Хайх

#MNTM: Тэд үзэгчдийн сонирхож буй асуултад хариуллаа

#MNTM: Тэд үзэгчдийн сонирхож буй асуултад хариуллаа

Ю.Балжидмаа ба Г.Ижилцэцэг

Text: Ө.Тодгэрэл


Mongolia’s Next Top Model шоу нэвтрүүлгийн хүчтэй оролцогчдын нэг Ю.Балжидмаа ямар шалтгаанаар энэ тэмцээнд оролцох болсон бэ? Мөн үзэгчдийн хайрыг татаад буй Г.Ижилцэцэг нэвтрүүлэг дууссаны дараагаар загварын карьер үргэлжлүүлэн хөөх уу? Эдгээр болон бусад сонирхолтой асуултын хариултыг доороос уншицгаая

Сүүлийн хоёр дугаараас бид Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн оролцогчид загвар өмсөгчийн хувьд хэр их хөгжсөнийг, анх орж ирсэнтэйгээ харьцуулбал хэрхэн өөрчлөгдсөнийг өөрсдийн нүдээр харлаа. Ялагч тодрох мөч ойртож байгаа энэ үед өрсөлдөөн улам ширүүсч, үзэгчид бид өөрсдийн хайртай оролцогчийг илүү идэвхтэй дэмжиж байна. Харин хэнийг дэмжихээ хараахан шийдээгүй байгаа уншигчиддаа зориулж бид нэвтрүүлэгт тунаж үлдсэн шилдэг охидоос цөөн тооны асуулт асууж, тэдний дотоод ертөнцийг бага ч болов уу дэлгэхийг хүслээ. Уг нийтлэл цуврал болон гарах бөгөөд бусад оролцогчдын хариултыг бид танд удахгүй хүргэх болно.


Г.Ижилцэцэг

#MNTM: Тэд үзэгчдийн сонирхож буй асуултад хариуллаа (фото 1)

Г.Ихэрцэцэгийг хасагдах үед сэтгэл санааны бэлтгэлтэй байсан уу? Та хоёр энэ нэвтрүүлэгт анх орохдоо хэн нэгэн нь түрүүлж хасагдахыг мэдээж хэрэг ойлгож байсан байх.

Хүмүүс анх бид хоёроос асууж байсан л даа "Хэн нэгэн нь хасагдвал яах вэ?" гээд. Энэ талаар бодож байсан ч ямар нэгэн тодорхой төсөөлөл байгаагүй. Тэгээд хэн нэгэн нь хасагдахаа ойлгож байсан ч эхний дугаарт хасагдана гэж огт бодоогүй. Ихэрээг хасагдах үед үнэхээр эвгүй байсан. Хамгийн гол нь уулзуулахгүй шууд явуулчихдаг нь хэцүү юм байна лээ. Уулзаад, юм яриад, захих үгсээ хэлээд, салах ёс хийгээд үлдсэн бол сэтгэл санаа илүү тайван байх байсан болов уу. Тэгтэл нэг бүхэл юмыг салгаж байгаа мэт шууд аваад явчихдаг нь их хэцүү байсан шүү. Үүн дээр л жоохон сэтгэл санаа тавгүйрхсэн дээ.

Ихэр хүмүүсийг хоорондоо онцгой холбоотой гэж ярьдаг. Нэг нь өвдөх үед үүнийг мэдэрдэг, эсвэл үг хэлэх шаардлагагүйгээр бие биенээ хормын зуур ойлгодог гэх мэт. Харин та хоёрын хувьд ийм онцгой холбоо ажиглагддаг уу?

Ихэр хүмүүсийг хүйн холбоотой, бие биенээ мэдэрдэг, гоо үзэсгэлэн бүр ухаанаа хүртэл хувааж төрдөг гэдэг юм байна лээ. Бид хоёр багадаа нэг нь өвдөхөөр дагаад өвдчихдөг, ээжийгээ их л зовоодог байсан гэсэн. Ер нь л их нэгнээ дагадаг, нэг амьтай гэх үү дээ. Одоо бол том болоод тэр нь зүгээр болсон. Гэхдээ л нэг нь бие муу, эсвэл сэтгэл санаа тавгүй үед зүүдлэгдээд байдаг.

Гэр доторх уур амьсгал ямар байна вэ? Та хэд бие биендээ хөгжилтэй хоч өгсөн үү? Нууц биш бол хуваалцаач?

Гэр дотроо эвтэй, хоорондоо хялбархан ойлголцож байгаа. Анх олон охид нэг доор амьдарна гэхэд "яах бол доо" гээд л их санаа зовж байсан. Шоуны эхэн үед бусадтайгаа нэг их дотно харьцдаггүй, зөвхөн өрөөнийхөө охидтой нийлдэг байсан. Харин нэвтрүүлгийн хоёр байна уу, гурав дах дугаараас эхлээд бүгдэнтэй нь найзалж, нөхөрлөж эхэлсэн. Бүгд их ухаалаг, өөр өөрийн гэсэн онцлогтой, бие биенээсээ суралцах зүйл ихтэй шүү. Бид интернет, утас болон аливаа бусад технологийн хэрэгсэл ашигладаггүй болохоор завтай үедээ хоорондоо хөгжилдөж, юм ярьж суудаг. Мөн бие биенээ их шоглодог. Бид нараас яг тогтсон хочтой нь манай Сараа байсан. Сарааг анх хараад л хэн нэгэнтэй маш адилхан санагдаад, бодоод л байсан. Тэгсэн Мулан байсан юм байна лээ (инээв).

Реалити шоу нэвтрүүлэгт оролцохын хамгийн хэцүү зүйл нь юу вэ?

Миний хувьд хамгийн хэцүү зүйл камер. Хаана ч, хэзээ ч үргэлж камер байдаг. Энэ нь хэдийгээр хэцүү ч реалити шоуны гол утга учир нь юм. Хүмүүсийн жинхэнэ амьдрал, хоорондын харилцаа, өрсөлдөөн гээд л бодит зүйлсийг гаргахаар зорьж байгаа. Хамгийн гол нь бид нарт ямар ч утас, интернет байхгүй учир нэвтрүүлгээ үзэх боломжгүй байгаа. Энэ нь их хэцүү. Нэг ёсондоо гаднаас ямар ч мэдээлэл авахгүй, зөвхөн нэвтрүүлэг, зураг авалтандаа л төвлөрнө гэсэн үг. Хүн нэг юманд хэт их төвлөрөхөөр сэтгэлзүй их хямардаг юм байна лээ. Зургандаа ямар гарсан бол, шүүгч нарт таалагдах болов уу, нэвтрүүлгийг хүмүүс үзээд юү гэж бодож байгаа бол гээд л санаа зовох зүйл их байгаа.

Нэвтрүүлэгт оролцож байгаа Г.Ижилцэцэг бодит амьдрал дээрх шиг, өөрийнхөөрөө байж чадаж байгаа юу?

Анх бага зэрэг биеэ барьдаг байсан. Харин одоо бол яг өөрийнхөөрөө байж чадаж байгаа. Гэхдээ мэдээж хэрэг энэ нэвтрүүлгийг олон хүн, тэр дундаа өсвөр насныхан үзэж байгаа. Тийм учраас би ярьж байгаа зүйлийнхээ агуулга, илэрхийлэмжийг аль болох эерэг байлгах ёстой юм болов уу гэж бодож байгаа. Ер нь загвар өмсөгч хүн гэдэг үргэлж олны өмнө байдаг тул биеэ зөв боловсон авч явах нь их чухал.

Нэвтрүүлэг дууссаны дараа загварын чиглэлээр үргэлжлүүлэн явъя гэж бодож байна уу?

Би фото модель чиглэлээр явъя гэж бодож байгаа. Хувцас амилуулж, тайзан дээр алхдаг загвар өмсөгч биш, харин зураг авалтанд оролцож, фото чиглэлээр түлхүү ажиллавал надад илүү зохимжтой байх. Гэхдээ яг тодорхой шийдвэр гаргаагүй байгаа. Гарч байгаад л шийднэ дээ.

 

Ю.Балжидмаа

#MNTM: Тэд үзэгчдийн сонирхож буй асуултад хариуллаа (фото 2)

Монголын загварын салбарт багагүй танигдсан, загвар өмсөгч Ю.Балжидмаа яагаад энэ нэвтрүүлэгт орохоор шийдсэн юм бэ? Энэ асуулт үзэгчдийн сонирхлыг их татаж байгаа.

Би ер нь багаасаа л загварт маш дуртай, загварын ертөнцөд бүр нэвччихсэн байсан. Гэхдээ би яг 15 наснаасаа загвар өмсөөд одоо дөрвөн жил л болж байна. Харин хүмүүс намайг нэлээд туршлагатай, удаан загвар өмссөн гэж ойлгоод байдаг. Энэ тэмцээнд орох болсон хамгийн гол шалтгаан бол миний нас юм. Миний бодлоор яг энэ үед хүн өөрийгөө таньж мэдэж, ирээдүйн зорилгоо тавьж, юу хийж чадахаа олж мэддэг байх. Надад юу хүсч байгаагаа, яах гээд байгаагаа мэдэхгүй, тээнэгэлзэж явах үе байсан. Гэхдээ би дөнгөж хорин нас хүрэх гэж байгаа болохоор цаашдаа загварын салбарт хөгжих нас байгаа гэж боддог. Гадаадын орнууд руу, тэр дундаа европ руу агентлаг судлаад, олон улсын загварын салбар луу орохоор зориглож байсан үе надад байхгүй. Харин одоо бол би өөрийгөө бэлэн болсон гэж үзэж байгаа.

Энэ нэвтрүүлэгт загвар өмсөгчийн туршлагатай байх нь чамд давуу тал болж байна уу, эсвэл эсрэгээрээ юу?

Аль, аль нь. Гэхдээ ер нь давуу тал нь их ээ. Яагаад гэхээр туршлагатай байх тусам надаас шаардагдах зүйлс их болж, шалгуур өндөр тавигдаж байгаа. Энэ нь зөвхөн шүүгчид ба зохион байгуулагчид гэлтгүй мөн оролцогч охидоос илэрдэг. Охид намайг зургандаа түрүүлээд орчих, бид харъя гэх үе байдаг. Тэгэхээр бүх талаас үүсч байгаа энэ нөхцөлд би хариуцлагаа ойлгоод, илүү их хичээж байгаа. Хэрвээ туршлага гэдэг зүйлийг ор тас мартаад, надад хэтэрхий зөөлөн хандаад явсан бол миний хувийн өсөлт, дэвшилт арай л бага байхсан. Надад илүү их шаардлага тавьж байгаа энэ байдал миний харах, зориглох зүйлсийг өргөжүүлснээр илүү давуу тал болж байгаа.

Чиний бодлоор шилдэг гуравт хэн үлдэх бол?

Би өөрийгөө үлдэнэ гэж бодож байгаа. Угаасаа хүн бүр л энэ тэмцээнд түрүүлнэ, өөрийгөө сорьж, мэдэрнэ гэх зорилгоор орж ирсэн. Энд би өөрийнхөөрөө л байя гэж боддог. Хүмүүсийн нүдэнд аль болох өөрөөрөө байж, дүгнүүлэхийг хүссэн. Өөрийгөө ямар хүн болохыг хүмүүсийн өмнө ил гаргаж байгаа. Үүнийг хараад намайг магтах ч хүн байгаа байх, муулах ч хүн байгаа байх. Бүх зүйлд л зүрх сэтгэлээ зориулж байгаа болохоор эцсийн үр дүн нь ч бас буцаагаад гоёор ирэх болов уу гэж бодож байна. Топ гуравт миний бодлоор Т.Номин-Эрдэнэ, Б.Цэрэндолгор бид гурав үлдэж магадгүй. Гэхдээ юм яаж ч эргэх боломжтой. Энэ бол зүгээр таамаг. Хамгийн гол нь шилдэг гуравт хэн үлдэх нь хувь хүнээс л шалтгаалах байх.

Энэ нэвтрүүлэгт орсноос хойших ямар зураг авалтаараа хамгийн их бахархаж байна вэ?

(Бодож байна). Яг одоо надад бахархаж байгаа зураг авалт байхгүй бололтой. Би зураг авалт бүрт өөрийгөө 100% дайчилж, бүх юмаа зориулсан ч тийм бахархах зураг гараагүй юм байна. Гэхдээ би тэмцээнээ дууссаны дараа бүх зургаа зэрэгцүүлж тавьж байгаад харах үед л өөрийгөө олж харах байх гэж боддог. Тэндээс л би өөрийгөө ямар хүн бэ, юу хийж чадсан бэ гэдгээ олж үзнэ. Магадгүй тэр үед л надад бахархах сэтгэл ирэх байх. Ерөнхийдөө бүх зураг авалт маш сайн болж байгаа. Бүгд биднийг сорьж, хурцалж, задалж чадсан. Чадахгүй зүйлсийг чадуулсан, олж хараагүй өнцгийг харуулсан хоорондоо тэс ондоо, маш сонирхолтой зураг авалтууд хийгдэж байгаа болохоор надад их гоё байгаа.

цааш үзэх