг хүссэн оюутнууд Лондонгийн Central Saint Martins, Нью-Йоркийн Parsons School of Design, Парисын ESMOD болон бусад топ сургуулиудад элсэн орохыг мөрөөдөж байна. Гэтэл Central Saint Martins их сургуулийн бакалаврын зэргийн курсийг хариуцсан захирал Уилли Уолтерсийн Business of Fashion сэтгүүлд яриснаар "хориод жилийн өмнө нийт элсэгчдийн дөрөвний гуравт нь тэнцэх боломж байсан бол одоо хэтэрхий олон хүн хүсэлт гаргаж буйн улмаас тийм боломжгүй болсон" аж.

Тэгэхээр дижитал эринд төрсөн шинэ үеийнхэн дижитал эринээс өмнөх үед сурч, боловсорсон сургуулийн профессорууд ба удирдлагуудад хэрхэн өндөр сэтгэгдэл үлдээж, бусад өрсөлдөгчдөөсөө ялгаран гарч ирэх вэ?

Дэлхийн шилдэг загварын сургуулиуд ямар оюутнуудыг элсүүлдэг вэ (фото 1)
Илүү их хөдөлмөрлө, бусдаас өөр, өвөрмөц байCentral Saint Martins их сургуулийн бакалаврын зэргийн курсийг хариуцсан захирал Уилли Уолтерс:

"Би оюутнуудыг маш их хөдөлмөрлөснийг олж харахыг хүсдэг. Тэд сургуульд элсэх өргөдөлдөө байж болох бүхий л хичээл зүтгэлээ шингээснийг хармаар байна. Манай сургуульд элсэлтийн өргөдөл гаргахдаа юуны түрүүнд 10 хуудас бүхий онлайн портфолио илгээх шаардлагатай болно. Тэдгээр 10 хуудаснаас бид тухайн оюутны бүтээсэн, урьд өмнө үзэгдэж байгаагүй цоо шинэ зүйл, эсвэл төрөлдөө шилдэг гэж үнэлэгдэхээр тийм чанартай зүйл олж харахыг хүсдэг. Нарийн нямбай, мэдрэмтгий зурах чадвар, эсвэл эсрэгээрээ бага зэрэг замбараагүй, тод өнгөтэй, хурц өнцөгтэй, оюун ухаан ажиллуулсан тийм зүйл ч байж болно. Гол нь өөрийн гараар бүтээсэн зүйл байх хэрэгтэй. Бидэнд загварын сэтгүүлийн бэлэн хуудас илгээсний хэрэггүй. Энэ нь хэнийг ч гайхшруулахгүй.

Хэрвээ портфолио илгээсний дараагаар та ярилцлаганд уригдсан бол өөрийгөө аль болох олон талаас нь харуулах хэрэгтэй. Гэхдээ асуулт тавих үед оюутан хэтэрхий хичээлгүйгээр өөрөөрөө байвал зохистой. Мөн ярилцлагынхаа үеэр бидэнд илгээсэн 10 хуудсаа давтан ярих шаардлагагүй. Бид шинэ зүйл олж мэдэхийг л хүснэ".

Өөрийн бүтээлээ нийгэм ба улс төртэй холбож сур

Parsons The New School of Fashion их сургуулийн загварын дизайны бакалаврын курсийн захирал Фиона Диффенбахер:

"Бусдаас ялгардаг оюутнууд өргөдлийнхөө чөлөөт бичлэгийн хэсэгт өвөрмөц сэдвээр хүүрнэдэг. Тэд зөвхөн уран бүтээлийнхээ талаар яриад байлгүй, өөрсдийгөө нийгэмд ямар байр суурь эзлэх, ямар хувь нэмэр оруулах чадвартайгаа тайлбарладаг. Тэд өөрсдийн бүтээлээ илүү гүнзгий түвшинд тодорхойлж, тэдний ажил нийгэм, соёл, улс төр, эдийн засаг ба түүхтэй хэрхэн холбогдохыг харуулдаг. Ийм төрлийн сэтгэлгээ их ховор тул бид үргэлж тухайн оюутныг бусдаас онцгойруулан хардаг. Ер нь аливаа зүйлийг ерөнхий концепцын хүрээнд ойлгож, өөрийн бүтээлдээ утга учир шингээж чаддаг хүмүүс илүү үнэ цэнэтэй байдаг".

Дэлхийн шилдэг загварын сургуулиуд ямар оюутнуудыг элсүүлдэг вэ (фото 2)

Танд бүтээлч санаа хэрхэн төрдгийг харуул

Kingston University их сургуулийн загварын хэсгийн тэргүүн Элинор Ренфрю:

"Бид оюутнуудын портфолионоос анхны дүгнэлтээ хийж, ярилцлаганд дуудах шаардлагатай эсэхийг тэр даруйд шийддэг. Тэр дундаа бид тухайн оюутныг хэрхэн сэтгэдгийг, түүнд бүтээлч санаа хэрхэн төрдгийг олж харахыг хүсдэг. Тухайлбал хар зургийн ноорог дэвтрээс бид тэр бүтээлч санаа хэрхэн үүсч, цаашлаад хөгжсөнийг олж мэддэг. Тэрхүү дэвтэртээ засварууд хийж, зарим зүйлсийг дарж, шинээр зурсныг харвал бүр ч сайн. Ямар алдаа гаргаж, түүнээсээ яаж суралцсаныг бид үүний ачаар ойлгох юм.

