Хайх

Gucci ордонд шинэ мянганыхнаас бүрдсэн нууц зөвлөл бий

Брэндийн амжилтын нууц тайлагдлаа

Gucci ордонд шинэ мянганыхнаас бүрдсэн нууц зөвлөл бий

Quartz онлайн сэтгүүл Gucci ордны хэрэгжүүлдэг маркетингийн нууц аргачлалын талаар нэгэн сонирхолтой нийтлэл гаргалаа. Италийн энэхүү алдарт брэнд өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 2017 оны борлуулалтаа 49%-иар өсгөж чадсан юм.

Quartz-ын мэдэгдэж буйгаар Gucci өөрийн маркетингийн бодлогыг 2015 онд буюу бүтээлч захирлын суудалд Алессандро Микеле хүрэлцэн ирэх үед шинэчилсэн байна. Энэ үед мөн Микелегийн хамтрагчаар Марко Биззари сонгогдож, брэндийн гүйцэтгэх захирлын үүргийг хүлээж авсан юм.

Аравдугаар сарын 24-нд Марко Биззарри WWD Apparel & Retail CEO Summit форумын үеэр илтгэл тавихдаа Gucci ордонд амжилтын тодорхой томьёо байхгүй хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч түүний онцолсноор компани дотоод журамдаа хэд, хэдэн өөрчлөлтүүд оруулсан бөгөөд энэ нь эргүүлээд эерэг үр дүн авчиржээ. Биззарри шинэ албан тушаал дээр ирсэн даруйдаа Gucci-гийн 11 000 ажилтанд "нээлттэй бөгөөд аз жаргалтай хүмүүс дунд ажилладаг" сэтгэгдэл төрүүлэхийг зорьж, ажиллах орчинд илүү чөлөөтэй уур амьсгал бүрдүүлж өгсөн байна. Тэрээр ажилтан бүрд удирдлагатайгаа чөлөөтэй харилцах боломжийг олгож, дотоод мэдээллийг хоорондоо солилцох байдлаар нэгдсэн зорилготой бага хамт олон бий болгосон аж.

Брэндийн амжилтад багагүй нөлөө үзүүлсэн бас нэгэн өөрчлөлт бол 30-аас доош насны ажилтнуудаас бүрдэх "нууц зөвлөл" юм. "Тэдний гол зорилго шинэлэг санаа дэвшүүлж, орчин үеийн нөхцөл байдлыг илтгэж байхад орших юм" хэмээн Марко форумын үеэр хэлсэн байна.

Quartz-ийн мэдээллэснээр Марко Биззарри компанийн 35-аас доош насны ажилтнуудтай тогтмол өдрийн зоог барьдаг бөгөөд энэхүү зоогийн үеэр тэрээр ажилтан бүрийг Gucci-гийн үйл ажиллагааг сайжруулах боломжтой гурван шинэ санаа дэвшүүлэхийг хүсдэг гэнэ.

Марко Биззарри түүнчлэн брэндийн бүтээлч захирал Алессандро Микелетэй хэзээ ч борлуулалтын талаар хэлэлцдэггүй гэдгээ онцолсон юм. Түүний бодлоор дизайнер хүн бүтээлч ажил хийж, харин гүйцэтгэх захирал дизайнерын ажлыг дэмжих ёстой аж.

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх