Хайх

Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Гвен Стефани ба зохимжгүй зүйлсийг хооронд нь хослуулах урлаг

Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Гвен Стефани ба зохимжгүй зүйлсийг хооронд нь хослуулах урлаг

Зоригтой бүсгүй

Text: Buro.Mongolia


Амжилттай дуучин ба дизайнер, No Doubt хамтлагийн хуучин гишүүн Гвен Стефани өөрийн дахин давтагдашгүй стилиэрээ алдартай билээ. Эртний Холливүүдийн үеийн япон хүүхэлдэйн дүр, аварга том алтан чимэглэлтэй спорт хувцас, түүхэн өмсгөл ба панк-рок хэв маяг гээд түүнд туршиж үзээгүй стиль гэж үгүй. Түүний олон арван төрлийн дүр төрхүүдийг нэгтгэн, тодорхой нэгэн үгээр тайлбарлах шаардлагатай болвол "холимог стиль" гэх ойлголт хамгийн тохиромжтой байх биз ээ. "Би загварын дүрмүүдийг дагадаггүй. Яагаад гэхээр би зүгээр л тэдгээр дүрмүүдийг мэддэггүй юм" хэмээн Гвен хэлсэн байдаг.

Нэгэн үед Гвен бинди буюу Энэтхэг эмэгтэйчүүдийн духны гол хэсэгтээ зурдаг өнгөт цэгийг өөрийн имиджийн нэгэн хэсэг болгодог байлаа. Энэ үед тэрээр мөн үсээ тод ягаан эсвэл усан цэнхэр өнгөөр будаж, Мексик бүсгүйчүүдийн чоло хэв маяг бүхий нарийн хөмсөгтэй тод өнгийн уруултай нүүр будалт хийдэг байсан. Тухайн үед мэргэжлийн стилист хөлслөх боломжгүй байсан тул Гвен сэтгэлээр уналгүй, масс зах зээлийн брэндүүдээс хувцас худалдан авч, өөрийн гараар загварыг нь шинэчилж, хооронд нь гэнэтийн байдлаар хослуулж өмсдөг байлаа. Тэр ямар ч орчин үеийн street style одын атаархлыг төрүүлэм, тийм л өвөрмөц төрх бүрдүүлдэг байсан юм. Хувцаслалтынхаа талаар ярилцлага өгөхдөө дуучин бүсгүй юуны түрүүнд хувцсаар дамжуулан өөрийн дотоод ертөнцийг илэрхийлдэг хэмээн онцолдог байв. Түүний хичээл зүтгэлийн ачаар No Doubt хамтлагийг Vogue Fashion Awards шагналд нэр дэвшүүлж байсан удаа бий.

Гэхдээ Гвен Стефанигийн өвөрмөц стиль Spiderwebs клипний зураг авалтын явцад төлөвшсөн гэж хэлж болно. Зураг авалтын бүтээлч санаа хайж явах үедээ No Doubt хамтлагийн гишүүд Лос-Анжелес хотын Мелроуз дахь нэгэн бутик руу алхан орсноор бүх зүйл тодорхой болсон юм. Гвен ханаар дүүрэн өлгөсөн корсетуудыг хараад яг л урлагийн бүтээл мэт хүлээж авсан гэдэг. Мэдээж хэрэг энэ нь Vivienne Westwood брэндийн бутик байсан юм. Цасан өнгийн корсет маягийн топ, дөрвөлжин хээтэй сул өмд, болхи загварын түрийтэй гутал өмссөн дуучныг яг л Вивьен Вествуд өөрөө хувцасласан мэт харагдаж байлаа. Ингээд үүнээс хойш Гвен дизайнер Вивьен Вествудтэй олон жилийн турш хамтран ажиллаж, брэндийн хувцсыг тогтмол өмсдөг болсон билээ.

Гвен Стефани бол туршилт хийхээс айдаг хүмүүст гайхалтай үлгэр дуурайлал болно. Хэрвээ та баруун гартаа олон тооны алтан бугуйвч зүүх атлаа нөгөө гартаа резинэн материал бүхий спорт бугуйвч углахыг хүсвэл яагаад болохгүй гэж? Эмээсний хэрэггүй. Хүссэнээрээ л хувцасла.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх