Хайх

Томми Хилфигер: Би сонгодог зүйлсийг дахин бүтээх дуртай

Бюро 24/7 ярилцлага

Дизайнер Томми Хилфигер хэрхэн загварын эзэнт гүрэн бүтээх талаар Мирослава Думад ярьлаа

Томми Хилфигер бол америк мөрөөдлийн амьд биелэл юм. Рок хөгжмөөр "өвчилсөн" 18 настай залуугийн анхны загварын бизнес өнөөдөр Tommy Hilfiger гэх эзэнт гүрэн болтлоо хөгжжээ. Дизайнер зорилгодоо хүрсэн ч зогсдоггүй. Тиймээс тэр дүрэм журам, загварын тогтолцоогоор туршилт хийж, салбарынхаа гол шинэчлэгчдийн нэгт тооцогдох болсон юм. Томми Хилфигер өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд болсон өөрийн загварын шоуны үеэр хоёр дах удаагаа "see now, wear now" системийг хэрэгжүүлсэн билээ.

Томми Хилфигер хэрхэн амжилттай бизнес бүтээх талаар Мирослава Думад ярьж, дөнгөж бизнес хийж эхэлж байгаа хүмүүст зөвлөгөө өгөхийн зэрэгцээ өөрийн брэндийн шинэ бодлогын талаар хуваалцлаа.

Та нэгэн удаа "Дизайнерын ажил намайг юунаас ч илүү аз жаргалтай болгодог. Анхнаасаа л дизайн миний амьдрал байх болно гэдгийг мэддэг байсан" гэж хэлсэн байдаг. Дизайнер болох нь таны хувь тавилан гэдгийг яаж мэдсэн вэ?

Би Нью-Йорк мужийн хойд хэсэгт орших Элмайр гэдэг жижиг хотод өссөн. Өсвөр насандаа рок-н-роллд дурлаж, рок од болно гэж мөрөөддөг байлаа. Гэхдээ жинхэнэ хөгжмийн авьяас надад биш миний ахад заяасан юм. Тиймээс би ядаж л жинхэнэ рок од шиг харагдах хэрэгтэй гэж үзэн, тохирох хувцас хайж эхэлсэн боловч Элмайр шиг жижигхэн хотод үүнийг олох амаргүй байв. Ингэж л миний рок одын хувцас хийх мөрөөдөл төрсөн юм даа. Би 18 настайдаа "People's Place" нэртэй анхны дэлгүүрээ нээсэн. Бид энэ дэлгүүрт трапец хэлбэрийн өмд болон үүнтэй ижил төрлийн, Элмайрт байдаггүй хувцаснуудыг худалдаалдаг байлаа. Энэ дэлгүүр миний карьерын үндэс суурь болж, хувцас урлах нь миний хүсэл тэмүүлэл гэдгийг надад баталж өгсөн юм.

Өнөөдөр дуу хөгжим таны ажилд хэрхэн нөлөөлж байна вэ?

Би үргэлж хөгжимд хайртай байсан. Ялангуяа рок-н-роллоос их урам авдаг. Би бүтээлээ туурвихдаа поп соёлын онцлох үйл явдлуудыг эргэн хардаг. Өнгөрсөн үеийн санаануудыг загварын тусламжтай шинэчилж болдог нь үнэхээр гайхалтай. Миний ихэнх сайхан дурсамжууд хөгжимтэй холбоотой. Жишээ нь The Rolling Stones хамтлагийн 1999 онд хийсэн "No Security" аялан тоглолтоос эхлээд Бейонсе, Алия, Марк Ронсон, Бритни Спирс нарын нэр брэнд болохоос өмнө би тэдэнтэй хамтарч ажилладаг байсан.

Томми Хилфигер: Би сонгодог зүйлсийг дахин бүтээх дуртай (фото 1)

Tommy Hilfiger брэндийг төгс илэрхийлэх хүн хэн бэ?

Жижи Хадид бол жинхэнэ "Tommy Girl". Тэр үнэхээр сэтгэл булаам, өөдрөг үзэлтэй хэрнээ өөрийн гэсэн стильтэй. Жижи XXI зууны загварын салбарт жинхэнэ хувьсал хийсэн. Үүнээс гадна тэр олон нийтийн сүлжээн дэх дагагчидтайгаа жинхэнэ харилцаа үүсгэх гайхалтай чадвартай.

Танд Жижи Хадидтай хамтарч ажиллах санаа хэрхэн төрсөн бэ?

Би нэлээд эртнээс түүний гэр бүлийг мэднэ. Брэндийн ойн баярт зориулсан загварын шоуны шалгаруулалтанд ирэхдээ тэр үнэхээр гайхалтай харагдаж байсан. Жижи тухайн үед улаан арьсан нөмрөг нөмөрсөн байсныг санаж байна. Бүгд түүнтэй зургаа даруулахыг хүссэн ч тэр их энгийнээр биеэ авч явж байсан. Тэгэхэд л бид Жижи Хадид шинэ цуглуулгын төлөөлөгч болоход төгс тохирно гэдгийг мэдсэн юм. Жижи яг л америк маягийн хэрнээ маш өвөрмөц Өмнөд Калифорнийн төрхтэй. Бас яг бидний хайж байсан нас болон дүр төрх мөн байсан.

Жижитэй хамтарч ажиллахад ямар байсан бэ?

Жижитэй хамтарч цуглуулга гаргах санаа анх бидэнд төрөхөд түүнийг хувцас бүтээх үйл явцад шууд оролцуулна гэж шийдсэн юм. Анхандаа бол Жижи студид хэдхэн цагийг өнгөрөөх ёстой байсан ч сүүлдээ тэр бидэнтэй бүтэн өдөржин хамт байдаг болсон. Тэр деталиудад маш их анхаарал хандуулж, товч гэх мэт жижиг деталь бүрийг маш нарийн, нямбай сонгож байсан. Жижи бүх үйл явцыг эхнээс нь дуустал мэдэхийг хүсдэг.

Таны брэндийн түүхийг өгүүлсэн "American Dreamer: My Life in Fashion & Business" номын талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

Би 18 настайдаа анхны брэндээ үүсгэн байгуулсан. Надад өөрийн гэсэн брэндтэй болох мөрөөдөл байсан юм. Жижиг хотод найман ах дүүсийн хамт өсч торнино гэдэг бүх талаараа амаргүй л дээ. Тиймээс би Нью-Йорк хот руу нүүж, өөрийн бизнес хийхийг тэсэн ядан хүлээж байлаа. Бүх зүйл анхны оролдлогоор бүтээгүй. Би маш эрт эхэлсэн учраас тухайн үед хэрхэн ажил хэргээ удирдахаа мэддэггүй байсан юм. Тийм учраас өөрийн маркийн бизнес үйл явцад хэрхэн анхаарал хандуулахаа явц дундаа сурах хэрэг гарсан. Зарим үед бүх зүйлийг эхнээс нь хийх шаардлага ч гардаг байв. Энэ ном миний туулсан замыг өгүүлсэн байгаа. Миний бизнесийн салбарт өнгөрүүлсэн 30 жил маш хурдан өнгөрсөн гэж боддог. Би заримдаа уулзсан хүмүүс, сурталчилгаа, хамтын ажиллагаа гээд энэ бүх хугацаанд болсон бүх үйл явдлыг бодолдоо дахин эргэцүүлдэг. Ийм зүйлсийг мартаж болохгүй гэдгийг би ойлгодог. Энэ ном бол миний түүх. Одоо дөнгөж өөрийн гэсэн бизнесийг эхлүүлж байгаа хүмүүст хэрэг болох олон түүх, амьдралын туршлага энэ номонд бий.

Томми Хилфигер: Би сонгодог зүйлсийг дахин бүтээх дуртай (фото 2)

Ирээдүйн дизайнеруудыг маркетингийн чиглэлээр суралцуулах нь чухал уу? Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

Загвар бол бизнес. Тиймээс дизайнерууд энэ салбарын бүтээлч ба маркетингийн талыг ч мэддэг байх ёстой. Анхны дэлгүүрээ нээсэн нь миний хувьд жинхэнэ бизнес удирдлагын магистрын зэрэг болж, уран бүтээл ба бизнесийн тэнцвэрийг олох нь асар чухал гэдгийг надад ойлгуулсан.

Хэрэв танд өөрийнхөө 20 настай хувилбарт зөвлөгөө өгөх боломж олдвол юу гэж хэлэх байсан бэ? Мөн та бизнес эрхлэгч болохыг хүсдэг 20 настнуудад ямар зөвлөгөө өгөх вэ?

Би бусад хүмүүсийн юу гэж бодох нь тийм ч чухал биш гэдгийг бүр эртнээс ухаараагүйдээ харамсдаг юм. Юу ч тохиолдсон өөрийнхөө мөрөөдлийг хэзээ ч хаяж болохгүй гэдгийг би ирээдүйн дизайнеруудад үргэлж хэлдэг. Шаргуу хөдөлмөрлөж, хийж буй ажилдаа үнэнч байх нь үргэлж үр дүнд хүргэдэг.

Таны "People's Place" дэлгүүрээс авсан туршлага үнэлэгдэшгүй гэж бодож байна. Та шаардлагатай туршлагыг хуримтлуулахын тулд бүх зүйлийг тэгээс эхэлсэн. Энэ туршлага таны өнөөдрийн эзэнт гүрнийг тань бүтээхэд тусалсан шүү дээ. Alibaba компанийн үүсгэн байгуулагч Жек Ма хүмүүсийг ажилд авахдаа өмнө нь ямар нэг зүйл шинээр эхэлж, уналтанд орж үзсэн эсэхийг нь чухалчилдаг гэж өнгөрсөн жил ярьж байсан. Хэзээ нэгэн цагт бүтэлгүйтэж байсан хүмүүс юу хийх ёстой ба юу хийх ёсгүйгээ маш сайн мэддэг. Энэ бол үнэлж баршгүй туршлага юм. Марк Цукерберг ч гэсэн Facebook-ийн өмнө өөр нэг төсөл хийж бүтэлгүйтсэн. Харин тэр одоо байх ёстой газраа ирсэн. Стив Жобсын бүтээгүй бүх төслүүд түүнийг Apple-ын одоогийн амжилтанд хүргэсэн.

Санал нийлж байна. Миний 25 жилийн турш хамтарч ажилласан Силас Чу гэдэг хамтрагч маань хэрэв чамд хэцүү үе тохиолдож байгаагүй бол чи бизнест амжилтанд хүрч чадахгүй гэж үздэг. Тэр хамт ажиллах хүмүүсээ сонгохдоо хэзээ, юун дээр алдаж байсныг нь асуудаг. Майкл Корс нэг удаа дампуурлыг даван туулсан учраас Силас түүнийг сонгосон. Коллежоо хаясан хүмүүс бусдаас илүү давуу талтай гэж Силас боддог. Яагаад гэвэл тэд суралцахын оронд ажиллаж, ямар нэг зүйлийг бүтээж байдаг. Жишээ нь өөрийн гэсэн бизнесийг бүтээж, өөрийгөө сорьж, маш их хүсч байгаа зүйлээ хийдэг. Цаг хугацааг ингэж өнгөрүүлэх нь хамаагүй илүү үр ашигтай.

Энэ улиралд та "see now, wear now" гэдэг худалдааны системийг нэвтрүүлсэн. Надад энэ систем маш шинэлэг санагдаж байгаа. Тийм болохоор "fast fashion" салбарын брэндүүд ийм амжилттай байдаг байх. Тэд загварын тайзнаас дүр төрхүүдийг хуулбарлаж, эх хувилбар нь худалдаанд гарахаас нэг сарын өмнө эдгээр хуулбаруудыг дэлгүүрүүдэд тавьсан байдаг шүү дээ. Tommy Hilfiger бол энэхүү улирлын тогтолцоогоор туршилт хийж байгаа анхны брэндүүдийн нэг. Тиймээс "Tommy now" бодлогын талаар дэлгэрэнгүй ярьж өгч болох уу?

Tommy now салбарын тоглоомын дүрмийг бүхэлд нь өөрчилнө гэж бид бодож байгаа. Бид үүнийг худалдан авагчдад зориулан хийж байна. Мөн бид үргэлж энгийн хүмүүст хүртээлтэй брэнд байсаар ирсэн. Ингэснээр бид худалдан авагчдыг шинэ концепц бүтээх үйл явцад оролцохыг урьж байгаа юм. Энэ бол хүмүүсийн хэрэгцээг зөвхөн худалдаагаар бус өөр маш олон аргаар хангаж байна. Бид цахим ба бодит орчинг хослуулж загварын шоу хийсэн нь маш сонирхолтой үйл явдал болсон. Бид үнэхээр онцгой зүйл бүтээж чадсан гэж бодож байна.

Энэ санаа загварын салбараас хол хүмүүст ч хувьсгал хийсэн сонсогдож байна. Та бүхний загварын шоунд ирсэн олон зочдын хувьд ийм төрлийн шоунд ирсэн анхны тохиолдол нь болсон.

Баярлалаа! Бид үүнийг загварын шоу гэж нэрлэж байгаа боловч үнэн хэрэгтээ илүү өргөн хүрээний, бүхэл бүтэн мультимедиа арга хэмжээ юм. Энэ бол загварын шоу бас загварыг сурталчлах шинэлэг арга барил байсан. Энэ бүгдийг бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэхийг бодож олсон Эйвери Бэйкер болон багийн хамт олонтой учирсан нь миний хувьд үнэхээр аз завшаан болсон. Дэлхийн хамгийн шилдэг санаанууд чамд байж болох ч үүнийгээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх аргыг олж чадахгүй байвал ч...

Томми Хилфигер: Би сонгодог зүйлсийг дахин бүтээх дуртай (фото 3)

Санаа бол зөвхөн 10%, харин гүйцэтгэл үлдсэн 90%-ийг эзэлдэг гэж би үргэлж хэлдэг. Тэгвэл Сан-Францискод санаа бол нэг хувь харин гүйцэтгэл 99% гэж үздэг. Дэлхийд маш гайхалтай санаануудтай олон хүн бас стартап компаниуд бий. Бид хамгийн анх технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж эхлэх үед надад бүх зүйл гүн сэтгэгдэл үлдээж, би хэнтэй ч хамаагүй хамтрахад бэлэн байсан. Гэхдээ дараа нь инженерийн баг зарим нэг зүйл дээр мэргэжлийн бус хандлага гаргаж эсвэл захирал нь асуудалтай санагдаж эхэлсэн. Тэгэхэд л би амжилт гүйцэтгэлээс шалтгаадаг гэдгийг ойлгосон.

Тэр ч үнэн шүү!

Хамгийн амжилттай 250 компани дээр тулгуурласан нэгэн судалгаанаанд цаг зохицуулалт, баг, гүйцэтгэл, санаа, бизнес төлөвлөгөө ба санхүүжилт гэсэн таван хүчин зүйлийг онцолсон байдаг. Цаг зохицуулалт бол амжилтын гол элемент юм.

Би тантай 100% санал нийлж байна. Тийм болохоор бид бүх зүйлийг хамгийн ойлгомжтой ба энгийнээр хийх аргыг олсон юм. Шоуны эхний минутаас, бичлэгийг интернетэд байршуулах хүртэл цуглуулгыг хүссэн үедээ зогсоож болдог форматаар хийсэн. Энэ үеэр мэдрэгчтэй дэлгэцтэй хана болон тантай автоматаар ярилцаж, худалдан авалт хийхэд тань туслах онлайн зөвлөгчөөр тоноглогдсон хоёр поп-ап дэлгүүр ажиллаж байсан. Бид Facebook олон нийтийн сүлжээтэй хамтарч, "TMY.GRL" гэх нэртэй мессенжер бүтээсэн юм. Энэхүү мессенжер худалдан авагчийн нөхцөл байдлыг ойлгож, үйлчлүүлэгчид хэрэгтэй байгаа мэдээллийг өгөх чадвартай.

Та үргэлж технологийг дэмжиж ирсэн бөгөөд туршилт хийхээс хэзээ ч айгаагүй. Таныг олон хүн дагана гэдэгт итгэлтэй байна.

Маш олон нарийн зүйлс байгаа учраас өөр хэн нэгэн үүнийг давтахад амаргүй л байх болов уу. Гэхдээ энэ бол ирээдүй гэж бодож байна.

Томми Хилфигер: Би сонгодог зүйлсийг дахин бүтээх дуртай (фото 4)

Та дандаа юу моодонд орохыг урьдчилан таамаглаж чаддаг. Та яаж ингэж чадаж байна вэ?

Би хөгжим, урлаг, загвар, энтертэйнмент зэрэг поп соёлоос урам зориг авч сонгодог зүйлсийг дахин бүтээх дуртай. Би 30 жил загварын салбарт ажиллахдаа эцсийн эцэст сонгодог зүйлс ямар ч трендээс урт насалдаг гэдгийг ухаарсан.

Та үргэлж мөрөөдөгч байсаар ирсэн. "See now, wear now", цахим хувцас солих өрөө, виртуал бодит орчинд суурилсан шоппинг бол үүний баталгаа. Та болон таны брэндээс ирээдүйд юуг хүлээх вэ?

Бүх сайхан зүйлс таны өмнө байгаа гэж би үргэлж хэлдэг шүү дээ. Өнгөрсөн хоёрдугаар сард манай шоу Лос-Анжелес хот руу нүүсэн. Энэ улирлыг эзэгнэж байгаа өдөр тутмын шик хувцаслалт тэндээс л төрсөн. Тиймээс Tommy Hilfiger Venice Beach-д яг л гэртээ байгаа мэт мэдрэнэ гэдгийг би мэдэж байсан юм. Өнгөрсөн есдүгээр сард Tommy Now загварын салбарт шинэ дүрмийг тогтоосон. Бид энэ эрч хүчээ Лос-Анжелес хоттой хуваалцахыг хүссэн. Яг одоогийн байдлаар бид Tommy Cares сангийн төслүүд дээр маш идэвхтэй ажиллаж байгаа. Би хүмүүст туслах боломж гарч ирэхийг мөрөөддөг байсан. Бид Tommy Cares сангийн хүрээнд боловсрол болон соёлын хөтөлбөрийг шаардлагатай хүмүүст нь хүргэж байна.

Томми Хилфигер: Би сонгодог зүйлсийг дахин бүтээх дуртай (фото 5)

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх