Хайх

Загварын шинжээчдийн таамаглаж буйгаар Burberry-г Фиби Файло тэргүүлнэ

Саяхан Céline брэндийг орхисон Фиби Файло Burberry руу шилжих магадлалтай байна

Загварын шинжээчдийн таамаглаж буйгаар Burberry-г Фиби Файло тэргүүлнэ

Аравдугаар сарын 31-нд Кристофер Бейли Burberry ордноос гарах болсноо албан ёсоор мэдэгдэж, албан тушаалаа 2018 оны гуравдугаар сарын 31-нд хүлээлгэж өгөхөө хэвлэл мэдээллийнхэнд хэлсэн билээ. Бейли загварын ордонд нийт 17 жил ажилласан туршлагатай юм.

Үүнтэй холбогдуулан Business of Fashion сэтгүүл загварын салбарын нэр хүндтэй шинжээчидтэй холбогдож, Бейлиг орлох магадлалтай дизайнерыг нэрлэхийг хүсжээ. Мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар 2008 оноос саяхныг хүртэл Céline брэндийн бүтээлч захирлаар ажилласан Фиби Файло хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчээр тодроод байгаа аж.

"Фиби Burberry-гийн шинэхэн гүйцэтгэх захирал Марко Гобеттитой өмнө нь хамтран ажиллаж байсан туршлагатай учир тэд бие биенээ сайн танина. Мөн Фибигийн нэр загварын салбарт их нэр хүндтэй. Тийм ч учраас тэрээр Burberry-гийн хөгжилд эерэгээр нөлөөлөх, хамгийн ашигтай нэр дэвшигч юм" хэмээн Sanford C. Bernstein брокерийн компанийн тансаг зэрэглэлийн салбарын тэргүүн Марио Ортелли онцолсон байна.

Сануулж хэлэхэд Фиби Файло Céline брэндээс гарах болсон тухай мэдээлэл аравдугаар сарын 17-нд цацагдсан хэдий ч, LVMH группийн мэдэгдсэнээр дизайнер албан тушаалаа ойрын хугацаанд хүлээлгэж өгөхгүй гэнэ.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх