Хайх

Агуу зурагчин Питер Линдберг - Үнэн төрхийг эрхэмлэгч

Түүний үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Алдарт зурагчин Питер Линдбергийн үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэлээсээ хуваалцаж, түүний амжилтын нууц юунд оршиж буйг эргэцүүллээ

1988 оны нэгдүгээр сар. Америкийн Vogue сэтгүүлийн зураг авалтыг энэ удаа Питер Линдберг гэх зурагчинд даатгажээ. Тэрбээр Линда Эвангелиста, Карен Александр, Кристи Терлингтон, Татьяана Патиц, Рэйчел Виллиамс, Эстель Лефебүер гэх тухайн үед төдийлөн олонд танигдаж амжаагүй зургаан загвар өмсөгчийг Санта Моника далайн эрэг дээр хамтад нь тоглож буйгаар, тун энгийнээр зураг дарсан байна. Загварын редакторууд ийм зураг авалтын үеэр ихэвчлэн кутюр, шилмэл хувцаснуудыг бэлтгэн авчирдаг бол Линдберг зөвхөн цагаан даавуун цамц авчрахыг хүсчээ. Загварлаг гэхэд хэтийдэх, эргэн танигдах шошго, тэмдэггүй энгийн цагаан цамцнууд. Учир нь Линдберг уг сэтгүүлнээ залардаг төгс будалт, хувцаслалт бүхий амьгүй хүүхэлдэй шиг эмэгтэйн зураг авахыг хүссэнгүй, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, бие даасан бодит эмэгтэйг дурандаа буулгах зорилгоор ийн хөдөлгөөнтэй, нүүр нүдний илэрхийлэмжтэй зураг авсан байна.

Тухайн үед Vogue сэтгүүлийн эрхлэгч асан Мирабелла эрэг дээр хүүхэд мэт тоглон хөхрөлдөх, энгийн цагаан цамцтай бүсгүйчүүдийн зургийг хараад шууд голж, хэвлэхээс татгалзахаар барахгүй Линдберг ийм нэр хүндтэй сэтгүүлд ажиллах боломжийг хөсөрдүүлсэнд гайхан, түүний зургуудыг "шургуулганд" хаяжээ.

Хагас жилийн дараа Анна Винтур Vogue сэтгүүлийн эрхлэгч болж, шургуулган дахь гологдсон эрдэнэсийг олж харснаар Питер Линдбергийн зураг сэтгүүл дээр хэвлэгдсэн төдийгүй хожим "Vogue 100 жил" номонд 1980-аад оны хамгийн чухал гэрэл зургийн нэг хэмээн тодорхойлогдсон байна.

  • /
  • 02
  • /
  • 02

1988 оны арваннэгдүгээр сарын Vogue сэтгүүлийн нүүрнээ заларсан, шуугиан тарьсан зургийг мөн Линдберг авчээ. Загвар өмсөгч Михаела дээгүүрээ Лакруа кутюр цамцаар гоёсон бөгөөд доогуураа уг цамцны хослол болох банзалыг өмсөх гэтэл хэмжээ нь таараагүй тул цэнхэр жийнсэн өмд өмссөн байдаг. Линдберг зураг авахдаа өмдтэй хэсгийг сэтгүүлийн нүүрэн дэх бичгэнд зориулан тайрна гэж тооцоолсон байна. Урьд өмнөх нүүр зурагнуудаас тэс өөр, студид бус, зузаан нүүр будалт, цэмбэгэр үс засалтгүйгээр гудамжинд алхуулан, үс нь салхинд хийсч, энгийнээр авсан уг зураг тухайн үед тогтсон бүх хэв маягийг эвдэж, загварын ертөнцөд шинэ салхи авчирсан нүүр зураг болжээ. Хэвлэлийн газраас уг дугаарын нүүрэн дээрх зургийг "алдаа биш биз?" хэмээн лавлатал нь цочроосон аж. Кутюрыг энгийн хувцастай хослуулах эрх чөлөө, шинэ зүйлд орон зай гаргах зоригийг ийнхүү Анна Винтур, Питер Линдберг хоёр эхлүүлсэн байна.

 

Агуу зурагчин Питер Линдберг - Үнэн төрхийг эрхэмлэгч (фото 1)

1990 оны Английн Vogue сэтгүүлийн нүүр зургийг Линдбергт даатгаж, 1990-ээд оны эмэгтэйн дүр төрхийг бүрдүүлэхийг хүсчээ. Линда, Кристи, Татьяана, Наоми, Синди гэх таван загвар өмсөгчийг тэрээр анх удаа хамтад нь дурандаа буулгаж, "Супермоделийн" эринг эхлүүлэв. Хэдийгээр энэ нүүр зураг албан ёсоор "Супермоделийн төрсний гэрчилгээ" болдог ч Линдбергийн хувьд хоёр жилийн өмнөх цагаан цамцтай зургуудаар энэ эрин хэдийнээ эхэлсэн аж. Сэтгүүлийн нүүр дээрх эдгээр таван загвар өмсөгчийг Жорж Майкл "Эрх чөлөө ‘90" клипэндээ тоглуулсан бөгөөд загвар өмсөгчид дууны үгийг даган амаа хөдөлгөж буйгаар гардаг энэ клип Линдагаар эхэлдэг. Түүний богино үс Линдбергээс үүдэлтэй. Түүний зөвлөснөөр үсээ хөвгүүнийх мэт тайрч, зоримог өвөрмөц дүр бүтээснээр Линда тэр жилдээ Итали, Франц, Америкийн Vogue сэтгүүлийн нүүрийг чимсэн байна.

Жианни Версаче 1991 оны намар-өвлийн цуглуулгаа танилцуулахдаа тэдгээр тавыг Жорж Майклын дуун дээр дуулуулан алхуулснаар олны танил загвар өмсөгчдийн үе эрчээ авчээ.

  • /
  • 02
  • /
  • 02

Агуу зурагчин Питер Линдберг - Үнэн төрхийг эрхэмлэгч (фото 2)

Энэхүү алдарт зурагчны 220 гаруй бүтээл, урьд өмнө ил гаргаж байгаагүй архивын материал, тэмдэглэл, захидал зэргийг танилцуулангаа загварын түүхийн сүүлийн 40 жилийн хөгжлийг харуулсан "Загварын ертөнцөөс бодит орчин руу" нэртэй үзэсгэлэн Мюнхен хотын Урлагийн Тэнхимд дэлгэгдэж буй.

  • /
  • 02
  • /
  • 02

Үзэсгэлэнгийн зарим тэнхимийг түүний гэрийн архив мэт тохижуулж, сараалжин төмөр тавиурууд, зургийн хальс ба зураг хадгалсан хайрцгуудаар дүүргэсэн бөгөөд гэрэл зургуудыг томоор жаазлан өлгөжээ. Эл үзэсгэлэнд орох хаалган дээр ажил, амралтын өдөр ялгаагүй хөл ихтэй, урт дараалал үүссэн байхтай таарна.

  • /
  • 08
  • /
  • 08
  • /
  • 08
  • /
  • 08
  • /
  • 08
  • /
  • 08
  • /
  • 08
  • /
  • 08

Германы зурагчин Питер Бродбек 1944 онд төрж, хүүхэд насаа Дуйсбург хотноо өнгөрүүлжээ. Энэхүү хот нь аж үйлдвэр зонхилсон орон нутаг байсан тул хүүхэд нас нь элдэв чамин зүйлгүй, үйлдвэр, саарал машин техник, утаа тоосон дунд өнгөрчээ. Энэ орчин, ялангуяа ажлаа таран алхах залуусын нүүрэн дээрх хөө тортог, нүүрс болсон хувцас зэрэг нь түүний гоо сайхны ойлголтын суурийг тавьжээ. Тиймдээ ч тэрээр элдэв өнгөнөөс зориуд зайлсхийж хар цагаанаар зонхилсон зураг авч, ганган будаг шунх гэхээс нэг өнгийн даруу будалтыг илүүд үзнэ. Питер зургаа хэзээ ч засварладаггүй бөгөөд нүүр нүдний хөдөлгөөн, түүний илэрхийлэмжийг арчвал үнэнд үл нийцнэ гэж үздэг. Түүний ярилцлагыг уншиж байхад эсвэл баримтат кино үзэж байхад тэрээр "Үнэн үгүй бол гоо сайхан оршихгүй" гэж хэлсэнтэй үргэлж таарна. Хүн байгаагаараа, амьдралд туулж үзсэнээрээ, үнэнээрээ байхдаа үзэсгэлэнтэй гэж үздэг болохоор эмэгтэйчүүдийн үрчлээ, хөгшрөлтөөс айх айдсыг таягдан, дурангийн өмнөх чухам тэр эмэгтэйн гоо сайхан, үнэн мөнийг буулгахыг тэр зорьдог аж.

Тэрбээр сургуулиа төгсөөд дэлгүүрийн шилэн хоргын чимэглэгчээр ажилласны дараагаар 1962 оноос Берлиний урлагийн Академид элсжээ. Ван Гог, түүний зураг зурах арга барилд татагдан 1968 онд зураачийн мөрөөр Францын Арль хот руу аялан, найман сар жимсний тариаланд ажиллаж байсан гэдэг. Питер эргэж ирээд чөлөөт уран зураг сурч байгаад 26 настайдаа гэрэл зурагт хөл тавьжээ.