Харин ярилцлагын үеэр би эелдэг, ажил хэрэгч, суралцах өндөр хүсэл эрмэлзэлтэй хүнийг харахыг хүснэ. Тэдний юу өмссөн байх нь чухал биш. Тэд дараагийн бүтээлч захирлууд болохоор энд ирж байгаа шүү дээ. Тиймээс тэд юу өмсөхдөө биш, харин юу бүтээхдээ гол анхаарлаа хандуулах ёстой".
Энэ чиглэлээр суралцах чин хүсэлтэй гэдгээ ойлгуулPolimoda их сургуулийн стратегийн захирал Линда Лоппа:

"Сониуч зантай, шинэлэг санаа ба мөрөөдөлтэй оюутнууд бидэнд хэрэгтэй. Арав гаруй жилийн өмнө бид хүсэл гаргагчдаас ‘Чиний дуртай дизайнер хэн бэ?' хэмээн асуухад тэд ‘Жан Поль Готье' ч юм уу өөр хэн нэгний нэрийг хэлдэг байсан. Харин одоо тэд загварын түүх хангалттай сайн мэддэггүй, нэрс мэддэггүй. Энэ мэдээж даяарчлалын үр дүн байж болзошгүй. Гэхдээ өргөдөл өгч байгаа оюутнууд хангалттай бэлтгэлтэй биш байна. Тэд портфолио явуулахдаа эсвэл ярилцлаганд орохоор ирэхдээ цөөн хэдэн хар зураг авчирч, зорьж буй зүйлийнхээ далайцыг ойлгодоггүй. Техник технологи хөгжсөн өнөө үед тэд өөрсдийн хүсэл тэмүүллээ бидэнд бүрэн хэмжээгээр нь харуулах боломжтой болсон. Видео хийсэн бол харуулж болно, олон төрлийн аргачлал хослуулан өвөрмөц төсөл бүтээсэн бол бас л харуулж болно. Та энэ чиглэлээр суралцах чин хүсэлтэй гэдгээ, шинэлэг санаа ба мөрөөдөлтэй гэдгээ харуулах хэрэгтэй".

Дэлхийн шилдэг загварын сургуулиуд ямар оюутнуудыг элсүүлдэг вэ (фото 3)

Загварыг өөр өнгцөөс харах чадвартай байPratt Institute-ийн загварын танхимын тэргүүн Женнифер Миннити:

"Шүүмжлэлтэй байдлаар сэтгэж, уран сэтгэмжээ ажиллуулж чаддаг оюутнууд бидэнд хэрэгтэй. Хэрвээ тухайн оюутан энтертэйнмент телевиз эсвэл олны танил алдартан гэх зэрэг гадаргуу дээрх, ойлгомжтой зүйлсээс бүтээлч санаа, бүтээлийнхээ эх сурвалжийг авдаг бол энэ нь бидний хувьд татгалзах шалтгаан болно. Бид уран чадвар, концепц ба хам сэдэв гэх гурван зүйлийг Pratt Institute-д эрхэмлэдэг. Бид өөрсдийнхөө эрин үеийн загварыг өөрчлөх хүсэлтэй, цоо шинээр эргэцүүлэн бодох чадвартай, туршилт хийхээс айдаггүй оюутнуудад дуртай. Загвар гэдэг зүйл өнөөдөр даяарчлагдсан. Тиймээс та өөрийнхөө өв соёл, үнэ цэнэ ба онцгой мэдрэмжийг бидэнд харуул".
Тархиныхаа хоёр талыг хоёуланг нь ашиглаESMOD их сургуулийн ерөнхий менежер Кристин Уолтэр Бонини:

"Парис хотод загварын чиглэлээр суралцахыг хүсвэл танд маш их цаг хугацаа, энерги, тэвчээр, хатуу чанга байдал шаардагдах болно. Оюутнууд тархиныхаа хоёр талыг хоёуланг нь ашиглаж чаддаг байх нь чухал. Өөрөөр хэлбэл бодит байдлаас тасрахгүйн зэрэгцээ уран сэтгэмжээ дээд зэргээр ажиллуулах чадвартай байх учиртай.

Портфолио явуулахдаа өөрийн сонирхдог, биширдэг, бүтээлч санаа авдаг зүйлсээ (дизайнер, ном, дэлгүүр, кино, түүхэн эрин үе гэх мэт) бидэнд өвөрмөц байдлаар харуулаарай. Энэ нь ном, хар зургийн дэвтэр, зурагнуудын коллаж, бичлэг гээд ямар ч форматтай байж болно. Би оюутнуудад үргэлж аль болох өөрсдийгөө бидэнд таниул, амьдралынхаа туршлага, дурсамж, ололт амжилтууд, мөн мөрөөдөл ба төлөвлөгөөнөөсөө хуваалц гэж зөвлөдөг".

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх