Хайх

Marni шинэ бүтээлч захиралтай боллоо

Marni шинэ бүтээлч захиралтай боллоо

Франческо Риссо тодорлоо

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэдхэн хоногийн өмнө Marni брэнд шинэ бүтээлч захиралтай болсноо олонд зарлалаа. Брэндийн үүсгэн байгуулагч Консуэло Кастильони 20 жил ажилласны эцэст албан тушаалаа орхихоор болжээ

Дизайнер өөрийн үүсгэн байгуулсан брэндээ орхих болсон шалтгаан нь хувийн чанартай аж. "Энэ бол маш гайхалтай атлаа бас тайван бус он жилүүд байлаа. Би энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд өөрийн бүхий л хүч чадлаа зориулсан. Гэхдээ би бүтээсэн зүйлээрээ маш их бахархдаг. Намайг өөртөө үнэнч үлдэхэд тусалсан гэр бүлдээ талархсанаа илэрхийлмээр байна. Одоо би хувийн амьдрал дээрээ төвлөрөх цаг иржээ. Миний төсөлд итгэж, энэхүү сонирхолтой аяллын үеэр намайг дэмжиж ирсэн бүх хүмүүст талархаж байна" хэмээн Кастильони өөрийн албан ёсны мэдэгдэлдээ бичжээ.

Консуэло Кастильони Marni брэндийг 1994 онд өөрийн бизнес хамтрагч ба нөхөр Жанни Кастильонигийн хамтаар үүсгэн байгуулж байсан юм. Харин Миланы загварын ордныг одооноос эхлэн удирдах болсон шинэ бүтээлч захирал Франческо Риссо өмнө нь Anna Molinari, Alessandro Dell'Acqua ба Malo маркуудад ажиллаж байсан бөгөөд 2008 онд Prada ордон руу шилжиж, эмэгтэй цуглуулгын дизайны явцад оролцож, тусгай төслүүдийг хариуцдаг байсан туршлагатай билээ. Риссо дизайнерын боловсролыг Polimoda гэх Италийн тэргүүлэх загварын сургуульд эзэмшиж, дараагаар нь Нью-Йоркийн Fashion Institute of Technology ба Лондонгийн Central Saint Martin сургуулиудад суралцаж, боловсролоо дээшлүүлсэн байна. Түүний Marni-д зориулсан анхны цуглуулга ирэх жилийн хоёрдугаар сард дэлгэгдэх болно.

Marni шинэ бүтээлч захиралтай боллоо (фото 1)

цааш үзэх