Хайх

Яг одоо Instagram-д дагах хэрэгтэй алдартнуудын стилистүүд

Яг одоо Instagram-д дагах хэрэгтэй алдартнуудын стилистүүд

Хамгийн алдартай 5 стилист

Text: Buro.Mongolia


Цаг минут тутамд тэднийг ажиглах папарацци зурагчдын дуранд үргэлж загварлаг, сайхан харагдах нь алдартнуудад тулгардаг нэгэн том асуудал. Тэгвэл энэ асуудлыг шийдэхэд тэдэнд хэн тусалдаг вэ? Мэдээж стилистүүд. Бид Instagram олон нийтийн сүлжээнд хамгийн алдартай 5 стилистийг онцоллоо.

Эмма Жейд Мориссон

27 настай Эмма Жейд Мориссон хэдэн сарын өмнөөс Эмили Ратаковски, Рози Хантингтон-Уайтли, Марта Хант нарын стилистээр ажиллахаар Vogue сэтгүүл дахь ажлаа орхижээ. Эммагийн хувьд алдартны стилистээр ажиллах нь яг л найздаа хувцаслалтын зөвлөгөө өгч буй мэт санагддаг бөгөөд түүний хувьд улаан хивсний дүр төрхөөс илүү street style хувцаслалт дээр ажиллах нь илүү таалагддаг байна.

Мими Катрелл

Жижи Хадид, Приянка Чопра, Белла Хадид нарын хувцаслалт таалагддаг бол тэдний стилистээр ажилладаг Мими Катреллийн Instagram хуудсыг дагаарай. Тэрээр Instagram-даа сонирхолтой хувцаслалтын санаа нийтлэхээс гадна зураг бүр дээрээ брэнд, үсчин гээд бүхий л хэрэгтэй мэдээллийг tag хийдэг учир олон мэдээллийг нэг дороос авах боломжтой.

Карла Уэлч

Хувцаслалт бүрээс нь этгээд хэв маяг мэдрэгдэх Lorde, Сара Полсон нарын стилистээр ажилладаг Карла Уэлч. Тэрээр Levi's брэндтэй хамтран жийнсний цуглуулга саяхан танилцуулсан бөгөөд Instagram хуудсаараа дамжуулан улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх дуртай.

Марни Сенофонте

Сонирхолтой загваруудыг санаанд оромгүй байдлаар загварчилдаг Марни Сенофонте Кендалл Женнер, Бейонсе нарын стилистээр ажилладаг. Y/Project брэндийн нүсэр түрийтэй гутлыг хэрхэн загварчилж өмсөхийг Марни л мэддэг гэлтэй. Instagram хуудсандаа 227 мянган дагагчтай Марниг дагаснаар сүүлийн үеийн чиг хандлагын тухай мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Маив Реилли

Жейми Фокс, Рассед Брэнд зэрэг эрэгтэй жүжигчдийн стилистээр ажиллаж ажлын гараагаа эхлүүлж байсан Маив Реилли өдгөө энтертэйнмент ертөнц дахь алдартай бүсгүйчүүдийн хувцаслалтыг хариуцдаг. Түүний үйлчлүүлэгчид дунд Хейли Болдуин, Halsey нар багтдаг ба Ksubi, The Wolf Gang, Bec+Bridge брэндийн стилистээр давхар ажилладаг ажээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх