Хайх

Шоппинг: Хүйтэн өдрүүдэд хэрхэн загварлаг хувцаслах вэ

Онлайн дэлгүүрүүдээр худалдаалж буй энэ улирлын шилдэг пальто, өдөн куртка ба үслэг хүрэм

Өвлийн хүйтэн хаяанд ирсэн энэ үед таны хувцасны шүүгээнд магадгүй тренч цувнаас илүү дулаан хувцас олдохгүй байгаан улмаас та зузаан загваруудын эрэлд гарч байгаа байх. Бид таны шоппинг хийх ажлыг бага ч болов уу хөнгөвчлөх үүднээс брэндүүдийн энэ улиралд танилцуулсан шилдэг загваруудыг нэг доор цуглууллаа.

Пальто

Шоппинг: Хүйтэн өдрүүдэд хэрхэн загварлаг хувцаслах вэ (фото 1)

Пальто бол өвлийн улиралд өмсөж болох шилдэг хувилбаруудын нэг юм. Арчилж, цэвэрлэхэд хялбар, шүүгээнд бага зай эзэлдэг энэ загвар нь орчин үед материалын өргөн сонголттой гардаг болсон тул та ямар ч хүйтэн цаг агаарт тохируулан сонголтоо хийх боломжтой билээ. Илүү дулаан байхыг хүсвэл дотор нь нимгэн куртка өмсөж, эсвэл зориулалтын дулаан доторлогоо худалдан авахыг бид зөвлөж байна. Пальтоны бас нэгэн том давуу тал бол өнгөний сонголт юм. Энэ улиралд улаанаас эхлээд бүүдгэр шар, ногоон, бор гээд бараг бүх өнгөнүүд загварлаг байх болно.

Үслэг хүрэм

Шоппинг: Хүйтэн өдрүүдэд хэрхэн загварлаг хувцаслах вэ (фото 2)

Монголын хүйтэн өвлийг үслэг хүрэмгүйгээр давж гарахын аргагүй. Орчин үед ихэнх дизайнерууд байгалийн гаралтай үслэг материалаас татгалзаж байгаа тул бид энэ удаагийн жагсаалтдаа хүн бүрийн сэтгэлд нийцэх байгалийн болон хиймэл гэсэн хоёр төрлийн хүрэмнүүдийг хослуулан орууллаа. Тэр дундаа хонины ноосоор хийгдсэн хүрэм удаан хугацаанд чанараа хадгалж, илүү байгальд ээлтэй байдлаар үйлдвэрлэгдэж, хадгалахад илүү хялбар байдгийг энэ дашрамд онцлох нь зүйтэй болов уу. Брэндүүд ч бас энэ материалыг илүүд үзэж, намар-өвөл 2017 улиралд өргөн сонголт бүхий загварууд танилцуулсан байгаа.

Өдөн куртка

Шоппинг: Хүйтэн өдрүүдэд хэрхэн загварлаг хувцаслах вэ (фото 3)

Ихэнх хүмүүс одоо хүртэл өдөн курткаг загварлаг бус хэмээн тооцож, худалдан авахаас зайлсхийж байгаа харагддаг. Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд дизайнерууд энэхүү загварыг дахин сэргээж, алдрын оргилд хүргэсэн гэдгийг бид нэг биш удаа мэдээллэж байсан билээ. Гэхдээ дизайнерууд орчин үед аль болох этгээд дизайн ба өнгөтэй куртканууд санал болгож, oversize бөгөөд тэгш бус хэмтэй эсгүүрээр туршилт хийх болсон байгаа. Хамгийн гол нь пальто ба үслэг хүрэмтэй харьцуулбал өдөн куртка нь илүү хямд үнэтэй, өмсөхөд эвтэйхэн байдаг тул энэ нь магадгүй хүйтний улирлын шилдэг сонголт байж болох юм.

Аксесуар

Шоппинг: Хүйтэн өдрүүдэд хэрхэн загварлаг хувцаслах вэ (фото 4)

Намар-өвлийн хүнд нөхцөлд зөвхөн биеэ гэлтгүй мөн толгой, хүзүү ба гараа хүйтнээс хамгаалах хэрэг гардаг. «Малгай+ороолт» гэх нэхмэл хослолын үе аль хэдийнээ ард хоцорсныг анхааралдаа авч, үүний оронд тус бүрдээ бие даасан, сонирхолтой аксесуарууд сонгон зүүгээрэй. Энгийн ороолтын оронд том шаль эсвэл үслэг зах сонгож, аль болох өвөрмөц бичиг ба чимэглэлтэй малгайгаар гоёхыг дизайнерууд зөвлөж байна. Мөн мэдээж хэрэг гартаа зориулж орчин үеийн технологийн эрин үетэй зохицох дэлгэц мэдрэх чадвартай бээлий сонгоорой.

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх