Хайх

Пастель ертөнцийн хувцаснууд: Дизайнер Э.Нандин-Эрдэнийн капсул цуглуулга

Пастель ертөнцийн хувцаснууд: Дизайнер Э.Нандин-Эрдэнийн капсул цуглуулга

Анхны гараа

Text: Ж.Чинбат


Итали улс дахь бүх загварын сургуулиуд шилдэг оюутнуудаа илгээн оролцуулдаг "Milano Moda Graduate 2016" загварын шоунд "Пастель ертөнц" капсул цуглуулгаа толилуулсан Э.Нандин-Эрдэнийг танд танилцуулъя

Та манай уншигчдад өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу.

Намайг Э.Нандин-Эрдэнэ гэдэг, Эрдэнэт хотод төрсөн. Урлах Эрдэм дээд сургуулийг 2014 онд дизайнер мэргэжлээр төгссөн. Одоо Милан хотод 1776 онд байгуулагдсан "Aссаdemia di belle ari di brera" сургуульд магистраа хамгаалахаар суралцаж байгаа.

Яагаад энэхүү сургуулийг сонгосон юм бэ?

Эхлээд Парис, Шанхай, Лондон хотуудад салбартай "Marangoni" институтын Милан дахь салбарт элсэхийг хүссэн боловч төлбөрийн хувьд маш өндөр байсан учир өөр сургууль судалж эхэлсэн. "Accaddemia Brera" урлагийн чиглэлээр Итали болон Европт нэр хүндтэй, сайн сайн сургууль гэсэн мэдээлэл олсон юм. Манай сургууль дүрслэх урлаг, дизайн, урлагийн харилцаа ба боловсрол гэсэн гурван салбартай. Ойролцоогоор дөрвөн мянган оюутан байдгаас нэг мянга орчим нь гадаад оюутан. 

Өнгөрсөн долоо хоногт таны оролцсон загварын шоу ямар учиртай арга хэмжээ байсан юм бэ?

Италийн Үндэсний Загварын Танхим болон "Fashion Platform Training System" холбооноос зохион байгуулдаг "Milano Moda Graduate 2016" шоунд оролцсон юм. Энэхүү шоунд Итали улсын бүх загварын чиглэлийн сургууль хамрагддаг бөгөөд сургууль тус бүрээс арван оюутны ажлыг шалгаруулж, цуглуулгаа танилцуулах боломж олгодог. Энэ шоунд би "Pianetta pastello" капсул цуглуулгаа танилцуулсан. Мөн надаас гадна дизайнер Д.Овдогмэд энэ шоунд оролцсон байгаа.

Загварын шоуны үеэр ямар сэтгэгдэл төрж байв?
Дараагийн удаад юун дээр анхаарах талаар бодож байсан даа. 

"Пастел ертөнц" цуглуулгынхаа талаар ярихгүй юу.

Хүмүүс ирээдүйд өөр гараг дээр амьдрах болвол тухайн уур амьсгалд ямар хувцас өмсөх бол гэсэн асуулт би өөртөө тавьж, төсөөлж үзсэн л дээ. Үүнээс үүдэн футуристик хэв маягтай, минимал өнгө аяс загвартаа тусгасан юм. Өнгөрсөн 2015 оны есдүгээр сард эхний санаагаа гаргаад, 2016 оны дөрөвдүгээр сараас ажиллаж эхэлсэн. 

Ямар хүмүүст зориулсан бэ?

Өөртөө үнэнч хүмүүст. Тиймээс энд нас, хүйс, мэргэжил, боловсролын ялгаа гэж үгүй. 

Чиний ирээдүйн хэрэглэгчид хэн байх вэ?

Өөртөө үнэнч, эсвэл маш энгийн хүмүүс байх болов уу. Миний энэ капсул цуглуулгаас италийн нэгэн блоггер, модель бүсгүй авсан юм. Тэр Миланы загварын долоо хоногт, Jil Sander-ын шоунд өмсөж очиход гэрэл зурагчид сонирхож, ямар сонин танихгүй хувцас вэ гэж зургийг нь их авсан гэсэн.  

Пастель ертөнцийн хувцаснууд: Дизайнер Э.Нандин-Эрдэнийн капсул цуглуулга (фото 1)

Цуглуулгын материалыг сонгохдоо хэрхэн ажилласан бэ?
Загварууддаа би неопрен гэх  синтетик төрлийн материал голчлон хэрэглэсэн. Мөн арьс, торон материал ашигласан байгаа. Эдгээр материалыг жил бүр загварын салбарт ажиллаж буй компани, брэндүүдэд зориулж олон улсын үзэсгэлэн зохион байгуулдаг LINEAPELLE компанийн Милан дахь фэйшн студиэс сонгосон. Энэ нь миний хувьд маш азтай хэрэг болсон. Учир нь неопрен нь шинэ тренд болж байгаа материалуудын нэг байсан. 

Цуглуулгын аксесуаруудыг хэрхэн бүтээсэн бэ?

Аксесуарын хувьд малгай, гутал онцгой байлаа гэсэн сэтгэгдэл авсан. Малгайг тус бүрд нь арьсаар гурвалжин хэсгүүд бэлдэж, тэднийг нэг бүрчлэн гараар оёсон байгаа. Дараа нь тусгай арьсны будгаар будсан. Гутлын хувьд гэвэл, би нэг удаа метро хүлээж байхад миний хажууд томдсон сандаалтай хэрнээ жижигхэн хөлтэй цагаач хүн байхыг харсан юм. Түүнээс сэдэвлэж неопрен материал бүхий нэг бүхэл эсгүүртэй, маш минимал гутал хийсэн. Өмсөхөд хөлд эвтэйхэн хэрнээ загварлаг болсон.

Танилцуулганы зураг авалтаа хэрхэн хийсэн бэ?

Гэрэл зургийг архитектор, зурагчин Amr гэдэг уран бүтээлч авч, үс засалтыг Лондон, Нью-Йорк, Парис, Миланы загварын долоо хоногуудад ажилладаг Садбрина Лефебвре гэдэг хүн хийсэн. 

Пастель ертөнцийн хувцаснууд: Дизайнер Э.Нандин-Эрдэнийн капсул цуглуулга (фото 2)

Чиний хийж буй загварууд Enn гэдэг нэрийн дор гарах юм байна. Энэ нь ямар утгатай вэ?

Миний овог нэрэнд орсон үсгүүдийн товчлол юм.

Чамайг урамшуулдаг гол зүйлс юу вэ?

Зүүд, кино, галерей үзэх зэрэг зүйлс байдаг ч заримдаа их хачин, сонин зүйлсээс урамтай санаа төрдөг. Сальфеткан цаас нугалж, оролдож байх үед ч юм уу, лааны тосоор тоглох гэх мэт зүйлс хийж байхад сонирхолтой санаа төрдөг. Хамгийн сүүлд Антонио Маррасын үзэсгэлэнг үзсэн. Мөн 1960-аад оны загвараас Пьер Гардиний загварууд таалагддаг. 

Чиний хувьд минимал байдал гэж юу вэ?

Хүнд тайван мэдрэмж төрүүлдэг, маш тодорхой, эмх цэгцтэй, тэгш давтамжтай зүйл. 

Пастель өнгөнүүд чамд яагаад таалагддаг вэ?

Пастель өнгө бусдаас өөр, хачин гэж хэлмээр. Хүнээр бол нээлттэй юм шиг хэрнээ нууцлаг, ойлгож, тодорхойлоход хэцүү хүмүүстэй адилтгаж болно. Мөн өөр олон өнгөтэй хослуулах боломжтой байдаг. 

Том, хэлхгэр хэмжээсэнд яагаад дуртай вэ?

Хэлхгэр хэлбэр нь өөртөө итгэлтэй, бас төлөвшсөн байдлыг илэрхийлдэг. Мөн мэдээж биед маш эвтэйхэн бөгөөд хөдөлгөөнд саадгүй. Миний төсөөлсөн дүр төрх, араншинг гаргахад том үүрэг гүйцэтгэдэг. 

Яагаад бие барьсан хувцас юм уу даашинз хийгээгүй вэ?

Сонирхол байдаггүй. Эмэгтэй хүн зөвхөн бие барьсан хувцас, өндөр өсгийт өмссөнөөр секси, гоо сайхан байдаггүй. Хүн бүрийн гоо сайхны хэмжээс өөр байдаг шүү дээ. 

Цаашдаа чиний хийх хувцасны дизайнууд ямар чиглэлтэй байх вэ?

Одоогийн дүр төрх, стиль хэвээр үлдэнэ. Гэхдээ загвар-урлаг, загвар-бизнес хоёрыг амжилттай хослуулж явахыг хүсдэг. Яг одоогоор миний хийсэн загваруудыг өдөр тутамд өмсөж явах хүмүүсийн тоо цөөхөн байгаа.

Чиний ойрын зорилго юу байна вэ? 

Шинэ цуглуулга.

Пастель ертөнцийн хувцаснууд: Дизайнер Э.Нандин-Эрдэнийн капсул цуглуулга (фото 3)

Италид загварын чиглэлээр суралцахыг хүсч буй хүмүүст өөрийн зүгээс юу гэж зөвлөх вэ?

Нэгдүгээрт зөвхөн Итали гэлтгүй өөр оронд сурах гэж байвал, тэр тусмаа магистраа хамгаалах гэж байгаа хүмүүс хэлний мэдлэгээ зохих түвшинд нь хүргэсэн байх нь чухал. Мөн ямар чиглэл, зорилгоор магистр хамгаалах гэж байгаагаа тодорхойлсон байх хэрэгтэй. 

цааш үзэх