Хайх

Нүүр хуудсанд: Холливудын стилистүүд хэрхэн ажилладаг вэ?

Нүүр хуудсанд: Холливудын стилистүүд хэрхэн ажилладаг вэ?

Бизнесийн бүх нууцууд

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Холливудын одуудыг улаан хивсэн дээр юу өмсөхийг хэн шийдэж, ямар байдлаар ажилладагийг мэдэхээр манай сурвалжлагч Роза Синайски “Оскар”-ийн өмнөхөн Лос-Анджелесийг зорилоо.

Хэрвээ бурхан таныг жүжиглэх авьяасаар шагнаж, Холливудын од болгосон бол давхар загварын мэдрэмж бэлэглэсэн гэсэн үг хараахан биш ээ. Хэдий унтлагын өрөө тань "Оскар" болон " Алтан Бөмбөрцөг"-үүдээр дүүрсэн байж болох ч улаан хивсэн дээр буруу сонголт хийвэл хүмүүсийн шүүмжлэлээс зайлсхийх ямар ч боломжгүй. Дэлхий даяар таны алхам бүрийг ажиглаж байгаа ба тэд үнэхээр хэрцгий. Энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч, зөв стилист олж алдаа гаргах магадлалаа бууруулах л хэрэгтэй болох нь.

Холливудын стилистүүд бол жирийн нэг одуудыг хувцасладаг хүмүүс биш, харин үйлчлүүлэгчтэйгээ дотно холбоо үүсгэж чаддаг, жинхэнэ хувийн сэтгэл зүйчид юм. Тэд зүгээр нэг гоё даашинз ба өндөр өсгийт сонгох биш харин хариуцаж авсан хүнийхээ гадаад дүр төрхийг бүхлээр нь бүрдүүлж, аймшигт алдаануудаас байнга хамгаалж явдаг билээ. Тэдний ажил бол улирлын коллекциуд, шинэ чиг хандлага бүрийг цээжээр мэдэж, тэдгээр мэдлэгээ үйлчлүүлэгчийн биений галбир болон дотоод ертөнцтэй нь тохируулж хувцаслахад оршдог.  "Оскар"-ын өмнөхөн бид Лос-Анжелес уруу аялж, ганц хоёрхон мэргэжлийн нууцуудаас олж мэдэхийн тулд Холливудын одуудтай ажилладаг цөөн хэдэн стилистүүдын студиэр ороод гарлаа.

Нүүр хуудсанд: Холливудын стилистүүд хэрхэн ажилладаг вэ? (фото 1)

Жил Линкольн ба Жордан Жонсон, Рэйчел Зоугийн студи

Рэйчел Зоуи бол одуудын стилистүүд дундаас хамгийн алдартай нь. Түүнд 1,2 сая Instagram дагагчид, өөрийн гэсэн телевизийн нэвтрүүлэг, хувцасны марк болон сурталчилгаанд оролцох дуусашгүй их захиалга бий. Нэг л мэдэхэд Зоуид алдартай болоход тусалсан одуудыг хувцаслах ажлаа ч хийх зав түүнд гарахаа больсон. Энэхүү хүндэт даалгаврыг түүний туслах болох Жил Линкольн болон Жорж Жонсон нарт шилжүүлжээ. Тиймээс эдгээр эмэгтэйчүүд түүний студийг хариуцаж байгаа юм.

Үйлчлүүлэгчдийн тухай

"Манай үйлчлүүлэгчид маш олон төрлийн байдаг. Зарим нэг нь загварын салбарыг маш ихээр сонирхдог, бүх загварын шоу дээр очиж, шууд л бидэн уруу таалагдсан хувцаснуудынхаа зургийг явуулдаг.  Нөгөө хэсэг нь манай студи дээр ирж мэргэжилтнүүдэд бүх юм аа даатгадаг. Тэгээд ч хүн бүр өөр өөр хүсэлтэй. Нэг нь улаан хивс дээр хүмүүсийг алмайруулахыг хүсдэг бол, нөгөөх нь бусдаасаа тийм ч их ялгарах дургүй байдаг.

Дүрмийн тухай

"Жүжигчдэд олон нийтэд гарахдаа мөрдөх нарийн дүрэм байдаг гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ зарим зүйлсийн талаар марталгүй санаж байх шаардлагатай. Тодруулбал, үргэлж  Б төлөвлөгөөний, нөөц хувцас хэрэгтэй. Удаан хугацаанд явахад болон зогсоход эвтэйхэн гуталтай байх шаардлагатай. Хорвоогийн хамгийн сайхан даашинзыг хүртэл болхи алхаж байгаа эзэн нь сүйтгэж болно гэдэгт санал нийлнэ биз дээ".

Улаан хивс дээрх чиг хандлагын тухай

"Сүүлийн үед улаан хивс дээр харьцангуй чөлөөтэй уур амьсгал бий болсон. Одууд үс засалт болон нүүр будалтыг бага онцолж түүнээс илүүтэйгээр хувь хүний өвөрмөц байдлыг харуулах гэж зорьдог болсон учир ерөнхий төрх нь илүү шинэлэг, зөөлөн болчихсон. Загварын тайзтай харьцуулбал эрсдэлтэй төрх гаргах орчин бага байдаг тул чиг хандлага энд тийм ч хурдан өөрчлөгдөөд байдаггүй. Дэлхий дахины хараан доор байдаг "Оскар" шиг томоохон биш харин арай жижиг үйл явдал дээр ихэвчлэн туршилт хийгддэг.

Нүүр хуудсанд: Холливудын стилистүүд хэрхэн ажилладаг вэ? (фото 2)

Нүүр хуудсанд: Холливудын стилистүүд хэрхэн ажилладаг вэ? (фото 3)

"Хамгийн муухай хувцасласан одууд" жагсаалтын тухай

"Хэрвээ энэ жагсаалтад орвол яах вэ? Тоолгүйгээр өнгөрөх. Иймэрхүү зүйл хүн бүрт л тохиолддог. Энэ бизнест огт алдаж байгаагүй нэг ч стилист олдохгүй байх. Төрх бүтээх үйл явцад хүмүүсийн төсөөлж ч байгаагүй олон хүчин зүйлс нөлөөлдөг шүү дээ. Жишээ нь цахилгаан эвдрэх, хувцасны хэмжээг буруу тааруулах, зөвлөгөө өгч эргэлзээ үүсгэдэг хамаатан саднуудын нөлөө гэх мэт. Энэ жагсаалтыг үргэлжлүүлж болох ч, хүн бүрийн сэтгэлд нийцүүлэх боломжгүй. Энэ ажилд маш тэвчээртэй тайван байх хэрэг гардаг."

Хувцаснуудын хувь тавилангийн тухай

"Даашинзуудын ихэнх нь ёслолын дараа загвар зохион бүтээгч нартаа буцаагддаг жишээ загварууд байдаг. Зарим тохиолдолд (тухайлбал "Оскар"-ын дараа)  загварын орднууд үйлчлүүлэгчдэд маань даашинзаа бэлэглэдэг. Ялангуяа тусгайлан биений галбирт нь тааруулж оёсон байвал. Тэгсэн хэдий ч мэдээж кутюр хувцас анх хийгдсэн газартаа буцдаг!"

Бизнесийн тухай

"Улаан хивс дээр хувцсаа гаргаж чадсан загвар зохион бүтээгчийн борлуулалт маргаангүй ихэсдэг. Заримдаа жүжигчид улаан хивсний ёслолоо дуусаагүй байхад хүртэл брэндүүдийн төлөөлөгч нар бидэн рүү залгаж даашинзыг аль болох хурдан буцааж өгөхийг гуйдаг. Учир нь олон улсын үйлчлүүлэгчид Instagram дээрээс тэдгээр даашинзуудыг хараад тэр дор нь худалдан авахыг хүсэж, тухайн брэндүүд уруу улайран залгадаг. Энэ үзэгдлийг нийгмийн сүлжээнүүд улам дэвэргэж өгдөг.

Тайзны арын нууцуудаас

"Оскар"-д бэлдэх үйл явц нь тийм ч гоё, ихэмсэг биш. Мөн бэлтгэлд зориулж заавал хээнцэр өрөө түрээсэлдэггүй. Хэдэн жилийн өмнө Том Форд бид хоёр нэгэн холливүүдын алдартанд зориулж хувцас тааруулах арга хэмжээ зохион байгуулсан юм. Үйл явц манай хуучин офисын байранд, хагас амины хагас ажлын нөхцөлд болж өнгөрсөн. Хувцас хадгалах орон зай тэнд маш бага байлаа. Энэ шалтгаанаар бид бүх эд зүйлс, хайрцгуудыг шүршүүрийн хөшигний ард нууж ноён Фордтой хамт  үйлчлүүлэгчээ шууд тэр ариун цэврийн өрөөнд хувцасласан юм. Нэгхэн хоромд бидний хэврэгхэн өрж тавьсан байсан эд зүйлсийн овоо бидэн дээр нурж ирсэн.  Энэ явдал ердөөсөө ч хээнцэр байгаагүй шүү. 

Нүүр хуудсанд: Холливудын стилистүүд хэрхэн ажилладаг вэ? (фото 4)

Тара Суэннен

Тара Суэннен стилистээр бараг хорин жилийн турш ажиллаж байгаа. Тэр Рэйчел Зоуигийн хуучин туслах ба одоо Карл Лагерфельдтэй хамтран Кристен Стюартийн хувийн стилийн зөвлөгч хийдэг.

Ажлын зарчмын тухай

"Бүх юм юуны түрүүнд цахим болон хэвлэл мэдээллээр загварын ертөнцийн шинэ содон зүйлсийг сайн судлахаас эхэлдэг. Түүний дараа загвар зохион бүтээгчээ сонгож, тэднээс жишээ загвар хувцаснууд хүлээж авна. Тэдгээр хувцаснуудаа хүлээж авмагцаа үйлчлүүлэгчиддээ хувцсаа тааруулж, тохирох гоёл чимэглэл ба бусад зүйлсийг сонгодог. Ингээд л эцэст нь чухал өдөр ирдэг дээ. Зарим үйлчлүүлэгчид баярын өмсгөлийн болон загвар зохион бүтээгчийн талаар өөрсдийн хүслээ илэрхийлдэг хэдий ч эцсийн шийдвэрийг бид гаргадаг. Үйлчлүүлэгчдэд маань юу зохих, юу өмсвөл тэд өөртөө итгэлтэй санагдах вэ гээд энэ бүгдийг мэдэх нь бидний ажил шүү дээ".

"Хэрэв миний үйлчлүүлэгч ёслолд оролцохоор хаа нэг тийшээ нисэх болвол би туслахаа хамт явуулдаг. Одоогоор надад есөн туслах байгаа. Явуулахаасаа өмнө хувцаснуудаа баглаж, хувцас болгон юунд зориулагдсныг дээр нь тэмдэглэдэг. Жишээ нь аль нь ярилцлаганд орохдоо өмсөх, аль нь зураг авалтад гэх мэтээр тодорхой болгоно. Түүнчлэн үйлчлүүлэгч маань өмсөх гэж буй хувцаснуудынхаа загвар зохион бүтээгчдийн нэрийг сайн мэдэж байгаа эсэхийг шалгадаг. Ихэвчлэн алдартнууд тиймэрхүү зүйлс сонирхоод байдаггүй".

"Би хэзээ ч хэнийг ч "тэгэх хэрэгтэй болохоор" гэсэн шалтгаанаар аливаа хувцсыг өмсөхийг албаддаггүй. Хэрэв үйлчлүүлэгчид тэр хувцсыг өмсөхөд эвгүй байвал би өмсөхийг зөвлөхгүй".  

Улаан хивс дээрх чиг хандлагын тухай

"Миний бодлоор тод өнгөнүүд маш эрэлттэй болоод байгаа. Хуучин эмэгтэйчүүд олон янзын хэлбэр, дүрс туршиж үзэх дуртай байсан бол харин одоо олон төрлийн өнгө сонгох нь элбэг болсон. Эрэгтэйчүүд ч мөн ялгаагүй энэ чиг хандлагыг дагаж байгаа".

"Хамгийн муухай хувцасласан одууд" жагсаалтын тухай

"Миний үйлчлүүлэгчид энэ жагсаалтад орсон тохиолдолд би энэ явдлыг зүгээр инээд болгоод өнгөрөхийг илүүд үздэг. Хүмүүс байгалиасаа л эрсдэлд дуртай байдаг шүү дээ. Тийм хүмүүсээр би харин ч бахархдаг". 

Бизнесийн тухай

"Загварын брэндүүдийн хувьд тэдний даашинзыг өмсөн олон нийтэд гарч ирсэн алдартнууд үнэгүй сурталчилгаа болж өгдөг. Ийм учраас улаан хивсний ёслол өөрийн гэсэн дүрэмтэй, жинхэнэ бизнес болж хувирсан".

Тайзны арын нууцуудаас

"Нэгэн "Алтан Бөмбөрцөг"-ийн ёслол дээр би маш алдартай бүсгүйг хувцаслаж байсан юм. Тэр хөвсгөр, том, газар хүрсэн урттай, хормойн дотроо олон торон давхаргатай даашинз өмссөн байсан. Хэтэрхий олон торон давхаргаас болж даашинзын хэмжээ хэт овортой байсан тул би доогуур нь мөлхөж илүүдэл торыг тайрч хаясан. Энэ нь миний үйлчлүүлэгчийн олон нийтэд гарахаас хэдхэн секундийн өмнө шүү дээ. Маш их сандарсан. Иймэрхүү баяр ёслол дээр бүх юм төлөвлөснөөр болно гэсэн баталгаа байдаггүй учраас гэнэтийн асуудал үүсэхэд бэлэн байх хэрэгтэй".

Нүүр хуудсанд: Холливудын стилистүүд хэрхэн ажилладаг вэ? (фото 5)

Карла Уэлч

The Hollywood Reporter болон The New York Times нар Карла Уэлчийг дэлхийн хамгийн нөлөө бүхий стилист гэж нэрлэдэг. Уэлч хамгийн том брэндүүд болон хамгийн шилдэг сэтгүүлүүдтэй хамтардаг төдийгүй Оливия Уайлд, Жастин Бибер, Зои Дешанель нарыг хувцасладаг.

Ажлын зарчмын тухай

"Манай ажлын байрны самбар дээр тэр жилдээ болох бүх л чухал үйл явдал болон хувцаслах хүмүүсийн нэрсийн жагсаалт байдаг. Үйлчлүүлэгчиддээ шинэ төрх сонгохоосоо өмнө би хэсэг хугацааг төсөөлөн бодоход зарцуулдаг. Харин чиглэлээ сонгосны дараа нь би загварын долоо хоног болон брэндүүдийн дэлгүүрүүдээр судалгаа хийж, таалагдсан бараануудаа студи уруугаа захиалдаг.

"Хамт олонтойгоо би маш удаан хугацааны турш ажиллаж байгаа тул бидний хооронд итгэлцэл үүссэн. Бид бүгд "нэг хэлээр" ярьдаг. Гэхдээ үйлчлүүлэгчиддээ хувцаснуудаа харуулахаас өмнө би сайтар шилж сонгодог. Учир нь би ажлын тал дээр төгс төгөлдөр байдлыг эрхэмлэдэг. Надад илгээдэг олон зуун сонголтууд дундаас хамгийн тохиромжтойг нь сонгох чухал. Энэ бол маш том редакцийн ажиллагаа".

"Амжилтын гол нөхцөл бол үйлчлүүлэгч өмссөн хувцсандаа маш тухтай байх ёстой. Мөн мэдээж үргэлж нөөц сонголттой байх хэрэгтэй".

Улаан хивс дээрх чиг хандлагын тухай

"Миний бодлоор улаан хивс дээр маш олон төрлийн нөмрөгүүд гарч ирэх байх. Түүнчлэн бид урьдынхаасаа илүү их өнгө ба хэв зургууд харах болно". 

"Хамгийн муухай хувцасласан одууд" жагсаалтын тухай

"Иймэрхүү жагсаалтууд үргэлж шударга болон үнэн зөв байдаггүй. Надад тэднийг анзаарах илүү зав байхгүй. Тэд нар надад атаархал аль эсвэл хов живтэй төстэй мэт санагддаг".

Яаж стилист болох тухай

"Хэрвээ та ийм мэргэжилтэй болохыг мөрөөддөг бол илүү их кино үзэж, илүү их ном уншиж мөн эргэн тойронд чинь өрнөж буй бүх зүйлийг сонирхож байх хэрэгтэй. Мөн алдарт хүрэх зам зовлон, нулимсаар дүүрэн байдгийг санаж яваарай".  

 

цааш үзэх