Хайх

Гурван өөр стильтэй блогер бүсгүйн жирэмсний үеийн хувцаслалт

Загварын блогерууд жирэмсний үеийн хувцаслалтад хувьсал хийж байна

Гурван өөр стильтэй блогер бүсгүйн жирэмсний үеийн хувцаслалт

Text: Ө.Тодгэрэл

Эрт дээр үед жирэмсний үеийн хувцаслалт гэдэг нь майхан мэт том, нэвсгэр даашинз ба төрөл бүрийн резинэн оруулгатай хувцаснуудаас бүрддэг байсан бол, аз болж, орчин үед нөхцөл байдал өөрчлөгджээ. 2018 оны загварлаг бүсгүй хүссэн стилиэрэ хувцаслаж, жирэмсэн болохоосоо өмнө бүрдүүлэх дуртай байсан тэр бүх зоригтой төрхүүдээ үргэлжлүүлэн бүрдүүлэх боломжтой юм.

Интернет холбоо, тэр дундаа олон нийтийн сүлжээ хөгжсөн өнөө үед Instagram ба street style загварыг байлдан дагуулж буй блогер бүсгүйчүүд бидний хувцаслах хэв маягт багагүй нөлөө үзүүлэх болсон. Хэрвээ та анзаарсан бол Кьяра Ферраньи, Леандра Медин ба Луиза Роу гэх ихэнх Instagram хэрэглэгчдийн дагах дуртай загварын блогерууд бараг нэгэн зэрэг хөл хүнд болсноор жирэмсний үеийн хувцаслалтад жинхэнэ хувьсал хийсэн гэж хэлж болно.

Есөн сарын турш тогтмол өөрчлөгддөг биеийг загварлаг хувцаслах нь амаргүй ажил хэдий ч, эдгээр гурван бүсгүйн гайхалтай стиль танд хувцаслалтын олон сайхан санаа өгөх болно.

Кьяра Ферраньи

The Blonde Salad вебсайтын үүсгэн байгуулагч Кьяра Ферраньи жирэмслэлтийнхээ үеэр өөрийн зоригтой стилийг золиосонд гаргасангүй. Тэрээр мэдээж хэрэг ихэнхдээ намхан ултай гутал өмсдөг хэдий ч, хувцаслалтынхаа бусад элементүүдийг аль болох өнгөлөг, сонирхолтой хэвээр үлдээдэг. Бие барьсан богино даашинз ба юбка, өвдөг давсан урттай гутал, анхаарал татам тод өнгийн хувцас зэрэг нь түүний хувьд асуудал биш юм.

Зургийг: @chiaraferragni

Леандра Медин

Man Repeller вебсайтын үүсгэн байгуулагч Леандра Медин өөрийн өнгөлөг, ёжтой стилиэрээ алдаршсан. Тэрээр жирэмсэн байх хугацаандаа туршилт хийхээс айлгүй, маш олон өвөрмөц, загварлаг төрхүүд бүрдүүлсэн бөгөөд тэр бүгдийгээ шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцаж, жирэмсэн бүсгүйчүүдэд санаа өгөх үүднээс өөрийн Instagram хуудаснаа байршуулсан байгаа. Та түүнийг заавал дагаарай.

Зургийг: @leandramcohen

Луиза Роу

Английн телевизийн хөтлөгч, загвар өмсөгч ба загварын сэтгүүлч Луиза Роу илүү сонгодог, эмэгтэйлэг стилиэр хувцасладаг бөгөөд жирэмслэлтийнхээ үеэр энэхүү дэгжин хэв маягаа төгс хэрэгжүүлж чадсан.

Зургийг: @louiseroe
Цааш үзэх