Хайх

Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэйчүүд: II хэсэг

Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэйчүүд: II хэсэг

Үзэсгэлэнт найман модель

Text: Buro.Mongolia


Залуу нас, гоо үзэсгэлэн, амжилт бүтээлээрээ дэлхийг байлдан дагуулсан найман бүсгүйн намтарыг танд хүргэж байна. Тэд бүгдээрээ үзэсгэлэнтэй ч намтар, түүхэнд нь адил төстэй олон зүйлс бий

 

Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэйчүүд: II хэсэг (фото 1)

Кара Делевинь

Английн нэрт модель Кара Делевинь 1992 онд Лондон хотноо төржээ. Тэр анхны зургаа арван настайдаа Италийн "Vogue" сэтгүүлд авахуулж, загварын ертөнцөд орж ирсэн юм. Загварын бизнест шинэ авъяастан хайх агент хийдэг, Кейт Моссыг нээж байсан Сара Дукас 17 настай Кара Делевинийг олж танилцсаар түүний карьер эхэлжээ. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2011 он гэхэд Кара "Burberry"-тай хамтран ажиллах болсон байна. 

Карагийн хувьд 2012 он хамгийн одтой үе байлаа. Тэрээр Chanel, Yves Saint Laurent, Tom Ford, DKNY, H&M, Blumarine брэндүүдийн фотомодель болсон юм. Тайзнаа Burberry, Moschino, Jason Wu, Oscar de la Renta, Dolce & Gabbana, Fendi, Lanvin, Stella McCartney, Givency зэрэг брэндүүдийн хувцсыг тэр өмсөн алхаж байлаа. Топ брэндүүдтэй ийм өргөн хэмжээнд хамтарч байсныг нь Британийн "Vogue" сэтгүүл түүнд "Улирлын од" цолыг хүртээсэн юм. Тэр цагаас хойш Кара дэлхийн тэргүүлэх загварын орднуудын моделиар ажиллаж байна. Энэ хугацаанд "British Fashion Awards"-ын "Оны модель" цолыг хоёр удаа мөн бусад цол, шагналуудыг авчээ.
Моделийн карьерын зэрэгцээ, Кара Делевинь кинонд тоглож, хөгжим сонирхдог. Британийн найруулагч Жо Райтын найруулсан "Анна Каренина" киноны зураг авалтад оролцсон ч тэр үедээ өөртөө хэт бардсанаас болж шалгаруулалтад тэнцээгүй тухайгаа тэр Бюро 24/7-д ярьж байсан юм. Хөгжмийн сургуульд сурч байсан Кара дуулдаг ба бөмбөр, гитар тоглодог, өөрийн гэсэн хоёр цомогтой. Үе, үе бусад алдартай дуучидтай хослон дуулах нь бий. Тухайлбал, тэрээр Фаррел Уильямсийн хамт "CC The World" гэх дуу хийсэн нь Chanel-д зориулагдсан Карл Лагерфельдын "Reinсarnation" гэх богино хэмжээний кинонд ашиглагджээ.

Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэйчүүд: II хэсэг (фото 2)

Миранда Керр

Топ-модель Миранда Керр Сидней хотод 1983 онд төржээ. "Dolly" сэтгүүлийн моделийн уралдаанд тэр 13 настайдаа ялснаар алдар нэртэй болох замнал нь эхэлжээ. Үүний дараа түүнийг "Roxy", "Tigerlily, Billabong Girls" компаниуд зураг авалтанд урьж оролцуулах болжээ.

Гэхдээ Миранда Керрийн жинхэнэ карьер 2004 онд NEXT моделийн агентлагтай гэрээ байгуулсны дараа эхэлсэн байлаа. Тэр цагаас Миранда том брэндүүдийн шоунд байнга оролцох болсон. Тэрээр Victoria's Secret брэндийн анхны Австрали "Сахиусан тэнгэр" болсон билээ. Forbes сэтгүүл түүнийг 2008, 2012 онуудад хамгийн баян супер модель гэж нэрлэж байлаа.
Миранда 2010 оноос жүжигчин Орландо Блумын эхнэр болсон юм. Мөн тэрээр "Vogue" сэтгүүлийн хавтаснаа жирэмсэн зургаа тавиулсан анхны модель болж чаджээ. Удалгүй тэднийх Флинн Кристофер гэдэг хүүтэй болсон юм. Хосууд 2013 онд салжээ. Гэхдээ хүүхдээ хамтран өсгөдөг байна. Харин албан ёсны салалтаа тэд хийгээгүй аж.
Миранда Керр Буддын шүтлэгтэй. Йогоор хичээллэж, ногоо, загас, жимсний тусгай хоолны дэглэм барьдаг. Модель 2009 онд гоо сайхны байгалийн цэвэр эко "Kora Organics" гэх бизнесээ эхлүүлжээ. Мөн "Өөрийгөө үнэл" гэх номоо тэрээр 2010 онд хэвлүүлсэн байгаа.

Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэйчүүд: II хэсэг (фото 3)

Роузи Хантингтон-Уайтли

Британийн топ-модель Роузи Хантингтон-Уайтли сургуульд байхаасаа давхар овог, жижиг хөх, памбагар уруул зэргээсээ болж байнга  ангийнхандаа шоглуулж иржээ. Роузи 2002 он 15 нас хүрээд моделийн бизнест өөрийгөө туршиж эхэлсэн байна. Жилийн дараа гэхэд тэр "Levi's" жийнсний рекламны зурганд гарч чадлаа.
Түүний дөнгөж 17 настайдаа Нью-Йоркийн загварын долоо хоногийн тайзнаа гарч, "Teen Vogue" сэтгүүлийн зураг авалтад оролцжээ. Карьерынх нь хоёр дах жилээс түүнийг шинэ Кейт Мосс гэж нэрлэсэн ба "Victoria's Secret" түүнд "Сахиусан тэнгэр"-ийнхээ нэг болох санал тавьжээ. "ELLE" сэтгүүл 2009 онд Роузид "Жилийн модель" цол хүртээв. Тэр үед "Agent Provocateur"  брэнд Гэгээн Валентины өдөрт зориулсан халуухан Роузийн зургийг авсан нь цахим ертөнцөд хит болж, шуугиан дэгдээсэн юм. Дараа жил нь модель "Pirelli" календарийн нюдь зураг авалтад оролцжээ.
Роузи Хантингтон-Уайтли 2011 онд анх кинонд тоглохдоо олон саяын орлоготой "Трансформерүүд-3" киноны гол эмэгтэй дүрийг бүтээжээ. Олон тооны шүүмжлэл, киноноос хасагдсан Меган Фокстой түүнийг жишсэн зэрэг таагүй сэтгэгдэл олон нийтийн зүгээс гарсан ч Роузи жүжигчний карьераа үргэлжлүүлэхээр шийдэн "Mad Max: Fury road" кинонд тоглосон нь 2015 онд гарсан билээ.
Роузи Хантингтон-Уайтли 2010 оноос хойш Англи жүжигчин Жейсон Стейтемтай найзлан учирч яваа.

Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэйчүүд: II хэсэг (фото 4)

Шарлотта Казираги

Грейс Келлийн зээ, Монакогийн Каролина гүнжийн охин Шарлотта Казираги 1986 онд төржээ. Албан ёсоор язгууртны цол хэргэмгүй ч тэр сэтгүүлч, тамирчин, модель гэдгээрээ алдартай, дээдсийн хүрээний том төлөөлөгч юм.
Шарлотта Казираги Сорбонна их сургуулийн гүн ухааны факультетыг дүүргээд "Robert Laffont" хэвлэлийн газар ба Лондоны "Sunday magazine" сэтгүүлд дадлага хийжээ. Тэрээр 2009 онд "Above Magazine" сэтгүүлийн редактор болсон байснаа экологийн "Ever Manifesto" төслийн төлөө ажлаа орхижээ. Above сэтгүүлд ярилцлага өгч байхдаа тэрээр хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаар үзэл бодол нэгтэй байсан Стелла МакКартнитай танилцан, найзлажээ.
Шарлотта багаасаа морин спортоор хичээллэж том амжилтад хүрсэн нэгэн. Тэрээр Трое, Тинтеро гэх хоёр хайртай морио унан дэлхийн томоохон тэмцээнүүдэд оролцдог.
Шарлотта буяны үйлс ихээхэн хийдэг бөгөөд "Princess Grace Foundation" сангийн санхүүжилтийг босгохын зэрэгцээ театр, бүжиг, киноны залуу авъяастнуудыг дэмждэг.
Шарлотта Казираги 2012 оноос Франк-Мароккагийн инээдмийн жүжигчин Гад Эльмалехтай дотно харилцаатай байв. Харин өнгөрсөн жилийн зургаадугаар сард хосууд салсан мэдээ гарсан байлаа. Тэдний хүү Рафаэль 2013 онд төржээ.

Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэйчүүд: II хэсэг (фото 5)

Алессандра Амбросио

Бразилийн модель Алессандра Амбросио итали, польш гаралтай гэр бүлд төржээ. Хүүхэд ахуйдаа том чихнээс болон ихээхэн шаналж байгаад гоо сайхны мэс засалд орсон түүхтэй. Асуудал ингэж шийдэгдсэний дараа өөрийн гоо үзэсгэлэнд итгэл төгс 12 настай Амбросио моделийн сургуульд оржээ.
Энэ алхам нь дэмий зүйл биш байсан нь гурван жилийн дараа  тодорч, тэрээр "Elite Model Look" уралдааны шигшээд шалгарчээ. Үүнээс хойш карьер нь маш хурдтай дээшлэв. Бразилийн "ELLE" сэтгүүлийн хавтаснаа гарснаар тэрээр Christian Dior, Ralph Lauren, Revlon, Giorgio Armani гэх нэртэй брэндүүдээс урилга авах болжээ.
Улмаар Алессандра олон арван брэндийн сурталчилгаанд тоглож, тэргүүлэх загварын сэтгүүлүүдтэй хамтран ажилласан ба Victoria's Secret-ийн "Сахиусан тэнгэр"-үүдийн нэг болж чадсан билээ. Бид түүнийг мөн телевизийн шоунуудаас хүмүүс их олж харсан. Тухайлбал "America's Next Top Model" нэвтрүүлэг болон "The Tyra Banks Show" шоуны шүүгч хийж байсныг та санаж байгаа биз ээ.
"Alessandra Ambrosio by Sais" нэртэй усны хувцаснууд 2000-аад оны дунд үеэс зах зээл дээр гарч ирэн, эхний сардаа 10 мянган ширхэг зарагдсан түүхтэй. Он жилүүд өнгөрч байгаа ч уг загвар амжилтаа барьсаар түүнд ихээхэн орлого авчирсаар байна. Саяхан Америкийн "Cherokee" дэлгүүртэй хамтарч тэрээр өөрийн "Ále by Alessandra" гэдэг дэгжин хувцасны брэндээ гаргасан.
Алессандра Амбросио буяны ажилд идэвтэй оролцон АНУ-ын Альцгеймерийн өвчинтэй тэмцэх үндэсний нийгэмлэгийг дэмждэг. Чөлөө цагаараа серфинг сонирхож, далайн эрэг дэх бөглүү газарт байдаг жижигхэн байшиндаа цагийг өнгөрөөх дуртай. Алессандра 2005 оноос хойш бизнесмен Жейми Мазуртай хамт амьдарч, хоёр хүүхэдтэй болоод байгаа.

Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэйчүүд: II хэсэг (фото 6)

Кейт Мосс

Дэлхийн хамгийн алдартай моделиудын нэг Лондоны захын дүүрэгт, ажилчны гэрт төржээ. Охиныг 1988 онд 14 настай байхад нь "Storm Model Management" агентлагийн захирал санамсаргүй хараад татаж авчээ. Тэр уулзалтын дараа Кейт "Face" сэтгүүлийн нүүр хавтсанд гарсан юм.  
Ерээд оны эхээр тэр "Calvin Klein" брэндтэй дөрвөн сая долларын гэрээ байгуулжээ. Энэ гэрээ түүнийг амжилтын оргилд гаргасан бөгөөд тэр үед Кельвин Кляйны унисекс хэв маягт  Кейт Мосс хамгийн тохирсон модель байлаа.
Гэрэл зурагчид түүний мансуурсан, туранхай төрхийг овжин ашиглаж, сурталчилгаанд илүү гаргаж иржээ. Түүний дүр их үнэмшилтэй болдог тул хэвлэлээр байнга  мансуурагч гэж буруутгаж ирэв. Гэхдээ энэ бол үндэслэлтэй зүйл юм. 
Кейт Мосс 2000 онд хамгийн өндөр хөлстэй модель болж чадсан бөгөөд 2002 онд найз залуудаа хүү төрүүлж өгчээ. Гэхдээ тэд удалгүй салсан. Дараа нь тэр хөгжимчин Пит Доэртитай найзласан ч моделийн хар тамхи үнэрлэж байгаа зурагтай дуулианы хамт төгссөн. Үүний дараа Кейт албадан эмчилгээнд орсон юм.
Гэвч найз нөхдийнхөө дэмжлэгтэйгээр Кейт бизнесдээ эргэн ирж чадсан. Тэрээр 2007 онд дизайнер болж, Британийн өдөр тутмын хувцасны "Topshop" дэлгүүрийн сүлжээтэй хамтран цуглуулга бүтээх болов. Тэр жилдээ Кейт ирээдүйн нөхөр, гитарчин Жейми Хинстай танилцаж, дөрвөн жилийн дараа гэрлэсэн байна.
Супер модель маань дараа нь Франц брэнд "Longchamp"-тай хамтарч гаргасан эмэгтэй цүнхний цуглуулгаа  2010 онд танилцуулсан. Түүний 25 жилийн турш хийсэн моделийн карьерыг үнэлж "British Fashion Awards"-аас тусгай шагнал гардуулж байлаа. Модель 2014 оноос эргээд Topshop-тай хамтран ажиллаж байгаа. Түүний зураг гарсан сэтгүүлийн дугаарыг тоолж барахгүй бөгөөд Английн "Vogue" сэтгүүлийн хавтсанд гэхэд 30 удаа гарч байжээ. 

Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэйчүүд: II хэсэг (фото 7)

Наоми Кэмпбелл

Наоми Кэмпбелл Лондон хотноо 1970 онд төржээ. Түүний ээж нь Ямайкаас гаралтай, бүжигчин бүсгүй бөгөөд Наоми жинхэнэ эцгээ мэддэггүй аж. Тиймээс топ модель хойд эцгээрээ овогложээ. Мөн эхийнх нь талаас түүнд хятад цус өвлөж иржээ.  
Наоми Кэмпбеллийн бага нас ээж нь бүжигчин байсан Ром хотноо өнгөрчээ. Охин өөрөө балетын сургуульд суралцана. Найман настай жижигхэн Наоми анх Боб Марлийн «Is This Love» клипийн зураг авалтад гарчээ. Наяад оны дундуур тэрээр "Synchro" моделийн агентлагийн төлөөлөгчийн нүдэнд өртөж моделийн карьераа эхэлсэн байлаа. Тэр 15 настайдаа Анлийн "ELLE" сэтгүүлийн хавтсанд зургаа тавиулсан юм.
Наяад оны сүүлчээр Кристи Тарлингтон, Линда Евангелиста нарын хамт Наоми тухайн үеийнхээ шүтээн болсон моделиудын эхний гуравт орж иржээ. Арьсныхаа өнгөнөөс болоод ялгаварлан гадуурхалтад өртөж байсан удаа цөөнгүй.  Тэр үед найз бүсгүйчүүд нь туслан, өмөөрдөг байжээ. Нэгэн удаа Тарлингтон, Евангелиста хоёр "Наоми байхгүй бол биднийг та нар авч чадахгүй" хэмээн Dolce & Gabbana-д шуудхан хэлсэн юм. Наоми Кэмпбелл Франц, Анлийн "Vogue" сэтгүүлийн хавтаснаа гарсан анхны өнгөт арьс эмэгтэй болсон юм.
Тэрээр 1990-ээд оны эхээр супер моделиудын эриний нэгэн тод билгэдэл болж хувирсан юм. "Epic Records" лэйбл дээр 1995 онд «Babywoman» цомгоо бичүүлсэн нь Японд их алдартай байлаа. Энэ үеэр өөрийн гурван найз Кристи Тарлингтон, Клаудия Шиффер, Эль Макферсон нартай хамтран "Fashion Cafe" нээсэн юм. Анхнаасаа Америкийн болон олон улсын дээдсийн хүрээнийхэн зочлож байхаар төлөвлөсөн энэ кафе гурван жил болоод дампуурчээ.
Наоми 1998 онд "Хун" гэх нэртэй  ном бичснийг нь шүүмжлэгчид нэлээд хүйтнээр үнэлж байлаа. Гэхдээ номын орлого нь тэр чигтээ Сомалийн Улаан загалмайн санд шилжсэн юм. Ер нь бол модель буяны ажилд оролцох нь их. Тэрээр ядуу орнуудад хүүхдийн цэцэрлэг байгуулах мөнгө цуглуулахад тусладаг. Мөн Далай ламтай хамтран ажилладаг. Гэхдээ элдэв ааш гаргадаг нь түүнд "Хар барс" гэх хоч авчирсан юм.
Наоми Кэмпбелл 2008-2013 онд Оросын олигарх Вячеслав Доронинтай холбоотой байлаа. Тэр үед дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хос одын хамт өнгөрүүлж буй агшин бүрийг шахуу мөшгөн, бичиж байлаа. Наоми хэзээ ч нөхөрт гарч байгаагүй ба Дорониноос өмнө дэлхийн хэмжээний алдартан Майк Тайсон, Роберт ди Ниро, Хоакин Кортес, Адам Клейтон нарын цуутнуудтай хайрын холбоотой явжээ.

Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэйчүүд: II хэсэг (фото 8)

Наталья Водянова

Наталья Водянова Оросын Нижный Новгород хотноо ганц бие эмэгтэйн гэрт 1982 онд төржээ. Гэр бүлийн амьдрал нь маш хүнд байсан учир 11 настай Наталья зах дээр жимс зардаг байв. Тэрээр есдүгээр анги хүртэл суралцаад дунд сургуулиа орхижээ.
Наталья 15 настайгаасаа Евгения Чкаловагийн агентлагт ажиллан, моделийн мэргэжлийн эхний алхмаа хийжээ. Сонгон шалгаруулалт дээр түүнийг гэрэл зурагчин Алексей Васильев анзаарч,  карьерт нь ихээхэн нөлөөлсөн гэдэг. Тэрээр Водяновагийн гэрэл зургийг "Viva" агентлагт илгээж түүнд англи хэл сурахыг хичээнгүйлэн зөвлөжээ. Удалгүй Натальяг Москвад, дараа нь Парист ажиллуулахаар урьсан байлаа. Тэрээр 17 настайдаа Парисын загварын агентлагтай гэрээ байгуулснаас гадна франц хэл сурчээ. Жилийн дараа түүний зургууд "Marie Claire" ба "Elle" зэргийн том сэтгүүлийн хавтсыг чимэх болсон байна.
Карьер нь эрчимтэй урагшлан 2001 онд арвантаван prêt-à-porter шоунд,  дараа жилд нь 50 шоунд оролцов. Тэрээр дэлхийн тэргүүлэх брэндүүдийн хэдэн арван рекламны зураг авалтад орж, загварын сэтгүүлүүдийн нүүр хавтсанд зуу гаруй удаа гарч байлаа. Тэр мөн хэд хэдэн кинонд тоглосон юм. 
Водянова 2004 онд Орост болон гадаадад алдартай "Нүцэглэсэн зүрх" гэх хүүхдийн буяны санг байгуулсан. Наталья Водянова есөн жилийн турш Английн язгууртан Жастин Портманы эхнэр байсан бөгөөд түүний гурван хүүхдийн эх юм. Тэрээр дөрөв дэх хүүхдээ LVMH вант улсын залгамжлагч, бизнесмен Антуан Арногоос 2014 онд төрүүлжээ.

цааш үзэх