Хайх

Брижит Макроны стилийг хариуцдаг нууцлаг эрхэм олон нийтэд ил боллоо

Брижит Макроны стилийг хариуцдаг нууцлаг эрхэм олон нийтэд ил боллоо

Францын хамгийн нөлөө бүхий стилист

Text: Buro.Mongolia


Зураг:

The New York Times сонин "Brigitte Macron's Stylist: Man of Mystery" буюу шууд орчуулбал "Брижит Макроны стилист: Нууцлаг хүн" нэртэй нийтлэл гаргасан байна. Тус сонины нийтлэлч Тина Исак-Гуазе Францын тэргүүн хатагтайн стилистийн талаар "Та түүнийг загварын шоуны эхний эгнээнээс хэзээ ч олж харахгүй (тэр хэзээ ч загварын шоунд оролцдоггүй). Тэр Францад байхгүй ч байж магадгүй. Хэрэв тэр хотод байсан ч ямар нэг арга хэмжээнд оролцохгүй байх шалтгаанаа олох л болно" гэж энэхүү нийтлэлд дэлгэсэн байна.

Ер нь бол стилист Мэтью Бартелат Колан гэх нууцлаг эрхэм Брижит Макроныг хувцасладаг гэдгийг батлах бараг боломжгүй. Тэргүүн хатагтайн хэвлэл хариуцсан нарийн бичгийн дарга түүний нэрийг сонсоогүй гэж мэдэгдэж, харин дизайнерууд стилистийг хэзээ ч харж байгаагүй гэж ярьдаг хэмээн Исак-Гуазе онцолжээ. Түүнчлэн ноён Бартелат Instagram хуудастаа өөрийн Бургунди дахь байшингийн зургаа нийтэлсэн ч яг ямар ажил эрхэлдэг гэдгээ бичээгүй байгаа юм. Тэгвэл өнгөрсөн зургаадугаар сард Францын Gala сэтгүүлийн нэгэн видеонд "V" хэлбэрийн захтай, саарал цамц өмссөн, сахалтай стилист ердөө гурван секундийн турш л үзэгдсэн байгаа.

Брижит Макроны стилийг хариуцдаг нууцлаг эрхэм олон нийтэд ил боллоо (фото 1)

Тэрээр Брижит Макронтой хамтарч ажиллахаас өмнө Францын The Voice шоуны оролцогчдийг хувцаслаж байсан гэнэ. Тухайн үед телевизийн салбарт ажиллаж байсан стилист 2016 онд Брижит Макроныг (олон нийтэд танигдаагүй байсан үе) театрт явж байхад нь олж харжээ. Мэтью Брижит Макронд өөрийгөө танилцуулж, хамтарч ажиллах санал тавьж байсан бөгөөд төд удалгүй ирээдүйн тэргүүн хатагтай түүний саналыг хүлээн авсан аж.

The New York Times сонины мэдээллэснээр бол стилист Мэтью Бартелат Колан Брижит Макронд Louis Vuitton, Balmain, Dior зэрэг түүний дуртай брэндүүдийг Alexandre Vauthier, Stéfanie Renoma, Pallas зэрэг тийм ч алдартай бус брэндүүдтэй хэрхэн зохицуулж өмсөх талаар зааж өгсөн гэжээ.

Өнгөрсөн есдүгээр сард Францын тэргүүн хатагтай Грек улсад айлчлал хийх үедээ Грек зоосны хэлбэртэй бөгж хуруундаа зүүсэн байсан юм. Уг бөгжийг үнэт эдлэлийн шинэ дизайнер Марк Оклерт урласан бөгөөд харин түүнийг Мэтью Бартелат Колан сонгосон гэнэ. Марк Оклерт Францын тэргүүн хатагтай ба түүний стилистийн тухай "Хатагтай Макрон юуны өмнө өөрийн оюун ухаанаараа XXI зууны эмэгтэйн төлөөлөл болж байгаа. Энэ бол шинэ үе. Энэ бол Мэтью. Тэр ажлаа мэргэжлийн бөгөөд төгс хийж гүйцэтгэхийг эрмэлздэг. Энэ нь өөрийн нэрийн брэнд үүсгэн байгуулахаас хамаагүй сонирхолтой. Мэтью энд гол түлхүүр нь болж байгаа юм" гэж ярьжээ.

 

 

цааш үзэх