Питер Линдберг герман зурагчин Ханнс Луксийн туслахаар хоёр жил ажиллаад, өөрийн гэрэл зургийн студийг нээжээ. Мөн Бродбек нэртэй өөр нэгэн зурагчин байдаг бөгөөд тэр нь энд тэнд өр тавьчихсан, тааруу нэр хүндтэй нэгэн болохыг мэдээд тэрээр нэрээ Линдберг болгон өөрчилсөн байна.

"Яагаад заавал Линдберг гэж? Номхон далайг гатлан Нью-Йоркоос Парис хүртэл зогсолтгүй ниссэн анхны хүн Чарльз Линдбергээс нэрээ авсан уу?" гэсэн асуултад тэрбээр "Энэ нэр олон улсад нэр хүндтэй, гэрэл зурагчинд тохирох санагдсан" гэж хариулсан байдаг. Гэхдээ Чарльз Линдбергийн түүх бүхий сонины нүүр дээр өөрийн Парис дахь гэрэл зургийн студийн хаягийг нийтэлснээс нь харахад нэрийнх нь гарал тодорхой мэт санагдана.

Тэрээр Германы "Од" сэтгүүлд зураг нийтлүүлж байгаад 1978 онд Парис хот руу гэр бүлийн хамт нүүж, загварын төрөл бүрийн сэтгүүлд зураг авах болсон. Түүгээр хөрөг зураг авахуулаагүй алдартнууд тун ховор. Зөвхөн загвар өмсөгчид бус кино урлагийн од, дуучин, нэр нөлөө бүхий олон хүн дуранд нь өртжээ. Гэвч тэр зургандаа нийгмийн байр суурь, гарал үүсэл, эрх мэдлийг үл хамааран гагцхүү хувь хүн гэдэгт анхаарал хандуулж, үнэн төрх бүхий хөрөг бүтээдэг байна.

  • /
  • 09
  • /
  • 09
  • /
  • 09
  • /
  • 09
  • /
  • 09
  • /
  • 09
  • /
  • 09
  • /
  • 09
  • /
  • 09

Питер Линдберг 1990-ээд оны сүүлээр зөгнөлт адал явдалт киноноос сэдэвлэн, харь гараг, нууцлаг ертөнцийг харуулсан цуврал зургуудаа авч загварын зураг гэхээсээ илүү зургаар түүх өгүүлэх тал дээр илүү анхаарсан.

  • /
  • 03
  • /
  • 03
  • /
  • 03

Хүүхэд насаа өнгөрүүлсэн Дуйсбургаас холгүй Дюзелдорф хотод өссөн Германы найруулагч Вим Виндерсийн кинонууд Линдбергийн уран бүтээлд чамгүй нөлөөлсөн. "Берлин хотыг нөмрөх тэнгэр" киноноос санаа авч Амбер Валеттаг Нью-Йоркт тэнгэрийн элч болгон зураг авалт хийжээ.

Агуу зурагчин Питер Линдберг - Үнэн төрхийг эрхэмлэгч (фото 3)

XX, XXI зууны бүжгийн түүхийг зургаар харуулсан тусгай тэнхим энэ үзэсгэлэнд миний хамгийн дуртай хэсэг байв. Аливаа хөдөлгөөнийг хийж байх үеийн бие махбодь, нүүрний илэрхийлэмж Линдбергт хамгийн сонирхолтой, үнэн бөгөөд сайхныг илтгэдэг аж. Тэрээр Германы бүжиг, кино, Диагилевийн "Бале Рус"-аас сэдэл авч олон зураг авсныг энэ танхимд дэлгэсэн бөгөөд зарим өдрүүдэд, тодорхой цагт, орчин цагийн бүжгийн тоглолт олныг баясгаж байлаа.

  • /
  • 02
  • /
  • 02

Өдгөө 73 настай зурагчин маань үзэсгэлэнгийн нээлтийн хэвлэлийн бага хурал дээр зочдын асуултад хариулж байхдаа англи, герман хэлээр чөлөөтэй хөрвөх ба өөрийн амжилтын нууцыг хойч үедээ үлдээнэ үү гэсэн асуултад "Дурангийн өмнө буй хүнээ сайтар ажиглах хэрэгтэй. Зарим сэтгэлийн хөдлөл ид шидтэй мэт аура дагуулдаг. Тэр мөчийг л дурандаа буулгах хэрэгтэй. Бусдын олж хараагүй тийм төрхийг, үнэн төрхийг буулгаж чадвал сая сайн зураг болно" гэж хариулж байв. Хувь хүн бүр өөрийн гэсэн үнэн төрхтэй, энэ үнэн нь түүнийг бусдаас онцгой, үзэсгэлэнтэй болгодог аж.

Д.Чанцалдулам

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх