Хайх

Улаан хивсэн дээр хэрхэн хувцаслах вэ: Elie Saab брэндийн мэргэжилтэн Эмили Лежандр зөвлөж байна

Танд хэрэгтэй зөвлөгөө

Улаан хивсэн дээр хэрхэн хувцаслах вэ: Elie Saab брэндийн мэргэжилтэн Эмили Лежандр зөвлөж байна

Text: Бюро 24/7

Elie Saab брэндийн харилцаа холбооны захирал Эмили Лежандр алдартнуудтай хамтран ажиллах болон тэдний улаан хивсэн дээрх хувцсыг сонгож өгөх чухал үүргийг хариуцан ажилладаг юм. Тэр энэхүү ярилцлагадаа томоохон арга хэмжээнүүдийн дресс-код сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөн талаар дурдаж, улаан хивсэн дээр хэрхэн хувцаслах талаар зөвлөгөө өглөө

Орчин үед аливаа арга хэмжээний улаан хивсний ёслол олны сонирхлыг ихээр татдаг болоод байгаа. Хүмүүс арга хэмжээний гол үйл явц биш, харин алдартнуудын гоёлыг илүүтэйгээр сонирхон үздэг болсон гээд хэлчихэд хилсдэхгүй байх. Үдшийн даашинзуудаараа алдаршсан Elie Saab бол хамгийн нэр хүндтэй алдартнуудын улаан хивсэн дээрх гоёлыг нийлүүлдэг гол брэндүүдийн нэг юм. Ливаны дизайнерын бүтээсэн даашинзууд олны танил бүсгүйчүүдэд ухаангүй их таалагддагаас гадна, мөн загварын шүүмжлэгчид, сэтгүүлчид ба зурагчдын анхааралд ямагт өртдөг.

Buro 24/7-гийн редакц Elie Saab брэндийн харилцаа холбооны захирал Эмили Лежандртай уулзаж, түүнээс улаан хивсэн дээр гарахдаа ямар бэлтгэл хийх, яаж хувцаслах талаар асууж, мөн алдартнуудын бяцхан нууцуудыг олж мэдлээ.

Юуны түрүүнд саяхан болж өнгөрсөн Канны кино наадмын талаар асуух гэсэн юм. Танай брэндийн хамт олон энэхүү арга хэмжээнд хэрхэн оролцдог вэ?
Канны кино наадам бол кино ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийн нэг яахын аргагүй мөн. Энэ нь Францад зохион байгуулагддаг ч гэлээ, үнэндээ олон улс орныг хамардаг маш том хүрээтэй үйл явдал юм. Бидний хувьд кино салбартай хамтарч ажиллах нь их чухал байдаг. Бид жүжигчин бүсгүйчүүдийг төрөл бүрийн арга хэмжээнд оролцоход нь тогтмол хувцасладаг. Хамгийн гол нь Канны наадам 12 өдрийн турш үргэлжилж, жинхэнэ улаан хивсний марафон үүсгэдэг юм. Зөвхөн улаан хивс гэлтгүй мөн төрөл бүрийн хэвлэлийн бага хурал, үдшийн зоог ба after party энэ арга хэмжээний хүрээнд явагддаг тул олны танил бүсгүйчүүд маш олон удаа хувцсаа солих хэрэг гардаг. Тэр бүрд нь бид бэлтгэлтэй байж, үдшийн даашинзаас гадна мөн өдөр тутмын ба үдэшлэгийн хувцас, аксесуар, гоёл чимэглэл болон гутлыг наадам дээр бэлтгэн авчирдаг.

Бид Канн дээр өөрсдийн гэсэн танилцуулгын танхим байрлуулж, алдартнуудад ганцаарчилсан үйлчилгээ үзүүлдэг. Бид тэрхүү танхимынхаа дэргэд брэндийнхээ логог хэзээ ч байршуулдаггүй. Ингэснээр бид олны анхаарлыг таталгүйгээр зөвхөн тусгайлан урьсан зочдоо хүлээн авч, нууцлаг бас тайван орчин бүрдүүлдэг. Оддоос бүрдсэн манай үйлчлүүлэгчдэд энэхүү нууцлаг байдал их таалагддаг. Учир нь тэд энд хоёр, гурван цагийн турш хувцаснууд өмсөн үзэж, төгс даашинзаа хайдаг юм шүү дээ.

Улаан хивсэн дээр хэрхэн хувцаслах вэ: Elie Saab брэндийн мэргэжилтэн Эмили Лежандр зөвлөж байна (фото 1)

Та Elie Saab-д ажиллаад өдгөө 11 жил өнгөрч байна. Энэ хугацаанд улаан хивсний дресс код хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Арван нэгэн жилийн өмнө улаан хивсний ёслол өнөөдрийнх шиг ийм их анхаарал татдаггүй байлаа. Хэвлэл мэдээлэлд хэзээ ч ийм их хэмжээний улаан хивсний зургууд нийтлэгддэггүй байсан. Тэр үед сэтгүүлчид кино, нэр дэвшигчид ба ялагчдын тухай л бичдэг байсан. Харин одоо бол бүгд л хэн юу өмссөнийг сонирхож, сонгогдсон даашинзуудын брэндийг олж мэдэхийг хүсдэг болсон. Орчин үеийн аливаа арга хэмжээнд гурван гол зүйл хосолж байгаа. Тэр нь кино эсвэл хөгжмийн урлаг, загварын салбар, мөн шөнийн амьдрал ба үдэшлэгтэй холбоотой lifestyle маркууд юм.

Түүнчлэн одоо цагт онлайн хэвлэл их чухал үүрэг гүйцэтгэж байна. Бид дөнгөж тав эсвэл зургаан жилийн өмнө алдартнуудын улаан хивсний зургийг үйл явдал болсны зөвхөн маргааш нь л олж харах боломжтой байсан. Тэр үед 24/7 ажилладаг хэвлэл мэдээлэл гэж бараг байдаггүй байлаа. Харин өнөөдөр бид болж буй үйл явдлын зураг ба бичлэгийг тэр даруйд нь олон нийтийн сүлжээ эсвэл мэдээллийн тавцангуудаар дамжуулан авч байна. Нууцлаг байдал гэдэг ойлголт устаж байна. Хэрвээ өнөөдөр ямар нэгэн жүжигчин бүсгүйд кинонд тоглох санал тавьбал тэр юуны түрүүнд "Ямар гоё юм бэ!" гэж бодох ч, дараагаар нь шууд "Киноны нээлтэд би юу өмсөх вэ?" гэж бодож эхэлнэ. Ерөнхийдөө өмнө нь хувцас тийм ч их ач холбогдолгүй байлаа. Сүүлийн үеийн улаан хивсний ёслолыг ажиглаж байхад сэтгүүлчид жүжигчид эсвэл дуучдаас ярилцлага бараг авахаа байсан харагдана. Тэд киноны талаар асуухаа байж, "Та өнөөдөр ямар дизайнерын хувцас өмссөн байна вэ?" гэж асуух болсон.

"Саяхныг хүртэл бид улаан хивсэн дээр намхан ултай гутал өмсөх боломжгүй мэт төсөөлж байсан бол, өнөөдөр ихэнх одууд намхан өсгийтэй, эсвэл бүүр өсгийгүй гутал сонгож байна"

Улаан хивсэн дээр хэрхэн хувцаслах вэ: Elie Saab брэндийн мэргэжилтэн Эмили Лежандр зөвлөж байна (фото 2)Улаан хивсэн дээр хэрхэн хувцаслах вэ: Elie Saab брэндийн мэргэжилтэн Эмили Лежандр зөвлөж байна (фото 3)

Улаан хивсний сүүлийн үеийн трендүүдээс хуваалцаач?

Энэ хавар-зуны улиралд шар өнгө маш эрэлттэй байгаа. Хачирхалтай байгаа биз? Хэдэн жилийн өмнө улаан хивсэн дээр маш том, хөвсгөр даашинзууд ноёрхож байсан. Тэр үед бүгд л аль болох сүртэй даашинз өмссөнөөрөө олны анхаарлыг татаж, wow эффект үүсгэхийг хүсдэг байсан юм. Харин сүүлийн улирлуудад улаан хивсний гоёл илүү тайван болсон. Даашинзуудын хэмжээ багасаж, жижиг элементүүд, оёдол, ба эсгүүр гол үүрэг гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл орчин үед биед эвтэйхэн байдал илүү үнэлэгдэх болсон. Саяхныг хүртэл бид улаан хивсэн дээр намхан ултай гутал өмсөх боломжгүй мэт төсөөлж байсан бол, өнөөдөр ихэнх одууд намхан өсгийтэй, эсвэл бүр өсгийгүй гутал сонгож байна.

Танд сүүлийн үеийн томоохон арга хэмжээнүүдийн улаан хивсний дресс код хоцрогдож эхлээд байгаа мэт санагдахгүй байна уу?

Миний бодлоор дресс код нь тухайн алдартны хуучин төрхүүдээс ихээхэн хамаардаг. Тухайлбал өнгөрсөн жилийн Канн дээр Наоми Уоттс Elie Saab брэндийн саарал өнгийн, өдөн хормойтой үдшийн даашинз өмссөн. Энэ нь түүний урьд өмнө нь өмсөж байсан хувцаснуудаас тэс ондоо хэв маягтай загвар байсан юм. Өөрөөр хэлбэл тэр өөрийгөө шинэ өнцгөөс харуулж, зоригтой алхам хийж чадсан. Шүүмжлэгчид түүнд их өндөр оноо өгсөн шүү.

Нэг жилд олон арван улаан хивсэн дээгүүр алхдаг томоохон алдартнуудын хувьд гаралт бүрдээ өөрчлөгдөж, илүү шинэлэг, илүү үзэсгэлэнтэй харагдах нь их чухал. Хэрвээ олон нийт таныг бэлхүүс тодотгосон бариу даашинз өмсөхийг харсаар дассан бол, та дараагаар нь тэс ондоо зүйл өмсөж тэднийг гайхшруулах хэрэгтэй. Энэ арга ихэвчлэн амжилт олж, хүмүүсийн зүгээс магтаал хүртэхэд хүргэдэг юм.

Улаан хивсэн дээр хэрхэн хувцаслах вэ: Elie Saab брэндийн мэргэжилтэн Эмили Лежандр зөвлөж байна (фото 4)

Улаан хивсэн дээр гарахаасаа өмнө анхаарах хэрэгтэй зөвлөгөөнүүд бий юу? Бидэнтэй хуваалцаач?
Энэ олон жил ажилласны эцэст надад мэдээж хэрэг их хэмжээний мэдлэг хуримтлагдсан байна. Хамгийн гол нь арга хэмжээнийхээ уур амьсгалд тохируулан хувцаслаж байх хэрэгтэй. Энэ хамгийн чухал зөвлөгөө юм. Тэгэхээр юуны түрүүнд та өөрөөсөө "Уг арга хэмжээнд би ямар үүргээр оролцож байгаа вэ?" гэж асуух ёстой. Хүн бүр өөр, өөр зорилго ба үүрэгтэй байдаг. Нэг нь нэр дэвшиж байгаа бол, нөгөө нь шүүгчдийн бүрэлдэхүүний гишүүн байж, харин гуравдах нь найзыгаа дэмжихээр, эсвэл зүгээр л зочны хувиар оролцохоор ирсэн байдаг. Энэ бүх хүмүүс мэдээж хэрэг нэг төрлөөр хувцаслаж болохгүй юм. Хүн бүрт таарсан тусгай дресс код гэж бий. Тухайлбал шүүгчдийн бүрэлдэхүүний гишүүн хүссэн дресс кодоороо хувцаслаж болно. Энэ нь даруухан, эсвэл маш этгээд ч хувцас байж болно. Харин гол дүр бүтээсэн киноныхоо нээлтэнд хүрэлцэн ирж байгаа жүжигчний хувьд гэвэл хувцсандаа онцгой анхаарал хандуулах хэрэг гарна. Учир нь хүн бүр танаас ямар нэгэн онцгой зүйл хүлээх болно. Энэ нөхцөлд та маш том үүрэг даалгавар хүлээн авч байгаа юм. Та нэгэн зэрэг гайхамшигтай үзэсгэлэнтэй бас сонирхолтой харагдах хэрэгтэй болно. Хэрвээ олны танил хүн хэтэрхий энгийн хувцаславал хүмүүсийн урам хугарах магадлалтай байдаг. Түүнчлэн хэрвээ та ердөө зочны хувиар арга хэмжээнд оролцож байгаа бол, гол дүрийн хүмүүсээс илүү анхаарал татам хувцаслах нь зохимжгүй байна.

Түүнчлэн аливаа арга хэмжээнд очихдоо нөхцөл байдлыг сайтар үнэлэх хэрэгтэй. Хэрвээ хүйтэн байх бол ямар нэгэн нөмрөг авч, эсвэл олон хүнтэй танхимд юм үзэж суух хэрэг гарвал хэтэрхий том зай эзлэх хөвсгөр даашинз өмсөхгүй байх гээд л... Ийм зэргийн жижиг деталиудыг заавал ч үгүй анхааралдаа авч байх хэрэгтэй. Улаан хивсэн дээгүүр алхсаны дараа танд магадгүй илүү хөлөнд эвтэйхэн гутал өмсөх хүсэл төрнө. Биед эвтэйхэн байдлын талаар мартаж болохгүй шүү.

Улаан хивсэн дээр хэрхэн хувцаслах вэ: Elie Saab брэндийн мэргэжилтэн Эмили Лежандр зөвлөж байна (фото 5)

Хоёр дах чухал зөвлөгөө бол ямар нэгэн эргэлзээ төрүүлж байгаа даашинзыг бүү сонгоорой. Эргэлзэж л байгаа бол энэ нь танд зориулагдсан даашинз биш гэсэн үг юм. Таны хувцас өмсөж байх үед төрсөн эргэлзээ улаан хивсэн дээр хэд дахин нэмэгдэнэ гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр маш олон төрлийн даашинз өмсөж үзэж, төгс загвараа олж, анхны харцаараа дурлатлаа сайтар хайгаарай. Хүн бүрт өөр, өөрийн гэсэн онцгой зан чанар байдаг. Үүний адил даашинзууд ч бас хүн, хүнд өөр харагддаг.

Бас нэг зүйл нэмж хэлэхэд зөвхөн олны анхаарлыг татах зорилгоор хэтэрхий галзуу бас этгээд загвар сонгохын оронд өөрт эвтэйхэн, өөрийгөө үзэсгэлэнтэйгээр мэдэрч чадсан гоёлыг л сонгоорой. Хүмүүсийн ой ухаанд таны хувцаслалт биш, харин таны өөрийн чинь үзэсгэлэнтэй төрх үлддэг. Энэ чухал шүү.

Улаан хивсэн дээр хэрхэн хувцаслах вэ: Elie Saab брэндийн мэргэжилтэн Эмили Лежандр зөвлөж байна (фото 6)Улаан хивсэн дээр хэрхэн хувцаслах вэ: Elie Saab брэндийн мэргэжилтэн Эмили Лежандр зөвлөж байна (фото 7)

 

 

  • Зураг:
Цааш үзэх