Хайх

Карьераа бүтээцгээе: Загварт сонирхолтой оюутнуудад өгөх таван зөвлөгөө

Business of Fashion-ы үүсгэн байгуулагч Имран Амед мэдлэгээсээ хуваалцаж байна

Карьераа бүтээцгээе: Загварт сонирхолтой оюутнуудад өгөх таван зөвлөгөө

Загварын мэргэжилтэн Имран Амед удахгүй ажлын гараагаа эхлэх гэж буй оюутнуудад зориулсан таван зөвлөгөөг өөрийн үүсгэн байгуулсан The Business of Fashion вебсайт дээр нийтэллээ.


1. Бизнес санааны ач холбогдол: "Загварын салбарын гял цал байдалд хүмүүс их татагддаг. Хэрвээ та зөвхөн үүнд л татагдаж, энэ салбар луу орохоор шийдсэн бол энэ нь маш эрсдэлтэй алхам юм. Учир нь аливаа зүйлд хоёр тал гэж бий. Амжилтанд хүрэхийн тулд та томоор сэтгэж, дүр зургийг бүхлээр нь харах хэрэгтэй. Бизнес яаж ажилладгийг мэдэж ав. Загварын салбарын гинжин холбоог ойлго. Ингэсний эцэст та өөрийнхөө загварын ертөнц дэх үүргийг ойлгоно. Гял цал байдал хангалттай биш шүү".

2. Олон нийтийн сүлжээн дэх дагагчид: "Та олон дагагчтай байж болно. Гэхдээ тэдгээр дагагчдад нөлөө үзүүлж, эерэг үр дүн гаргаж авна гэдэг өөр зүйл. Өөрийн дагагчдын ачаар загварын салбарын чиглэлийг өөрчилж, эсвэл ямар нэгэн чухал сэдэв хөндөж чаддаг хүмүүс хамгийн үнэ цэнэтэй байдаг".

3. Технологи ба загварын харилцан холбоо: "Сүүлийн жилүүдэд загварын салбарынхан технологи гэдэг үгийг маш ихээр хэрэглэж байна. Зарим брэндүүд технологийг үр ашигтайгаар ашиглах биш, харин ердөө л бусадтайгаа хөл нийлүүлэн алхаж буйгаа харуулах үүднээс хий хоосон хэрэглэж байна. Миний хувьд технологийг түүх өгүүлэх зорилгоор ашиглавал хамгийн шилдэг мэт санагддаг. Загвар бол хүмүүст бүтээлч санаа өгөх, тэдний сэтгэлийг хөдөлгөх хүчирхэг контент бэлддэг салбар. Энэ зорилгод технологи тусалж, хүмүүст хүрэх үйл явцыг сайжруулж чадаж байгаа бол энэ нь үнэхээр гайхалтай".

4. Шинэ төрлийн хэрэглэгчдийн тухай: "Энэ дэлхий дээр байгаа хамгийн тансаг бүтээгдэхүүн бол бид өөрсдөө юм. Өнөөдөр хүмүүс илүү сайн хүн болох, илүү эрүүл байх, илүү ухаалаг амьдралтай байхыг хүсдэг болсон. Ихэнх хүмүүсийн хувцасны шүүгээ төрөл бүрийн, хэрэгтэй хэрэггүй зүйлсээр дүүрэн байдаг тул тэд одоо мөнгөө илүү ухаалаг бүтээгдэхүүнд үрэхийг зорьж байна. Бие хүний, эсвэл бусдын амьдралыг сайжруулж, дээшлүүлдэг зүйлсийг бүгд эрэлхийлж байна. Тэгэхээр энэ эринд бид дэлхийн нөхцөл байдалд нөлөө үзүүлж, хувь нэмэр оруулж чадахуйц зүйл санаачлах хэрэгтэй юм. Хэрэглэгчид оюун санаа болон бие махбодын ололт амжилтын араас тэмүүлдэг болсон энэ үед тансаг зэрэглэлийн зах зээл бага, багаар хүнд байдалд орж байна".

5. Орчин үеийн бизнест тавигдаж буй шинэ шаардлагууд: "Орчин үеийн бизнест тавигдах нийгэм, байгаль орчин ба ёс зүйн шаардлагууд өнөөдөр нэн чухал ач холбогдолтой болсон. Хэрэглэгчидтэйгээ илүү илэн далангүй, үнэнч харьцах нь компаниудын хувьд том давуу тал болж байна. Ажилтнуудынхаа ажлын нөхцөл байдлыг сайжруулах, хог хаягдлаа багасгах, эсвэл улс төрийн шударга бус шийдвэрийг олны нүдэн дээр үгүйсгэх зэрэг нь хэрэглэгчдийн хувьд үнэ цэнэтэй зүйл болсон. Таны хийх жижиг алхам бүр, хог хаягдлыг багасгах жижиг шийдвэр бүр эргээд том нөлөө үзүүлнэ. Хэрэглэгч бол таны шинэ хянан шалгагч гэдгийг бүү мартаарай".

Имран Амед өмнө нь McKinsey & Company компанийн зөвлөхөөр ажилладаг байсан бөгөөд оновчтой цагт ажлаасаа гарч, загварын салбарын тухай тун амжилттай блог нээсэн нэгэн юм. Анх блог хэлбэрээр нээгдсэн түүний тавцан удалгүй The Business of Fashion буюу орчин үеийн хамгийн нэр хүндтэй загварын хэвлэлүүдийн нэг болсон билээ.

The Business of Fashion бол загварын ертөнцийн The New York Times эсвэл The Wall Street Journal л гэсэн үг. Эндээс та LVMH ба Prada Group-ын борлуулалтын тайлан, масс болон тансаг зэрэглэлийн зах зээлийн өсөлт ба уналт, мөн Демна Гвасалиятай хийсэн ухаалаг ярилцлагыг олж унших боломжтой.

Карьераа бүтээцгээе: Загварт сонирхолтой оюутнуудад өгөх таван зөвлөгөө (фото 1)

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх