Хайх

Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Ямар нэгэн стильгүй Шайа Лабаф

Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Ямар нэгэн стильгүй Шайа Лабаф

Ямар нэгэн стильгүй байх нь өөрөө стиль юм

Text: Ө.Тодгэрэл


Олон удаагийн угаалгаар өнгөө алдсан даавуун цамц, өвдөг нь сунасан бэлтгэлийн өмд, оймстой хослуулан өмссөн crocs, элэгдсэн пүүз гэх зэрэг үгс таны толгойд үзэмжгүй дүр зураг бий болгож байна уу? Гэтэл үнэн хэрэгтээ бид эдгээр үгсээр сүүлийн үеийн загварын шүтээн болоод буй Холливүүдийн од Шайа Лабафыг тодорхойлж байна шүү дээ. Хачирхалтай зурагтай цамцнууд болон нүсэр том, хэлбэргүй гуталнууд өмсөх дуртай Шайагийн стилийг шүтсэн олон тооны хүмүүс, тэр ч бүү хэл хэд хэдэн тусгай Instagram хуудаснууд бий. Түүнчлэн хүндэт The New Yorker сэтгүүл түүнийг "UGG өмссөн гэнэтийн загварын шүтээн" хэмээн өргөмжлөөд байгаа.

Ямар нэгэн стильгүй Шайа Лабаф өнөөдөр загварын шүтээнээр өргөмжлөгдөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Юуны түрүүнд Демна Гвасалия гэх зэрэг дизайнеруудын ачаар олон нийтийн загварыг харах үзэл тэс ондоо чиглэл авч, өөгүй цэмцгэр хэв маягаас илүүтэйгээр хайхрамжгүй стиль үнэлэгдэх болсон. Мөн сүүлийн үед бүхий л дизайнерууд ба стилистүүд streetwear буюу гудамжны хувцасны төрлийг дэлгэрүүлэн, түгээснээр биед эвтэйхэн, спортлог дүр төрх загварлагт тооцогдож байна. Гэхдээ Шайа Лабафын гол онцлог юунд оршдог гээч? Хамгийн гол нь тэрээр өглөө босоод юу өмсөхдөө ямар ч ач холбогдол өгдөггүй. Тэр үнэхээр л юу өмссөн ч хамаагүй гэж боддогт гол нууц оршиж байгаа юм. Gucci-гийн тренди хослол байна уу, эсвэл өнгөө алдсан футболка байна уу түүнд огт хамаагүй бололтой.

Магадгүй Лабафын хувцаслалтыг дүгнээд үзвэл тэрээр үүгээрээ дамжуулан "би өөртөө хангалттай итгэлтэй тул бусдад яаж харагдах нь надад огтхон ч хамаагүй" гэх тунхаглалыг илэрхийлдэг байх. Эсвэл энэ нь ердөө загварыг ёжилж буй хэрэг ч байж болзошгүй. Юутай ч Лабафын хувьд өмссөн хувцас нь биш, харин түүний хандлага нь (англи хэлэнд үүнийг attitude гэх үгээр нэрлэнэ) чухал байгаа юм. Мөн мэдээж хэрэг Лабафт төрөлхийн нарийн мэдрэмж байдагт маргах зүйл үгүй биз ээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх