Mongolia’s Next Top Model тэмцээнээс таны мэдэхгүй 10 баримт
Продюсер, шүүгч, зурагчин, стилист, нүүр хувиргагчдын тухай
Хонины ордны ивээгч Нора Дагва
Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн дугаар бүрт шүүгчид, продюсерууд болон загварын мэргэжилтнүүд зураг авалтын зөвлөхөөр ажиллаж байгаа. Зурхайн сэдэвтэй зураг авалтанд Нора Дагва зөвлөхөөр ажиллахдаа охидын үйл хөдөлгөөн бүрт анхаарал хандуулж, нарийвчилсан зааварчилгаа өгсөн. Энэ зураг авалтанд шилдэг 11 оролцогч охин үлдээд байсан учир Нора Дагва 12 дах ордыг төлөөлж, Хонины ордны дүрд зургаа авахуулсан юм.
Multiverse-ын хосууд
Нэвтрүүлгийн үндсэн стилистээр И.Мөнхтуяа, гэрэл зурагчнаар О.Амгалан нар ажиллаж байна. Тэд бол хамтдаа Multiverse студи, Futuristic Type маркийг үүсгэн байгуулж, олон жилийн турш загварын салбарт тасралтгүй ажиллаж байгаа хосууд юм. Нью-Йоркийн Мерседес Бенз загварын шоу, Берлиний алтернатив загварын долоо хоног, Монголын загварын сэтгүүлүүдийн зураг авалт, Говь, ГОЁО брэндийн сурталчилгааны ажлууд гээд тэдний туршлагыг илтгэх олон зүйл бий. Одоо харин тэдний бүтээлч ажиллагаа Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн өнгө төрхийг тодорхойлж байна.
Азийн загварын шилдэг нүүр хувиргагч
Нэвтрүүлгийн дугаар бүрт охид гайхамшигтайгаар хувирч, цоо шинэ дүр төрхийг гаргаж байгаа. Үүний ард Fashion Asia Awards-ын 2016 оны "Загварын шилдэг нүүр хувиргагч"-аар шалгарсан О.Наранбилэг тэргүүтэй уран бүтээлчдийн ур чадвар бий. Тэд Монголд зохион байгуулагддаг бүх л загварын шоу, сурталчилгааны зураг авалтанд ажилладаг хамгийн эрэлттэй чадварлаг уран бүтээлч юм.
Шоуны ерөнхий продюсер, Бюро 24/7-гийн үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл
Mongolia's Next Top Model тэмцээний ерөнхий продюсероор уригдан ажиллаж буй Ө.Содгэрэл бол Монгол улсад загварын салбарын дагнасан мэдээлэл хүргэж буй цорын ганц хэвлэл болох buro247.mn дижитал сэтгүүлийг үүсгэн байгуулагч билээ. Дэлхийн болоод Монголын загварын салбарт болж буй хамгийн шинэлэг мэдээ, мэдээллийг тогтмол авах боломж нээж өгсөнд загварын салбарт ажиллаж байгаа бүх уран бүтээлчид манай үүсгэн байгуулагч Ө.Содгэрэлд талархалтай ханддаг юм.
Амжилттай шоунуудын ерөнхий найруулагч Б.Дамдинсүрэн
CBS Studios International компанийн албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж буй энэхүү нэвтрүүлгийн ерөнхий найруулагчаар Б.Дамдинсүрэн ажиллаж байна. Тэрээр өмнө нь 40 ангитай "Мөрдөгч" цуврал кино, "Бонгын адал явдал", "Яг түүн шиг" зэрэг амжилттай шоунуудын ерөнхий найруулагчаар ажилласан туршлагатай.
Чадварлаг зургийн даргууд
Хоёр сарын хугацаанд үргэлжилж байгаа энэхүү реалити шоу нэвтрүүлгийн зургийн даргын хариуцлагатай үүргийг "Өнөр бүл өнөө цагт" киноны гол дүрийг бүтээсэн Б.Болормаа, "17 нас" ток шоуны хөтлөгч Б.Мөнхцэцэг гэх хоёр чадварлаг бүсгүйчүүд гүйцэтгэж байна.
Яг үнэндээ Ю.Балжидмаа 19 настай
Тэмцээний хүчтэй өрсөлдөгчдийн нэг Ю.Балжидмаа 19 настай. Тэрээр өмнө нь 2011 онд "Miss Mongolia" тэмцээнд оролцохдоо зохион байгуулагчдын хүсэлтээр насаа хоёроор нэмж, 16-тай хэмээн бүртгүүлсэн нь одоо үзэгчид түүний насны талаар эргэлзэх шалтгаан болсон юм. Ямартаа ч 14 наснаасаа эхэлж загварын карьераа эхлүүлсэн түүнийг Mongolia's Next Top Model тэмцээнд өндөр амжилт гаргана гэж олон хүн итгэж байна.
Нэвтрүүлэгт оролцогчид гурав хоногт 5 хором утсаар ярих эрхтэй
Тэмцээнд оролцогч охид ер нь бол харилцаа холбооноос бүрэн тусгаарлагдсан гэж хэлж болно. Тэд гурав хоногт таван хором утсаар ярих эрхтэй байдаг бөгөөд огт интернэт хэрэглэхгүй байгаа.
Тэмцээний ялагч гуравдугаар сарын 8-нд тодорно
Монголын дараагийн топ моделийн нэрийг тодруулах үйл ажиллагаа гуравдугаар сарын найманд болох бөгөөд энэ өдөр маш том хэмжээний загварын шоу зохион байгуулагдана.
Загварын шоунд 16 оролцогч бүгд алхана
Тэмцээнд ганц л ялагч тодрох боловч бусад бүх оролцогчид загварын шоунд оролцож, жинхэнэ мөрөөдлийнхөө тайзан дээр алхах болно. Тэдэнтэй хамт Монголын шилдэг загвар өмсөгчид хамт тайзан дээр гарна.