Хайх

Louis Vuitton-ы гайхамшигт үзмэрийн цонхнуудыг бүтээгч Фэй Маклеодын ярилцлага

Louis Vuitton-ы гайхамшигт үзмэрийн цонхнуудыг бүтээгч Фэй Маклеодын ярилцлага

Buro 24/7 LVMH грүппийн домогт арт директортой ярилцлаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр Парис хот Louis Vuitton ба Printemps нарын гайхамшигт хамтын ажиллагааны гэрч боллоо. Парисын хамгийн эртний их дэлгүүр болох Printemps-ийн цонхнууд Ангараг гарагийн зураглал болон жингүйдсэн манекенуудаар чимэглэгджээ

Их Британий мэргэжилтэн Фэй Маклеод бол загварын салбарт маш чухал үүрэгтэй нэгэн. Тэрбээр Louis Vuitton ордонтой сүүлийн долоон жилийн турш хамтарч ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд тус брэндэд зориулж ер бусын хийцтэй үзмэрийн цонх тоолшгүй олныг сэдэж өгсөн юм. Түүний хувьд дэлгүүрийн цонхнуудыг эртний ховор эд зүйлсээр дүүргэх, аль эсвэл алдарт Яей Кусамагийн урласан лаван дүрсээр чимэглэх зэрэг ажлууд нь ердөө л хүүхдийн тоглоом шиг амархан. Тэр алга урвуулахын хооронд дэлгүүрийн цонхон дотор байршуулах цүнхнүүдийг далбаат завин дээр тавья гэж санаачилж чадна. 

Louis Vuitton-ы гайхамшигт үзмэрийн цонхнуудыг бүтээгч Фэй Маклеодын ярилцлага (фото 1)

Маклеон саяхан нэгэн сонирхолтой төсөл дээр ажиллаж дууссан нь Printemps их дэлгүүрийн цонхны чимэглэл болсон юм. Фэй Buro 24/7-д зориулж урлаг ба бизнесийн хоорондох хил хязгаар хаана оршдогийг, яагаад Японы уран бүтээлч Яей Кусаматай хамтран ажиллах хэцүү байсныг, мөн томоохон их дэлгүүрүүд юуны учир үзмэрийн цонхнуудаа чимэглэх болсныг тайлбарлаж өглөө.

Louis Vuitton-ы гайхамшигт үзмэрийн цонхнуудыг бүтээгч Фэй Маклеодын ярилцлага (фото 2)

Та хэрхэн Louis Vuitton ордонтой хамтарч эхэлсэн бэ?

Би хамгийн анх Лондонгийн New Bond гудамжин дахь Louis Vuitton-ы шинэ салбар дэлгүүрийн үзмэрийн цонхыг чимэглэж өгч байсан. Тэнд бид эртний ховор эд зүйлсийн өрөө байгуулахыг хүсч, үзмэрийн цонхыг мануухай, арга ясны гипсэн цутгамал болон шилэн савтай этгээд зүйлсээр дүүргэж байсан. Бид үүгээрээ ер бусын сонирхолтой цуглуулагчийн түүхийг харуулахыг зорьсон юм. Одоо эргээд санахад тэр төсөлд ашигласан мэлхий ба анаашны мануухай дүрснүүд надад үнэхээр таалагдаж байсан шүү.

Харин ямар төсөл хамгийн хэцүү нь байсан бэ?

Шууд тодорхойлоод хэлэхэд хэцүү юм аа. Ерөнхийдөө бүх л төсөл маш богино хугацаанд хийгдэх атлаа өндөр шаардлагатай байдаг. Тэгээд ч үзмэрийн цонх болгон архитектурын хувьд өөр, өөр шүү дээ. Цонх бүрт тааруулан ажиллах хэрэг гарна. Магадгүй Яей Кусаматай хамтран бүтээсэн инсталляциуд хамгийн хэцүү нь байсан байх. Бид тэрхүү төслийн жижиг деталь бүрийг Яей Кусаматай болон түүний Токио дахь хамт олонтой нь хэлэлцэх хэрэг гардаг байсан. Гэхдээ бид энэ хэцүү давааны үр дүнд төгс бүтээл бий болгож чадсан. Хүмүүс бидний инсталляцийг сайтар ажиглах гэж цонхонд бараг л хамраа наадаг байсан шүү.

Үзмэрийн цонхны дизайнд цаг үеийн тренд гэж байдаг уу? Ирээдүйд биднийг ямар өөрчлөлт хүлээж байна вэ?

Louis Vuitton-д бид ямарваа нэгэн тренд дагахгүй байхыг хичээдэг. Нэгдүгээрт бид төслөө нээлт хийх хугацаанаас хамаагүй эрт, бараг жилийн өмнө эхлүүлдэг. Хоёрдугаарт бид үргэлж дизайнаараа дамжуулан ямар нэгэн түүх өгүүлэхийг хичээдэг. Бид бүхий л сэтгэлээ шингээж ажилладаг. Тиймээс би хувьдаа тренд гэхээсээ илүү өөрийн зөн совиндоо итгэж ажиллахыг хичээдэг юм. Биднийг ирээдүйд юу хүлээж байна вэ гэж үү? Чанарын стандарт цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэж байна. Ойрын ирээдүйд бүх уран бүтээлчид орчин үеийн технологи дээр суурилсан төхөөрөмж түлхүү ашиглана гэдэгт би итгэлтэй байгаа.

Таны ажлын юу нь хамгийн хэцүү вэ?

Шинэлэг санаа гаргаж ирэх нь. Заримдаа санаанууд гэнэт бас олноороо орж ирдэг, харин заримдаа толгой хов хоосон болчихдог. Тухайлбал бид саяхан Printemps-ийн цонхнуудыг бүхэл бүтэн сансар огторгуй болгон хувиргасан. Сансар огторгуйн дүр зураг бий болгож, шинэ цуглуулгын хувцаснуудаар гоёсон манекеныг агаарт "жингүйдүүлсэн" байгаа нь үзэгчдэд таалагдана гэж найдаж байна. Үүний зэрэгцээ бидний хайрт Мишел Гобер (Céline, Dior, Chanel, Dries van Noten болон бусад томоохон брэндүүдийн загварын шоуны soundtrack-ыг хариуцдаг Францын DJ - Редакторын тэмдэглэл) шинэ төсөлд зориулж ая бичсэн. Дэлгүүрийн хажуугаар өнгөрөх хүмүүс бидний бүрдүүлсэн уур амьсгалд бүрэн автаасай гэж бид хүсч байгаа.

Та дэлхийн хамгийн том брэндүүдийн нэгтэй хамтарч ажилладаг. Урлаг ба бизнесийн хил хязгаар хаана оршдог вэ?

Би бүх зүйлийг тэнцвэртэй байлгахыг хичээдэг. Бизнесийг ч тэр, урлагийг ч тэр. Үзмэрийн цонхны хамгийн гол зорилго бол үзэгчдийн анхаарлыг татах явдал юм. Манай урланд үргэлж хөл хөдөлгөөн ихтэй, маш бүтээлч уур амьсгал ноёрхож байдаг. Үргэлж чанга хөгжим дуугарч, хэн нэгэн цай эсвэл кофе ууж, өөр нэг буланд 3D принтер зогсолтгүй ажиллаж байдаг. Бидний толгойд ямар нэгэн зүйл орж ирсэн л бол бид санаагаа цаасан дээр буулгах гэж яаран гүйдэг. Үүний дараагаар бид шууд л хэрэгтэй зүйлсийг баримлаар урлаж, принтерээр хэвлэж эхэлнэ. Заримдаа би оффисдоо хаа нэгтэйгээс гэнэт олсон эртний эд зүйлс авчрах дуртай. Тэднийг бид ямар нэгэн байдлаар төсөлдөө ашигладаг юм.

Louis Vuitton-ы гайхамшигт үзмэрийн цонхнуудыг бүтээгч Фэй Маклеодын ярилцлага (фото 3)

цааш үзэх