Хайх

Гуччи цэцэрлэгт сатаарахуй...

Text: Д.Чанцалдулам


Гуччи цэцэрлэгт сатаарахуй...

 

Гуччи цэцэрлэгт сатаарахуй... (фото 1)

Тансаг дэлгүүрүүд эгнэх Флоренц хотын нэрт гудмаар бяцхан хүү ээжтэйгээ хэсч, нэгээс нөгөө шилэн хорго руу шохоорхон, амралтын өдрийг өнгөрөөдөг байжээ. Ялангуяа арьсан эдлэл бүхий дэлгүүр ээж хүү хоёрын анхаарлыг ихэд татна. Дотогш орж, олон цүнхнээс нэгийг гартаа авангаа ээж нь "Нэг л өдөр ийм цүнх барина даа" гэхийг сонсох хүү "Энэнээс ч гоёыг би хийнэ ээ" гэсэн далдхан мөрөөдөлтэй болсон гэдэг.

Хүүгийн нэр Гуччио Гуччи. Сүрлэн малгай үйлдвэрлэдэг аавынх нь үйлдвэр дампууран хаагдсанаас өсвөр насандаа "Савой" зочид буудалд ачаа зөөгчөөр ажиллахаар хил даван, Лондон хотыг зорьжээ. Том зочид буудалд цахилгаан шатаар баячуудын ачаа зөөн, амь зуух мөнгө олонгоо тэдний өмссөн хувцас, зүүсэн гоёл, торгон алчуурыг өдөр бүр шохоорхон, ялангуяа зочны нэрийн эхний үсгийг шивсэн аяны тээш, чемодан, цүнх, малгайны хайрцгийг анхааралтай ажигладаг байв. Төрөлх Флоренц хотдоо эргэн очиж, ийм тансаг цүнх, тээш үйлдвэрлэдэг болох хүсэл нь багын мөрөөдөлд нь дарь нэмжээ. Хорь дөнгөж өнгөрч буй Гуччио гэртээ эргэн ирж, оёдолчин бүсгүйтэй гэр бүл зохион, үр хүүхэдтэй болов. Харамсалтай нь тэрээр Дэлхийн Нэгдүгээр Дайнд жолоочоор татагджээ. Дайнаас эргэн ирж, арьсан эдлэлийн дэлгүүрт ажиллангаа өөрийн бизнесийг босгох хөрөнгө хуримтлуулан, хадмуудаасаа багахан зээл авч, 1921 онд 40 насандаа сая өөрийн компаниа үүсгэн байгуулжээ.

Гуччи цэцэрлэгт сатаарахуй... (фото 2)

Тухайн үед аяны цүнх, чемодан үйлдвэрлэлээр Франц улс, эрэгтэй хувцас загвараар Англи улс тэргүүлдэг, түүнчлэн Флоренцын гар урчуулын бүтээл зах зээл дээр ханачихсан байсан тул Флоренц хавийн уламжлалт, гар урчуудын чадварт түшиглэсэн, гэхдээ англи хэв маяг бүхий бүтээгдэхүүн хийх санаа агуулан, тоскана нутгийн болон англи, герман үйлдвэрлэгчдээс түүхий эд, арьсаа авч, тансаг цүнх, аяны тээш хийхийг зорьжээ. Тиймдээ ч дэлгүүрийн сурталчилгаагаа "англи арьсан эдлэл" хэмээн тодорхойлж байсан нь анхнаасаа Флоренцын хүн амд бус Флоренц хотоор дайран өнгөрөх үйлчлүүлэгчдийг татах санаа агуулсныг илтгэнэ. Ардаа бяцхан үйлдвэрлэл эрхлэх байртай, өөрийн үйлдвэрт хамгийн сайнаар урлаж, чанартай тансаг барааг дээд зэрэглэлийн үйлчлүүлэгч нарт хүргэх, улмаар Гуччи хэмээх нэр дээд зэргийн тансаг эдлэлийн шошго болог гэсэндээ нэрээрээ овоглосон анхны дэлгүүр нь багадаа ээжтэйгээ дэлгүүр хэсдэг асан гудмаас хэдхэн минутын зайд байрлана.

Өдгөө Флоренц хотын нэр хүндтэй талбайд өмнө нь Гуччи музей асан харш дотор алаг эрээн "цэцэрлэгт хүрээлэн" бүтэн хоёр давхрыг эзэгнэн оршино. Нэрийн бүтээгдэхүүнүүд он цагийн явцад хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг харуулах, брэндийн түүх бүтээлцсэн хүчин зүйлсийг таниулах зорилгоор хэд хэдэн танхимыг тодорхой сэдэвт хүрээлэн болгожээ. Нүд баясгах улмаар сэтгэл ховстох зорилготой уг цэцэрлэгийн таних тэмдэг Гуччи мэлмий. Цацраг дундах энэ нүд Английн яруу найрагч, зураач Вилльям Блейкийн "Хайрын цэцэрлэг" шүлгийн
"...Хайрын цэцэрлэгт би очлоо
Хаа ч үзээгүй тийм зүйлийг олж харлаа..."
мөртүүдээс улбаатай.

Гуччи цэцэрлэгт сатаарахуй... (фото 3)

Гуччио Гуччи 1953 онд өөд болоход түүний гурван хүү өв залгамжлан, нэг нь шинэ бүтээгдэхүүн зохион бүтээж, үйлдвэрт ажиллаж байхад нөгөө нь компанийг Италиас хальж, олон улсад гарахад анхаарч, харин гурав дахь нь Италийн бусад хотуудад нээгдсэн дэлгүүрүүдээ удирддаг байжээ. Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойш Гуччи брэнд амжилтанд хүрч, өргөжиж байсан ч гэр бүлийн дотоод зөрчил, үр ач нарынх нь хувь тавилан Италийн мафитай киног санагдуулам дуулиантай, эмгэнэлт явдал дүүрэн. Түүний ач хүү загвар зохион бүтээж, амжилтанд хүрмэгц тусгаарлахыг хүснэ. Бусад гэр бүлийн гишүүд түүнийг өрсөлдөгч болохоос өмнө хуйвалдан компаниас шахан гаргаж, зохиосон загвартаа Гуччи нэрийг хэрэглэхийг хориглоно. Өшөөрхсөндөө тэр эцгийнхээ эсрэг гэрч болж, татвар нуун дарагдуулсан хэргээр шоронд суухад нь нөлөөлнө. Өөр нэг ач нь аавынхаа гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэрэгт татагдана. 27-хон насандаа тэр дэлгүүрийнхээ үүдэнд буудуулна. Бас нэг ач нь өвчний улмаас хорвоог орхисон гээд эд баялаг, эрх мэдэл тойрсон маргаан, гэр бүлийн эмгэнэлээр өндөрлөнө.

Харин Гуччи брэнд хувьсаж, хөрөнгө оруулагч, бүтээлч удирдлага, удирдах зөвлөлөө сольсоор өдгөө Керинг группийн харьяалалд багтана. Гуччио хүү цахилгаан шатанд ачаа зөөн үйлчилдэг байснаас эхтэй лого болох малгайтай ачаа зөөгч, хожим уг ачаа зөөгчийг хоёр гартаа тээш барьсан, хуяг дуулгатай баатар болгосон компанийн таних тэмдэг нь өнгөрсөнд ямар түүхтэйгээ байнга санагалзана. Харин баатрын дээд буланд байх хүрд нь компани үргэлжид сайн ажиллаж зогсолтгүй урагшлахыг, нөгөө буланд байрлах сарнай нь гоо үзэмж, амжилтыг бэлгэддэг аж.

1954 оноос Гуччи олон улсад "Итали мастер" хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, "Италид үйлдвэрлэв. Гуччи" шошго бүтээгдэхүүнийх нь таних тэмдэг болжээ. "Хоёр Г" улмаар олон төрхтэй болж, он цагийн урсгалд хувьссан ч анхдагч элементүүдээ хадгалсаар ирснийг үзэсгэлэнд толилуулжээ.

Гуччи цэцэрлэгт сатаарахуй... (фото 4)

Гуччи цэцэрлэгт сатаарахуй... (фото 5)

Гуччи цэцэрлэгт сатаарахуй... (фото 6)

Дэлхийн Хоёрдугаар Дайны дараа түүхий эд хомстож, арьсан эдлэл үйлдвэрлэхдээ бусад материалтай холих, өөр түүхий эдээр орлуулах шаардлага гарсан ба арьсан цүнхэнд хулсан оруулга хийх санаа нь шинэлэг, содон байсан тул амжилттай борлуулагджээ. 1947 онд гаргасан хулсан бариул, цоожтой Bamboo Bag удалгүй Лиз Тейлор, Диана гүнж тэргүүтэй алдартнуудын гоёл болсон бол 1960, 1970-аад онд хагас дугуй ёроолтой, мөрөн дээгүүр үүрдэг Jackie Bag хүсэмжит бүтээгдэхүүн болсон байв.

"Гуччи" гэж танигддаг өөр нэгэн шинж тэмдэг бол морины амгайвч бүхий чимэглэл. Амгай зуузайг брэндийн өнгөрсөн ба одоог холбогч гэж бэлгэддэг. Анх 1953 онд Нью-Йорк хотноо Гуччи дэлгүүр нээгдсэнтэй холбогдуулан амгайвчтай эрэгтэй гутал гаргасан нь эрчүүдийн зайлшгүй эзэмших ёстой гоёлын нэг болжээ. Мэтт Дэмоны бүтээсэн Жейсон Борны дүр амгайвчтай гутал өмссөн нь Холливүүдэд албан ёсоор "загварлаг" эд болсныг илтгэнэ. Түүнчлэн өдгөө Метрополитан Урлагийн Музейд цор ганц Итали загварын төлөөлөл болгож энэ гутлыг дэлгэсэн байдаг нь түүний загварын түүхэнд ямар чухал үүрэг гүйцэтгэснийг харуулна. Хожим энэхүү амгайтай гутлыг зөвхөн эрчүүдэд бус эмэгтэйчүүдийн загварт нэвтрүүлсэн нь өнөөг хүртэл борлуулалтаар шилдэгт тооцогддог байна.

Түүхий эд, арьс шир хомстсон үед хөлөг онгоцны дарвуул, ямар ч цаг агаарт тэсвэртэй далайчдын богц хийдэг материал болох таар, олсны мяндсаар, дээрээ хоёр Г үсгээр холбогдсон дөрвөлжин хээт материал зохион бүтээсэн нь Diamante Canvas, түүхий ширэн дээр гар ажиллагаагаар халууныг ашиглан ГГ логоны мөр шивж гарган "Гуччисима арьс" боловсруулах гээд зөвхөн "Гуччигийн" гэх илэрхийлэмжтэй бүтээл их.

Эдгээрээс хамгийн түгээмэл нэг таних тэмдэг бол Ногоон-Улаан-Ногоон судал бүхий зурвас суран давуу. Морин спортоос санаа авсан загвар нь эмээлийн сур, бүс шиг. Энэ судлыг Гуччи 1950-аад оноос анх хэрэглэж иржээ. 10 жилийн дараа Jackie Bag-т хэрэглэснээр цүнхний гоёл болж, хожим хувцасны энгэр, зах, эмжээр, гутлын хажуу тал гээд бүх бүтээгдэхүүнд хэрэглэгдэх болсон байна. Гүн ногоон ба ханасан улаан өнгийн хүрмийг Англичууд үнэгний авд мордохдоо өмсдөг байснаас Гуччи санаа авчээ. Багаар хийх спорт, цэрэг арми, сургуулийн эсвэл нийгмийн тодорхой нэг түвшний хамтын хамаарал, бусдаас ялгарлыг илэрхийлдэг ийм судал бүхий чимэг эртнээс Гуччио Гуччид таалагддаг байж.

Гуччи цэцэрлэгт сатаарахуй... (фото 7)

Гуччи цэцэрлэгт сатаарахуй... (фото 8)

Надад хамгийн их таалагддаг Гуччи таних тэмдэг бол өвөрмөц цэцгэн хээ. Монакогийн гүнж Грейс Келли Милан хот дахь Гуччи дэлгүүрт морилоход тухайн үед эзэн асан Гуччиогийн хүү Родолфо Гуччи онцгой бэлэг барихыг хүсчээ. Энгийн нэгэн цэцгийн баглаа бус торгон алчуур дээр цэцгэн багц бэлэг болгох санаагаа хэрэгжүүлэхдээ тэрээр тухайн үед Гуччид бөс барааны дизайнер асан Италийн зураач, тайз засалч Витторио Аккорнерод гоёмсог цэцгэн хээ зохион бүтээх даалгавар өгсөн байна. Витторио зөвхөн зураачийн бус байгаль шинжээчийн нүдээр жилийн дөрвөн улиралд ээлжлэх бүхий л цэцэг навч, жимс жимсгэнэ, шавьжийг дүрслэн алдарт "Флора" хээг цагаан дэвсгэр дээр 37 янзын өнгөөр бүтээсэн байна. Энэ цэцгэн ертөнцийн цаана амьдралын бүхий л үе шатанд амьд байгалийг мэдэрч, баясахаас гадна аливаа улирал өнгөрөн оддог, түр зуурын гэдгийг шавьж цэцэгсийн өөрчлөлт, шилжилтээр илэрхийлсэн гүн утга нуугдана. Эдгээр цэцэгс бүгд өөр, өөр давтдаггүй нь урлагийн ямар чамбай бүтээл болохыг илтгэнэ. Торгон алчуур дээрх цэцэгс бүрийг гараар зурсан урлагийн бүтээл байв. 1966 онд бүтээгдсэн энэ цэцгэн хээг хожим Гуччигийн бүтээлч захирал асан Фрида Жаннини торгон алчуураар зогсохгүй даашинз, хувцсан дээр буулгаж, борлуулалтын тоог өсгөж байв. Өдгөө Алессандро Микеле энэ цэцгэн хээнээс санаа авч өөрийн хувилбарыг, шинэ үеийн уран бүтээлчидтэй хамтран гаргасан билээ.

Гуччи цэцэрлэгт сатаарахуй... (фото 9)

Гуччи цэцэрлэгт сатаарахуй... (фото 10)

Гуччи цэцэрлэгт сатаарахуй... (фото 11)

Гуччи цэцэрлэгт сатаарахуй... (фото 12)

Гуччи цэцэрлэг нь бүтээлч захирал асан Том Форд, Фрида Жаннини нараас Алессандро Микеле хүртэл брэндийн нүүр болсон бүтээгдэхүүнүүд хувьсаж өөрчлөгдөхдөө хэрхэн язгуураа хадгалсан, үргэлжид түүхээ дурсах, ирээдүй рүү чиглэх, энэ хоёрын холбоосыг үл таслах зарчмыг баримталсан болохыг таниулж, цаг хугацааны аялал хийлгэхээс гадна амьтан ургамлын аймгуудаар хэсүүлэх ба өнцөг булан бүрт нь уламжлал, шинэчлэл хоёр зэргэцэн оршино.

Гуччи цэцэрлэгт сатаарахуй... (фото 13)

Гуччи цэцэрлэгт сатаарахуй... (фото 14)

Гуччи цэцэрлэгт сатаарахуй... (фото 15)

Гуччи цэцэрлэгт сатаарахуй... (фото 16)

Гуччи бүтээлч захирал Алессандро Микелегийн 2017 онд дуучин Björk "The Gate" дууны клипэнд зориулан урласан бүтээл

"Та нар зүгээр нэг арьс элдэж, хэлбэрт оруулж буй бус загварын түүхийг хэлбэржүүлж байгаа шүү" гэж ажилчиддаа хандан хэлдэг байсан Гуччио Гуччи багын мөрөөдлөө биелүүлсний гэрч, том зочид буудалд ачаа зөөн өдрийг өнгөрөөхдөө сайн сайхныг харж, түүн рүү тэмүүлсэн, өөрийн болгосон чармайлт, Гуччио Гуччигийн өв. Өдгөө дараагийн бяцхан хүүд мөрөөдөл төрүүлэх цэцэрлэг...

Д.Чанцалдулам
Флоренц хот. 2018 он

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх