Хайх

Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэйчүүд - I хэсэг

Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэйчүүд - I хэсэг

Таван дизайнер, гурван эрхлэгч

Text: Buro.Mongolia


Амжилтанд хүрсэн, бусдыг манлайлсан хүмүүсийн намтар танд урам зориг, өөртөө итгэх итгэл бэлэглэх болно. Эдгээр хүчирхэг эмэгтэйчүүдийн ололт, амжилт нэг л өдөр бий болоогүй бөгөөд насан туршийн хөдөлмөр нь тэднийг амжилтанд хөтөлсөн болохыг эндээс уншаарай

 

Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэйчүүд - I хэсэг (фото 1)

Виктория Бекхэм

Британи Энтони, Жеки Адасууд гэдэг амжилттай бизнесменүүдийн гэр бүлд Виктория Адамс-Бекхэм 1974 онд төржээ. Тэр багаасаа л од болох мөрөөдөлдөө хөтлөгдөн найман настайгаасаа хөгжим, бүжигт суралцаж байлаа. Виктория 1993 онд охидын "Spice Girls" шинэ хамтлагийн шалгаруулалтыг амжилттай давлаа. Хамтлаг дэлхий даяар алдаршсан юм. Виктория 1999 онд алдартай хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн Бруклин нэртэй хүүг төрүүллээ. Үүний дараа хосууд гэрлэсэн түүхтэй. 

Виктория 2002 онд хоёр дахь хүү Ромеог төрүүлэв. Дараагийн жилд нь тэрээр Dolce & Gabbana итали брендийн нүүр царай болов. Бекхэмийнхний гурав дах хүү Круз 2005 онд төрлөө. Виктория Бекхэм дуучны карьераа 2004 онд төгсгөөд загварын салбарт орж ирэв. Эхлээд "Rock and Republic" брэндийн дизайнераар ажиллаж байгаад "dVb Style" маркийн нэрээр өөрийн деним шугмыг гарган ирэв. Мөн тэр үеэр нүдний шил, үнэртэй усны шугмаа ч гаргажээ.

Бекхэмийнхэн 2007 онд АНУ-д иржээ. Жилийн дараа нь "Victoria Beckham" маркийн хатуу, цэгц даашинзийн анхны цуглуулгаа Нью-Йоркийн загварын долоо хоног дээр үзүүлжээ. Фэйшн шүүмжлэгчид, хэвлэлээс эерэг үнэлгээ авч чадлаа. Дараа нь Victoria by Victoria Beckham гэдэг хувцас, цүнхний шугмаа 2011 онд гаргалаа. Тэр жилдээ Виктория дөрөв дэх хүүхэд болох охин Харпер Севенийг төрүүлжээ.

Өнөөдөр Виктория Бекхэмийн бизнес амжилттай хөгжиж байна. Одоо компани нь ready-to-wear, деним, нүдний шил, үндсэн шугмын аксессуар гэсэн дөрвөн төрөлтэй. Мөн Виктория Бекхэм "Өөрийн намтар" ба "Стилийн хөтлөгч" гэсэн хоёр номыг бичжээ.

Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэйчүүд - I хэсэг (фото 2)

Диана фон Фюрстенберг

Диана фон Фюрстенберг нэрээр алдаршсан Диана Симон Мишель Халфин нь домогт загвар зохион бүтээгч бөгөөд асар том загварын "DVF" гэх эзэнт улсыг толгойлдог.
Диана 1946 онд Брюссель хотноо төржээ. Эцэг нь орос, эх нь грек хүмүүс байлаа. Диана хүүхэд ахуй, өсвөр наснаасаа Европын янз бүрийн орнуудад амьдран суралцаж иржээ. Швейцарид эдийн засагчийн мэргэжлээр их сургуульд суралцан төгсгөөд дараа нь Парист очин Альберт Коскийн гэрэл зургийн агентлагтай хамтаран ажиллаж байлаа. Италийн Анжело Ферреттийн гар үйлдвэрт ажиллах үеэрээ хувцасны дизайнаар анх удаагаа оролджээ.

Диана Женев хотноо немц ван Эдуард Эгон фон Фюрстенбергтай 1965 онд танилцаад дөрвөн жилийн дараа түүний эхнэр болов. Тэдний хуримын зураг "Vogue" сэтгүүлд нийтлэгдсэн түүхтэй.

Диана фон Фюрстенберг 1970 онд хүү Александраа Америкт төрүүлжээ. Түүнийг төрөхөөс өмнө тэрээр эмэгтэйчүүдийн маш дэгжин даашинз бүтээж эхэлсэн ба хэдэн сарын дараа өөрийн анхны танилцуулгаа хийжээ. Дараагийн хоёр дах жилд Диана хоёр дахь хүүхэд Татьяна охиноо төрүүлж, Долдугаар гудамжинд "шоу-рум"-ээ нээгээд нөхрөөсөө салсан юм.

Диана энгэр нь зөрсөн даашинзны загварыг 1972 онд зохиосон нь түүнийг дэлхий даяар алдаршуулж, эмэгтэйчүүдийн бүхэл бүтэн үеийн бие даасан байдлын билгэдэл болж чадлаа. Тэрээр сая гаруй даашинзаа зарж чадсан ба "Newsweek" сэтгүүлийн хавтаснаа залрав. Диана 1974 онд гоо сайхны бүтээгдэхүүний шугмаа нээгээд "Tatiana" сүрчигээ танилцууллаа. Дараалаад мөн гэр ахуйн бараа, тавилга сэлтийг өөрийн брэндийн нэрийн дор гаргаж эхэлжээ. Тэр нь хэдэн жилийн дотор түүнд 100 сая долларын орлого авчирсан юм. Тэр мөн интерьерын дизайны тухай хэд хэдэн номыг зохион хэвлүүлсэн байлаа.

Диана фон Фюрстенберг 1997 онд өөрийн брэндээ буцаан сэргээх өргөн цар хүрээтэй ажилд орлоо. Өөрийн лицензүүдийг эргүүлэн худалдаж аваад энгэр нь зөрсөн даашинзныхаа худалдааны гэрээг байгуулсан нь түүнд тогтвортой, их хэмжээний орлого авчирчээ. Загварын салбарын олон тооны гол шагналуудыг авч байсан Диана 2006 оноос Америкийн загварын дизайнерүүдийн зөвлөлийг толгойлох болов.

Диана далаад оны дунд үед таван жилийн турш уулзан учирч байсан тэрбумтан Барри Диллертэй 2001 онд гэрлэжээ. Тэрээр буяны үйлст ихээхэн хүчин зүтгэл гаргадаг бөгөөд урлагийн төрлийн санаачлагуудыг дэмждэг. "Миний хүслийн эмэгтэй" гэсэн дурсамжийн номоо Диана 2014 онд хэвлүүлж, түүндээ өөрийн амьдралаа өгүүлжээ.

Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэйчүүд - I хэсэг (фото 3)

Карин Ройтфельд

Стилист Карин Ройтфельд Парис хотноо 1954 оны есдүгээр сарын 19-нд орос гаралтай кино продюссер, Яков Ройтфельд гэх франц эмэгтэй хоёрын гэр бүлд төржээ. Карин 18 наснаасаа моделийн карьер эхэлсэн ч оддын гэх статус авч чадсангүй. Тэрээр сэтгүүлчийн ажилд дуртай болсон бөгөөд Францын  "ELLE" сэтгүүлд бичиж, стилист хийх болсон байв. Хэдэн жилийн турш чөлөөт стилист хийхийн зэрэгцээ гэр бүлдээ зүтгэжээ. Карин Кристиан Рестуан гэдэг залуутай гэрлэж, том охин Жулиагаа 1980 онд төрүүлсэн ба дөрвөн жилийн дараа хүү Владимир нь мэндэлжээ.

Карин 1990 онд "Vogue Bambini" сэтгүүлд зориулан өөрийн охины зураг авалтыг зохион байгуулсан юм. Гэрэл зурагчнаар нь Марио Тестино ажилласан бөгөөд тэдний хооронд ажил хэргийн сайн баг бий болсон байлаа. Тэд хамтдаа топ брэндүүдийн хэд хэдэн зураг авалт хийсэн нь Америк, Францын "Vogue" сэтгүүлд нийтлэгдсэн юм. Ройтфельд-Тестино нар 1995 онд Tom Ford маркийн ихээхэн өдөөн хатгалттай рекламын зураг авалт хийсэн нь шүүмжлэл дагуулав. Хүмүүс Кариныг хэтэрхий задгай зурагт дуртай гэх болжээ. 

XXI зууны эхэнд Карин Ройтфельд аль хэдийнэ сексуаль, өдөөн хатгалтын мастер гэсэн нэртэй болоод байсан ч түүнд "Vogue" сэтгүүлийн Франц хувилбарын ерөнхий редакторын албан тушаал санал болгосон юм. Тэрээр энэ тушаалд арван жил ажилласан бөгөөд энэ үед нь түүнийг Анна Винтуртай өрсөлдөж чадах цорын ганц хүн гэж нэрлэж иржээ. Карин 2011 онд тушаалаа орхин Chanel-д  чөлөөт стилист болсон юм. Тэр 2012 онд Harper's Bazaar сэтгүүлийн загварын захирал болжээ.

Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэйчүүд - I хэсэг (фото 4)

Каролина Эррера
 
Мария Каролина 1939 онд Каракас хотод дөрвөн охинтой айлын хоёр дахь хүүхэд болон төржээ. Түүний аав нь нисгэгч байсан бөгөөд гадаад хэргийн яаманд алба хашиж байлаа. Тэрээр охидуудаа ихээхэн сахилга баттай болгон хүмүүжүүлсэн гэдэг. Гэхдээ хүүхдүүд нь нэлээн тансаг амьдралд өсчээ. Каролина Эррера 13 настайдаа анхны загварын шоу буюу "Balenciaga"-гийн цуглуулгыг Парист үзэж байлаа. Тэр 15 настайдаа бас л анхных болох "Lanvin" кутюрын даашинзаар гоёж эхэлжээ.
Каролина 19 настайдаа Гуьермо Беренс-Теллотай гэрлэн түүнд хоёр охин төрүүлж өгсөн байв. Харин 25 настайдаа нөхрөөсөө салаад эцэг, эхдээ эргэн иржээ. Тэрээр энэ үеэд дэгжин хувцасны "Alfa" бутикт "Emilio Pucci"-ийн төлөөлөгчөөр ажилладаг болсон байна. Дөрвөн жилийн дараа Рейналдо Эрреро Геваратай гэрлэхдээ өөрийн бүтээсэн шар богино даашинзаар гангарчээ. 

Каролина 41 хүрээд гэр бүлийн хамт Каракасыг орхин Нью-Йоркт очин суурьшлаа. АНУ-д ирэнгүүтээ "туршилт" болгон 24 даашинзаас бүрэлдсэн жижиг хэмжээний цуглуулга хийж танилцуулсан байна. Дахиад нэг жил өнгөрсний дараа тэрээр өөрийн бүрэн хэмжээний анхны цуглуулгаа Метрополитен клубт хийлээ. Каролина Эррера 1986 онд ихээхэн чөлөөтэй шугмыг бүтээж, дээр нь Кэролайн Кеннедигийн хуримын даашинзыг оёжээ. Үүнээс хоёр жилийн дараа тэр хуримын даашинзны шугам болон анхны үнэртнээ танилцуулсан байна.
Наяад оноос эхлэн Каролина Эррера Нью-Йоркт ажиллаж эхэлсэн ч түүний том шагналууд ба бутик нь зөвхөн 2000-аад онд бий болжээ. Тэр үеэр Каролинагийн даашинзууд улаан хивсний ёслолд үзэгдэх болж, "Carolina Herrera" маркаар гол шагналуудаа гардан авахаар одод гангарах болсон байна. Каролина Эррераг 2004 онд Америкийн "Vogue" сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур "Мөнхийн дэгжин байх рашааныг зохиосон хүн" гэж нэрлээд түүний тансаг даашинзуудыг "орчин үеийн эмэгтэйлэг стилийн жишиг" гэжээ.

Сонирхолтой нь Каролина Эррера хэзээ ч загварын салбарын мэргэжлийн боловсрол аваагүй юм. "Би хувцасны дизайны сургуульд суралцаагүй гэхдээ харьцаа, өнгө, хэлбэртэй хэрхэн ажиллахыг мэднэ" гэж тэрбээр нэгэн ярилцлагадаа хэлж байлаа.

Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэйчүүд - I хэсэг (фото 5)

Миучча Прада

Миучча Прада Милан хотноо 1949 онд төржээ. Түүнийг есөн настай байхад компанийг үндэслэсэн Марио Прада өвөө нь нас баржээ. Миучча 15 настайдаа тэрсгүй нэгэн байсан ба Saint Laurent, Pierre Cardin зэрэг дизайнеруудын этгээд хувцсаар гоёж бүх талаар нэгдүгээр хүн байхыг хичээж ирсэн гэдэг. Миучча 1970 онд Миланы их сургуулийг улс төрийн шинжлэх ухааны мэргэжлээр дүүргэсэн байна. Дараа нь докторын зэрэг хийхээр суралцав. 

Миучча Прада 1977 онд гэр бүлийн бизнесээ ээжээсээ өвлөн авсан юм. Тэр үед коммунист байсан тэрээр загвараар хөөцөлдөх сонирхолгүй байлаа. "Даашинз, шаахай бүтээх нь амьдралаа өнгөрүүлэх муу арга гэж би бодож байсан юм" хэмээн тэр хожим нь ярьсан байдаг. Гэвч 1978 онд тэр багаасаа ширэн цүнх хийж, үйлдвэрлэдэг байсан Тосканны бизнесмен Патрицио Бертеллитай танилцан нөхөрлөжээ. Тэрээр түүнд туслах санал тавьсан бөгөөд удалгүй тэдний хайрын роман эхэлсэн байв. Эхлээд Миучча түүнийг өөрийн ментор (ашигтай холбоо сүлбээтэй найз) болгосон байснаа дараа нь Prada вант улсынхаа тэргүүн болгов. Тэд хамтарсан эмэгтэй гутлын шугмаа 1979 онд танилцууллаа. 

Прада, Бертелли хоёр 1987 онд албан ёсоор эхнэр нөхөр хоёр болсон юм. Жилийн дараа тэдний хүү Лоренцо төржээ. Жирэмсэн байсан ч Миучча нойр хоолгүй зүтгэн тэр жилдээ анхны эмэгтэй хувцасны цуглуулгаа танилцуулсан байна. Үүнээс хоёр жилийн дараа Miu Miu (өөрийнх нь хоч) нэртэй шугмаа танилцууллаа. "Аксесуарын шилдэг дизайнер", "Гадаадын шилдэг дизайнер гэсэн Америкийн загварын дизайнерүүдийн зөвлөлийн хоёр шагналаар тэр 1993, 1994 онуудад шагнагдсан байв. Миучча 1994 онд эрэгтэй хувцасныхаа шугмыг гаргажээ.

"Prada LineaRossa" гэсэн деним шугам, "Prada Sport "гэсэн спортын хувцасны шугмаа 1997-1997 онуудад Миучча Прада танилцуулж байлаа. Тэр Донателла Версачийн хамт 1999 онд Британийн хөлбөмбөгийн "Манчестер Юнайтед" багийн спортын хувцсыг бүтээжээ. Forbes сэтгүүл түүнийг 2001 онд дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад анх оруулсан байлаа. Тэр сэтгүүл 2005 онд Миуччагийн хөрөнгийг гурван тэрбум доллараар үнэлэв. Мөн тэр жилд нь Time сэтгүүл анх удаагаа түүний нэрийг дэлхийн нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтдаа оруулжээ.

Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэйчүүд - I хэсэг (фото 6)

Стелла МакКартни

Загварын ертөнцийн ирээдүйн од, алдартай хөгжимчин бөгөөд The Beatles хамтлагийг үндэслэгч нарын нэг Пол МакКартнийн гэр бүлд Лондон хотноо төржээ. Стелла хүүхэд насаа  Duran Duran, Haircut 100 хамтлагуудын дууг сонсон, спортын клубын дэмжигч бүжигчдийн нугалаатай юбкаар гангаран өнгөрөөжээ.

Тэрээр 15 настайдаа Кристиан Лакруагийн хажууд, дараа нь Англи дизайнерууд болох Бэтти Жексон, Маргарет Хоуэлл нартай хамт ажиллажээ. Стелла МакКартни 1992 онд 21 настайдаа Лондоны Гэгээн Мартины нэрэмжит алдартай коллежид элсэн суралцаж, төгсөлтийн цуглуулгынхаа үзүүлбэрт өөрийн найз нар болох Наоми Кэмпбелл, Кейт Мосс нарыг урьсан байв. Эцгийнх нь хөгжмийн ая дор явагдсан энэ арга хэмжээ загварын салбарын олон тооны мэргэжилтнүүдийн анхаарлыг татлаа. Тэрээр 1996 онд "Chloé" маркийн бүтээлч захиралаар томилогджээ.

МакКартни 2000 онд Мадоннагийн хуримын даашинзыг бэлтгэж, дуучны хурим дээр сүйт бүсгүйн гол найз болон оролцов. Конгломерат "Gucci Group" брэндийг нь сонирхсон анхны эмэгтэй дизайнер тэр болж чадсан бөгөөд уг компани "StellaMcCartney" брэндийн хувьцааны 50 хувийг 2001 онд худалдан авчээ. Стелла өөрийн маркийн бутикийг 2002 онд Нью-Йоркт нээжээ. Жилийн дараа тэрээр Аласдер Уиллис гэдэг англи хүнтэй гэрлэн карьер, гэр бүлийг хэрхэн амжилттай зохицуулах жишээг үзүүлэв.

Стелла МакКартни 2004-2009 онуудад "аdidas by Stella McCartney" шугмыг бүтээж, H&M, Gap Kids, Baby Gap, Австралийн Target, Америкийн Barneys New York зэрэг компаниудад зориулан капсул цуглуулга бүтээсэн. Мөн YSL Beauté-тэй хамтран аксесуар, гоо сайхны бүтээгдэхүүний шугмуудыг гаргасан байв. Стелла 2011 онд Лондонгийн зуны Олимпийн  тоглолтод оролцсон Их Британийн шигшээ багийн дүрэмт хувцсыг бүтээсэн байлаа.

Стелла МакКартни загварын салбарын олон тооны нэртэй шагналуудыг авч, загварын сэтгүүлүүд болон эвслүүдийн хувилбараар нэг биш удаа "Оны шилдэг дизайнер" цол авч байлаа.

Одоо тэрээр өөрийн брэнд болон "аdidas by Stella McCartney" шугмаа сайжруулан ажиллаж байна. Тэр өөрийн брэндийг "eco-friendly" гэж нэрлэдэг бөгөөд Stella McCartney хувцас, аксесуартаа арьс, үслэг зэргийн амьтны гаралтай материалыг огт ашигладаггүй.

Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэйчүүд - I хэсэг (фото 7)

Анна Винтур

Америкийн "Vogue" сэтгүүлийн ээлжгүй ерөнхий редактор Анна Винтур 1949 онд Лондон хотноо төржээ. Түүний аав нь "London Evening Standard" сониныг удирдаж байлаа. Залуу наснаасаа Анна загвар, сэтгүүл зүйг ойлгож ирсэн бөгөөд сонинг залууст хэрхэн сонирхолтой болгох талаар эцэгтээ зөвлөдөг байв. Сургуулийн дараа тэрээр дэгжин хувцасны Лондоны бутикт ажиллаж эхэлжээ. Арай хожуу өөрийн хүчийг сэтгүүл зүйн салбарт үзэхээр шийдэв. "Harpers&Queen" сэтгүүлийн загварын албаны туслах болж гараагаа эхлэж, ажлаа амжилттай хийн карьерын шатаар хурдтай өгслөө. Гурван жилийн дараа Винтур ерөнхий редакторын орлогчоор томилогдов. Гэвч шинэ редактортай зөрөлдсөн нь гэрээгээ цуцлах шалтгаан болов. Үүний дараа Винтур Нью-Йоркт очсон байна. Тэнд Harper's Bazaar, Savvy, New York сэтгүүлүүдтэй хамтарч байлаа. Ингээд Винтурын мөрөөдөл биелэн Америкийн Vogue сэтгүүлийн ерөнхий редакторын тушаалд 1988 онд томилогджээ. Тэр цагаас хойш сэтгүүлийн ээлжгүй, нүдэнд дулаахан лидер нь болж чадлаа.

Олноос онцгойрох, ер бусын мэдрэмж, загварын зоригтой үзэл санаагаа батлан барихын төлөө тууштай тэмцдэг зэрэг чанар Анна Винтурын мах цусанд шингэсэн байгаа. Энэ зан түүнийг удирдлага болон хамтран зүтгэгч нартай нь нэг биш удаа сөргөлдүүлж байв. Мөн тэр чанар нь асар их амжилт олоход нь түүнд тус болжээ. Загварын ертөнцөд Винтур нэг хүний дарангуйллын арга барилтай. Хамтран ажиллагч нараас бүх хүчээ гаргахыг шаардан, өөрөө бүгдийг хянадаг. Удирдлагын тийм арга барил нь Аннад "Atomic Winter" буюу «Цөмийн өвөл» хочийг авчирчээ. Мөн тэрээр олон жил өөрчлөөгүй "Боб стилийн" үс засалт, байнга зүүдэг том "Chanel" нарны шилээрээ алдартай.

Винтурын туслах асан эмэгтэйн бичсэн «Prada өмсдөг чөтгөр» ном 2003 онд хэвлэгдэн гарсны дараа Анна Винтур олонд илүү сайн танигдах болжээ. Хожим тэр номоор кино хийгдэж, гол дүрийг нь Мерил Стрип бүтээсэн юм. Тоглоом шоглоом даадаг, өөрийгөө элэглэх мэдрэмжээ харуулан Винтур уг киноны нээлтэд ирэхдээ Prada хувцсаар гоёсон байлаа.

Анна Винтур сэтгэл зүйч Дэвид Шэффертэй 15 жилийн турш ханилж байгаад 1999 онд салснаасаа хойш хөрөнгө оруулагч Шелби Брайантай найзлах болжээ. Анна хоёр хүүхэдтэй. Хүүг нь Чарли, охиныг нь Би Шэффер гэдэг.

Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэйчүүд - I хэсэг (фото 8)

Эвелина Хромченко

Оросын загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйн нэг Эвелина Хромченко Уфа хотноо төржээ. Багаасаа сэтгүүлч болохыг мөрөөдөж байсан тэрээр Москвагийн Их сургуульд элсэж, улаан дипломтой төгсжээ.

Суралцаж байх үедээ Эвелина Хромченко Оросын Телевиз, радиогийн Төв хороонд ажиллан референтээс тоймч хүртэл дэвшсэн байлаа. Бие даан хэд хэдэн радио төсөл хийсэн ба тэдний тоонд залуучуудын загварын хөтөлбөрийг явуулжээ.

Их сургуулиа дүүргээд дараагийн таван жилд нь "Европ Плюс" радиотой хамтран ажиллаж, загварын тухай "Тайз" гэсэн өөрийн хөтөлбөрийг явуулж иржээ. Тэр үеэр залуу охидод зориулсан "Маруся" гэдэг загварын сэтгүүл гаргаж, гялгар сэтгүүлүүдэд булан хөтөлж байлаа.

Ерээд оны дундуур Хромченко олон нийттэй харилцах "Артефакт" агентлагаа нээн загварын салбарын томоохон төслүүдэд PR дэмжлэг үзүүлж байлаа.

Эвелина 1998-2010 онуудад "L'Officiel" сэтгүүлийн Орос хувилбарыг толгойлж түүгээрээ олон улсын загварын хүрээнд алдар нэртэй болсон. Тэрээр 2007 оноос "Модный приговор" хөтөлбөрийг Оросын нэгдүгээр сувагт хөтлөн, үндэсний хэмжээнд нэртэй болжээ. Энэ хөтөлбөрөөрөө Оросын телевизийн "ТЭФИ" шагналыг 2008, 2015 онуудад авч байлаа. Хромченко Оросын хамгийн алдартай "Топ-25" жагсаалтад 2010 оноос хойш тогтмол бичигдэж иржээ.

Хромченко 2010-2012 онуудад "Les Editions Jalou Paris" хэвлэлийн олон улсын редакцийн захирал хийж байлаа. Эвелина "Assouline" хэвлэлийн газарт "Russian Style" номыг англи, франц хэлээр хэвлүүлж, "Prada өмссөн чөтгөр" киноны Оросын прокатад Мэрил Стрипийн дүрийг орчуулан дуу оруулжээ. Сэтгүүлчийн ажлаас гадна Эвелина Хромченко багшилдаг. Тэрээр арваад жил Эдийн засгийн дээд сургуульд өөрийн хөтөлбөрөөр хичээл явуулж байна. 

 

цааш үзэх