Хайх

2000-аад оны алдарт Juicy Couture брэнд анхны загварын шоугаа зохион байгуулна

2000-аад оны алдарт Juicy Couture брэнд анхны загварын шоугаа зохион байгуулна

Хамба хилэн хослолын брэнд шинэ маркетингийн чиглэл аван эргэн ирэхээр зэхэж байна

Text: Buro.Mongolia


Business of Fashion сэтгүүлийн мэдэгдснээр Америкийн Juicy Couture брэнд анхны загварын шоугаа Нью-Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд зохион байгуулахаар болжээ. 2018 оны хоёрдугаар сарын 8-нд төлөвлөгдсөн уг шоун дээр Juicy Couture Black Label болон үндсэн Juicy by Juicy Couture цуглуулгын шинэ загварууд танилцуулагдах болно. BoF сэтгүүл энэхүү загварын шоуг брэндийн маркетинг дахь цоо шинэ бүлэг хэмээн нэрлэж байна. "2000-аад онд алдартай байсан Juicy Couture брэнд өөрийн нэрийн хуудас болсон хамба хилэн материалтай хослол дээр суурилан брэндийн хүрээг тэлж, эргээд олны анхаарлыг татахыг зорьж байна".

Анхны шоуг зохион байгуулах санааг Juicy Couture-ийн шинэхэн бүтээлч захирал Жейми Мизрахи гаргасан юм. Тэрээр 2017 оны есдүгээр сард брэндэд хүрэлцэн ирэхээсээ өмнө Холливүүдийн стилистээр ажиллаж, дуучин Кэти Перритэй хамтарч байсан туршлагатай нэгэн. Мизрахи брэндэд хэрэгжүүлэх гэж буй шинэ бодлогын талаар ийнхүү тайлбар хийсэн байна. "Juicy Couture бол хамба хилэн хослолтой ижил утгатай үг юм. Энэ холбогдол нь бидний бахархлын гол эх үүсвэр. Гэхдээ бид мөн үүнээс илүү их зүйлийг санал болгох чадвартай гэдгийг худалдан авагчид маань мэдэх хэрэгтэй".

Juicy Couture брэндийн эзэмшигч Authentic Brands Group компанийн маркетингийн албаны дэд ерөнхийлөгч Наташа Фишман шинэ бодлогын хүрээнд олон нийтэд нөлөө үзүүлэх чадвартай эрхмүүдийг брэндийн үйл ажиллагаанд хамруулах төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн юм. "Бид дэлхийн өнцөг бүрийн мянга гаруй нөлөө бүхий эрхмүүдийг жагсаалтдаа оруулж, тэднээр дамжуулан Juicy-гийн түүхийг шинээр өгүүлэхийг хүсч байна. Тэд брэндийн хувцсыг хэрхэн өмсдөг, ямар загваруудтай хослуулдаг, яаж өөрийн хувийн стильдээ уусган шингээдгээ ярьж өгөх болно".

Сануулж хэлэхэд шинэ бодлогын дагуу Juicy Couture брэнд 2017 онд Vetements ордонтой хамтарч эхэлсэн. Хамтран бүтээсэн загварууд Vetements-ийн хавар-зун 2017 цуглуулгад багтсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх