Хайх

Тест: Та тэргүүн хатагтай нар ба эмэгтэй улс төрчдийн стилийг тааж чадах уу?

Тест: Та тэргүүн хатагтай нар ба эмэгтэй улс төрчдийн стилийг тааж чадах уу?

Хэн нь зөвхөн ажил хэрэгч хослол өмсөж, хэн нь эмэгтэйлэг юбкаг илүүд үздэг вэ?

Text: Buro.Mongolia


Дэлхийн тэргүүн хатагтай нар болон чадварлаг эмэгтэй улс төрчид сүүлийн арван жилийн хугацаанд үргэлж олны анхаарлын төвд байж, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн гол дүрүүд болоод буй билээ. Сонирхолтой нь тэдний ажил, хөдөлмөрөөс гадна хувцаслалтын стиль, тодорхой нөхцөл байдалд ямар төрх бүрдүүлсэн зэрэг нь ярианы сэдэв болох нь элбэг болжээ. Тухайлбал саяхан Мелания Трамп гэр бүлээсээ тусгаарлагдсан цагаач хүүхдүүдтэй уулзахаар Техаст хүрэлцэн ирэхдээ "Надад огтхон ч хамаагүй, харин чамд?" гэх бичигтэй хүрэм өмссөн нь шүүмжлэлд өртөж, одоо ч хэвлэлүүдээр яригдсаар байгаа. Мөн Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтоны өдөр тутамдаа сонгосон хувцас бүр бүсгүйчүүдийн шоппинг жагсаалтанд нэн даруй орж, брэндүүдийн борлуулалтад хүчтэй нөлөө үзүүлдэг гээд олон жишээ дурдаж болно. Ерөнхийдөө улс төрийн дресс-кодыг дагалгүй өөрийн гэсэн өвөрмөц стиль бүрдүүлж чадсан эмэгтэйчүүд ийнхүү бусдаас ялгарч, нөхрийнхөө сүүдрээс гарч, олны сэтгэлийг өөртөө татаж, мөн заримдаа эсрэгээрээ олны дургүйцлийг хүргэдэг билээ. Бид өвөрмөц стилиэрээ ялгардаг есөн эмэгтэйн есөн төрхийг бүрдүүлж, та бүхний мэдлэгийг шалгах нэгэн тест бэлдлээ.

Хэрвээ та тест бөглөхийн өмнө туслалцаа авахыг хүсвэл нийтлэлийн доор эмэгтэй бүрийн стилийн товч тодорхойлолт бий шүү.

 

Онооны нийлбэрээр тестийн хариуг харна уу.

Хөндлөнгийн ажиглагч (0-2 оноо)

Магадгүй та улс төр дахь эмэгтэйчүүдийн талаарх мэдээллийг цаг тухайд нь авдаг ч, тэдний хувцаслалтанд төдийлөн ач холбогдол өгдөггүй байх. Таны зөв ч байж болзошгүй юм. Мэдээж хувцаслалт тухайн хүний ололт амжилтыг тодорхойлохгүй. Гэхдээ өөр өнцгөөс харахад өнөөдөр улс төр дахь эмэгтэйчүүд өөрсдийн загварын сонголтын тусламжтайгаар нийгмийн үзэл бодлыг тодорхой хэмжээнд өөрчилж чадаж байна. Үүний нэгэн тод жишээ бол Брижит Макрон юм.
Стилист (3-6 оноо)Та улс төр дахь эмэгтэйчүүд хэрхэн хувцасладаг талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй юм байна. Шаардлагатай бол та энэ сэдвээр чөлөөтэй хэлэлцэж, Диана гүнжийн стилийг Кейт Миддлтоныхоос ялгах чадвартай байна. Гэхдээ жишээ нь Мелания Трампын "Надад огтхон ч хамаагүй, харин чамд?" гэх бичигтэй хүрэм үнэн хэрэгтээ нөхөртөө хандсан нууц ёгтлол эсэхийг таньж мэддэг байхын тулд илүү анхааралтай байх шаардлагатай биз ээ.
Загварын түүхч (7-9 оноо)

Та загварын салбарт ажилладаг уу? Үнэнээ хэлээрэй. Учир нь та улс төр дахь эмэгтэйчүүдийн загварын сонголтыг маш сайн мэддэг юм байна. Тэгэхээр та ямар ч асуудалгүйгээр дээрх сэдвийн дагуу зураг авалт зохион байгуулж, тодорхой нэг алдарт төрхийг хэрхэн өдөр тутамдаа хуулбарлаж болохыг зөвлөж, Брижит Макроны дуртай брэндүүдийг нэрлэж, Мелания Трампын хачирхалтай сонголтууд ямар учиртайг тайлбарлах чадвартай гэж хэлж болно.

Диана гүнж - Ард түмний гүнж Диана дундаж урттай юбка, биед эвтэйхэн ноосон цамц, намхан өсгийтэй эсвэл огт өсгийгүй гутал сонгон дэгжин хувцасладаг байсан. Заримдаа түүний өмссөн ноосон цамцнууд хөгжилтэй зураг, хээгээр олныг баясгадаг байсан шүү.

Жаклин Кеннеди - Аварга том нарны шил, зузаан материалтай сорочкан цамц, дундаж өсгийтэй туфли гээд ерөнхийдөө 60 ба 80-аад онуудыг санагдуулам хэв маяг бол тухайн үеийн загварын шүтээн Жаклин Кеннедигийн таних тэмдэг юм.

Хиллари Клинтон - Улс төрч эмэгтэйн нэрийн хуудас болсон стиль бол мэдээж хэрэг хослол юм. Заримдаа тэрээр энгийн хүрэмний оронд шулуун эсгүүртэй пальто өмсөх дуртай. Мөн олон жилийн турш намхан өсгийтэй гутлыг өөрийн стилийн салшгүй нэг хэсэг болгоод байгаа.

Мишель Обама - АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама энгийн байдлаараа ялгардаг. Тэрээр тэргүүн хатагтайн хувцасны шүүгээ ард түмэнд ойр, өргөн хүрээний хүмүүст ойлгомжтой байх ёстой гэж үздэг байсан. Иймээс түүний сонголт цэцгэн хээтэй даашинз, трапеци загварын өмд, сарафан даашинз, кардиган цамц гэх зэрэг энгийн америк бүсгүйн хувцаслалтыг тодорхойлох загварууд дээр буудаг билээ. 

Иорданы хатан хаан Рания- Ихэвчлэн урт даашинз өмсөж, цэнхэр өнгийг сонгодог Ранияд тодорхой нэгэн стиль оноох боломжгүй. Тэр заримдаа илүү дутуу детальгүй, нэгэн жигд өнгийн даашинз өмсдөг ч заримдаа мөн хээгээр баялаг загвар сонгох нь ч бий. Түүний төрхөнд өөрчлөгддөггүй ганц л зүйл бий. Тэр нь өндөр өсгийт юм. Хатан хаан өндөр өсгийтийг ямар ч нөхцөлд өмсдөг гэж хэлж болно.

Мелания Трамп - АНУ-ын тэргүүн хатагтай нөхцөл байдалд тохиромжгүй хувцасладгаараа олны дунд алдаршаад байгаа ч, үнэн хэрэгтээ түүний стиль нэлээд даруухан бөгөөд дэгжин юм. Мелания ихэвчлэн өвдөгнөөс доогуур урттай даашинз, пальто маягийн битүү даашинз, өргөн хүрээтэй шляп малгай, харандаа хэлбэрийн юбка, трапеци брюк өмд зэргийг сонгодог.

Тереза Мэй - Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй тун загварлаг хувцасладаг. Тэрээр гоёмсог гуталд юунаас ч илүү дуртай бөгөөд дизайнер Вивьен Вествудийг санагдуулам хээтэй хувцаснуудыг дэгжин байдлаар загварчлах нь элбэг.

Кейт Миддлтон - Кембрижийн гүнгийн авхай хатуу дресс-кодгүй арга хэмжээнд энгийн жийнсэн өмд, хоолойтой цамц ба баран өнгийн гутал өмсөх нь элбэг. Мөн давхар энгэртэй хүрэм бол түүний дуртай загваруудын нэг юм.

Брижит Макрон - Тэргүүн хатагтай нарын уламжлалт дресс-кодыг зөрчдөг гэдгээрээ алдартай Францын тэргүүн хатагтай Брижит Макрон албан ёсны арга хэмжээн дээр өвдөгнөөс дээгүүр урттай юбка ба ханцуйгүй даашинз өмсөх өндөр магадлалтай. Харин энгийн үед Брижит савхин өмд, тод өнгийн цамц, өдөн куртка, кет, болхи загварын гутал зэргээр хувцасладаг.

цааш үзэх