Хайх

Хэрхэн загварын редактор шиг шоппинг хийх вэ?

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй нууц аргачлалууд

Хэрхэн загварын редактор шиг шоппинг хийх вэ?

Загварын редактор байна гэдэг сүүлийн үеийн трендүүдийг гарын таван хуруу шигээ мэдэж, дараагийн улиралд ямар загварууд эргээд моодонд орох магадлалтайг таамаглаж, загварын салбарт өрнөж буй бүх мэдээллийг хамгийн түрүүнд олж мэдсэн байх учиртай байдаг. Мөн мэдээж хэрэг цаг үеэсээ хоцроогүй хувийн стиль бүрдүүлэх нь уг мэргэжлийн салшгүй нэгэн хэсэг юм. Сүүлийн үеийн чиг хандлагыг баримталсан, дэгжин атлаа санхүүгийн хувьд боломжийн стиль бүрдүүлэхийн тулд загварын редакторууд хэд, хэдэн нууц аргачлал ашиглаж, хуримтлуулсан мэдлэгээ бодит амьдрал дээр хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл тэдний гол нууц нь ухаалаг шоппингд оршдог юм.

Ингээд шинэ улирал эхэлсэнтэй холбогдуулан шоппинг хийхээр зэхэж буй уншигчиддаа бид зөвхөн загварын мэргэжилтнүүдийн мэддэг нууц аргуудыг дэлгэж байна.

Аливаа худалдан авалт хийхээсээ өмнө хувцасны шүүгээгээ сайтар шалга

Шинэ худалдан авалт хийхээсээ өмнө хувцасны шүүгээгээ сайтар шалгаж, өөрт тань ямар хувцас байгаа, мөн ямар хувцас байхгүйг тодорхойлох хэрэгтэй. Учир нь заримдаа бид өөрт байгаа зүйлсийг дахин, дахин худалдан авах магадлалтай байдаг. Хувцасны шүүгээгээ шалгаснаар та тус бүрдээ үнэлэгдэх, онцгой загваруудыг цуглуулна.Хэрхэн загварын редактор шиг шоппинг хийх вэ? (фото 1)

Улирал бүр шинэ жагсаалт гарга

Хувцасны шүүгээгээ шалгасны дараагаар өөрт юу хэрэгтэй байгааг тодорхойлж, ухаалаг жагсаалт гарга. Хэрвээ өмнө нь та дотроо арваад зүйл төсөөлж байсан бол, сайтар тунгаасны дараагаар таны авахыг хүссэн зүйлсийн тоо хоёр дахин багасах магадлалтай. Мөн цаасан дээр буулгасан бодит жагсаалт гаргаснаар та хэрэггүй зүйлд мөнгөө үрэлгүй, кредит картынхаа хязгаараас хэтрэхгүй худалдан авалт хийх болно.

Zara-гаас худалдан авалт хийх атлаа түгээмэл "Zara бүсгүй" болохгүй байх

Үнэнийг хэлэхэд загварын редакторууд ч бас дэлхийн бүх бүсгүйчүүдийн адил Zara-гаар өвчилдөг. Гэхдээ хамгийн гол нь загварын мэргэжилтнүүд Zara өмссөн ч түүнийгээ Zara биш мэт харагдуулж чаддаг далд авьяастай байдаг юм. Тэгэхээр түгээмэл "Zara бүсгүй" болохгүйн тулд юу хийх хэрэгтэй вэ? Юуны түрүүнд брэндээс сурталчилж буй хувцаслалтын бэлэн санаануудыг хэзээ ч бүү дуурай. Мөн дэлгүүрийн шилэн хоргонд тавигдсан хувцаснаас аль болох хол байх хэрэгтэй. Үүний оронд өлгүүрт өлгөгдсөн олон хувцас дундаас өвөрмөц загварыг сонгож, эсвэл брэндийн онлайн хуудсаар зочлоод үзээрэй. Онлайн хувилбарт дэлгүүрт тавигдаагүй олон сонголт байдаг шүү.Хэрхэн загварын редактор шиг шоппинг хийх вэ? (фото 2)

Худалдан авах загвар бүрээ бодитоор үнэл

Худалдан авалт хийх бүрдээ тухайн загварыг хэр тогтмол өмсөхөө сайтар тунгаах хэрэгтэй. Та энэ загварыг олон улирлын турш өмсөх үү, эсвэл энэ улирал дуусмагц шүүгээнийхээ гүнд далд хийх үү? Сонгодог эсгүүртэй пиджак, савхин хүрэм эсвэл сайн чанарын гар цүнхээр та магадгүй олон жил гангарна. Харин энэ улиралд тренд болсон тод ягаан өнгийн үслэг хүрмийг та хэр тогтмол өмсөх бол? Санхүүгийн төсөв хязгаарлагдмал байгаа нөхцөлд үргэлж сонгодог загваруудыг илүүд үзээрэй.

Хувцас гэхээсээ илүү аксесуарт хөрөнгө оруулалт хий

Ихэнх загварын редакторууд ухаалаг арга хэрэглэж, хувцас гэхээсээ илүү аксесуарт хөрөнгө оруулалт хийдэг. Олны анхаарлыг татам гоёмсог туфль, сайн чанарын дизайнерын цүнх, эсвэл нарийн хийцтэй гоёл чимэглэл таны төрхийг хормын зуур үнэтэй бөгөөд загварлаг харагдуулна. Харин хэрвээ та эсрэгээрээ хувцсанд илүү их мөнгө зарцуулсан атлаа хийц муутай гар цүнх, эсвэл хуучин гутал өмссөн бол таны төрх тийм ч гоёмсог харагдахгүй л болов уу.Хэрхэн загварын редактор шиг шоппинг хийх вэ? (фото 3)

Өөрт зохидог хэлбэр дүрсийг олон хувилбараар худалдан ав

Та өөрийн галбирыг тодорхойлж, өөрт тань ямар хувцас илүү зохиж, ямар хувцас таныг илүү гуалиг харагдуулахыг олж тогтоох хэрэгтэй. Хамгийн сүүлийн үеийн трендийг дагахаасаа илүү өөрт зохидог эсгүүрийг төрөл бүрийн өнгө ба материалын сонголттойгоор худалдан аваарай. Тухайлбал дундаж урттай юбка таныг намхан харагдуулдаг бол, үүний оронд өндөр суудалтай сул өмд сонгон, ухаалаг шоппинг хийгээрэй.

 

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх