Хайх

It Girl: Жижи Хадид

It Girl: Жижи Хадид

Америк гоо үзэсгэлэн

Text: Buro.Mongolia


Зураг:

Хамгийн анх 2014 онд дизайнер Том Фордын хараанд өртөж, үүнийхээ ачаар олны анхаарлыг татаж чадсан булцгар хацартай, шургал үст Жижи Хадид өнөөдөр алдрынхаа оргилд хүрээд байна. 1995 оны дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн супермодель бүсгүй гурван хоногийн өмнө албан ёсоор насанд хүрлээ

Зарим хүмүүс Жижиг Заха Хадидтай хамааралтай хэмээн андуурах тохиолдол байдаг ч, үнэндээ тэрбээр Иоланда Фостер ба Мохамед Хадид нарын том охин юм. Түүний аав барилгын бизнес эрхэлдэг бол, ээж нь харин "The Real Housewives of Beverly Hills" реалити шоуны од юм. Жижи эрэгтэй дүү Анвар Хадидын хамтаар уг тв шоунд нэг биш удаа үзэгдэж байсан тул түүнийг реалити гэр бүлээс гарч ирсэн загвар өмсөгч Кендалл Женнертэй адилтгаж болно. Моделийн мэргэжлээ эхлүүлээд удаагүй байхдаа Жижи Карин Ройтфельд ба Том Форд нарын хараанд өртөж, Tom Ford брэндийн хэд, хэдэн сурталчилгаанд оролцоод авсан. Түүнээс хойш түүний карьер хурдацтай өсч, өдийг хүртэл эрчээ алдаагүй явна.

It Girl: Жижи Хадид (фото 1)It Girl: Жижи Хадид (фото 2)

Жижи анхнаасаа л бусдаас онцгойрч чадсан. Тэрбээр загварын тайз дээр сүүлийн арван жилийн турш ноёрхож байгаа "хэврэг", хэт туранхай охидоос тэс ондоо галбиртай. Түүний "модель бус" параметрууд (үнэндээ тэр ондоо галбиртай хэдий ч, тайз дээгүүр алхахдаа бусад загвар өмсөгчидтэй ижил размерын хувцас өмсдөг), бургерэнд зарласан хайр болон Instagram дахь маш хувийн чанартай зургууд олон нийтийн хайрыг ихээр татдаг. Үүнээс үүдээд хүмүүс ихэвчлэн түүнийг "girl next door" буюу хажуу айлын охин гэж тодорхойлдог юм. Гэхдээ бодит байдал дээр танай орцонд, байранд эсвэл бүр гудамжинд Жижи шиг охин хэд байна вэ? Элсэн цаг шиг галбиртай, өндөр нуруутай, алтан үстэй, шанаа нь тодорч харагдах хэрнээ булцгар хацартай, гайхамшигтай "мууран" царайтай тийм охид харагдана уу?

It Girl: Жижи Хадид (фото 3)

Хадидыг яагаад ч "хажуу айлын охин" гэх ангилалд хамруулж болохгүй. Түүнийг гаднах төрхөөр нь дүгнэвэл тэр холоос л биширч болох, хэзээ ч таных болохгүй, мөрөөдлийн бүсгүй юм. Тэр хүн бүрийн хажуугаар өнгөрөхдөө найрсгаар инээмсэглэж, хонгилд тааралдахдаа заавал ч үгүй мэндэлж, хүмүүсийн нүдэнд хэзээ ч ихэмсэг зантай мэт харагдахгүй. Гэхдээ үнэн хэрэгтээ тэр "сайн уу" гэж мэндэлсэн хүнийхээ нэрийг санахгүй ч байж мэднэ. Харин Кара Делевинь, Кендалл Женнер гэх бусад нийгмийн сүлжээний супер модель охид эсрэгээрээ "girls next door" төрөлд илүү тохиромжтой байх магадлалтай. Тэд Жижигээс их дагагчидтай, илүү олон сэтгүүлийн нүүр болон олон саяын гэрээтэй байж болох ч түүн шиг онцгой мэдрэмж төрүүлдэггүй.

Жижи Хадидын амжилтын гол нууц нь бидний бодлоор түүний булцгар хацартай хүүхдийн гэмээр гэмгүй төрх болон маш эмэгтэйлэг, тачаангүй бие галбирт оршиж байгаа юм. Жижигийн хамгийн анхны алдартай зургуудын нэг болох Tom Ford-ын сурталчилгаа дээр түүний ард хөх ягаан өнгийн тугалган цаас биш, харин "American Beauty" кино дээр гардаг улаан сарнайн дэлбээнүүд байгаа мэт харагддаг. Үүнд мэдээж хэрэг түүний өвөрмөц гоо үзэсгэлэн нөлөөлж байгаа юм.

Цэвэр ариун байдал болон тачаангүй зан чанарын эсрэгцэл дээр суурилсан илэн далангүй зургууд шаргал үст бүсгүйд нэлээд олон бий. Зарим зургуудыг бүр хэтэрхий ёс журамгүй хэмээн үзэж, олонд дэлгэхээс хориглож байсан тохиолдол бий. Гэхдээ энэ бүгдээс үл хамааран Жижи маш үлгэр жишээ намтартай. Тэр ахлах сургуульд байхдаа волейболын багийн ахлагч байсан төдийгүй өнөөдрийг хүртэл өдөр бүр спортоор хичээллэдэг нэгэн. Тэр өөрийн хийсэн жигнэмэгийнхээ зургийг Instagram-д нийтлэдэг бөгөөд одоохондоо ямар нэгэн хэрүүл шуугианд орооцолдоогүй байна.

Тэр гэр бүлтэйгээ маш дотны харилцаатай. Түүний эмэгтэй, эрэгтэй хоёр дүү мөн адил загвар өмсөгчийн карьер эхлүүлж, багагүй амжилт гаргаад байгаа. Жижи гэр бүлийнхээ өхөөрдөм зураг болон бичлэгийг тогтмол олон нийтийн сүлжээндээ нийтлэж, шүтэн бишрэгчидтэйгээ идэвхтэй харилцдаг. Хэн нэгэн түүнд төрсөн өдрийн мэнд хүргэхэд тэр заримдаа өөрийн биеэр хариу бичиж, талархах үе ч бий.

Instagram сүлжээнд анх түүнийг загвар өмсөгчөөр ажиллахад тохиромжгүй, хэт "мариалаг" биетэй хэмээн шүүмжилдэг байхад Жижи өөрийнхөө алдарт хариултыг өгч байсан юм. Тэр үед Хадид тэдгээр шүүмжийг уншаад сэтгэлээр унадаг байснаа мөн Victoria's Secret-ээс татгалзсан хариу авахдаа санаа зовнидог байснаа нуулгүй хэлж байсан. Энэ бүх сэтгэлийн өчлийг сонсоод түүнд татагдахгүй байхын аргагүй байгаа биз?

цааш үзэх