Хайх

Хавар-зун 2016 улирлын шоунуудаас юу хүлээх вэ

Хавар-зун 2016 улирлын шоунуудаас юу хүлээх вэ

Сарын төлөвлөгөө


Зураг: GettyImages

Нью-Йоркийн загварын долоо хоног есдүгээр сарын 10-нд эхэллээ. Загварын редакторууд аль эртнээс түүнд бэлдэж буй учраас хэдэн арван шүүмж сарын турш биднийг хүлээж байгаа

Загварын шоуны гэрэл зургуудыг Style.com дээр дахин тавихгүй болов

Харамсалтай нь Style.com-ын түүх төгслөө. Загварын шоуны тайзны архивыг 16 жилийн турш цуглуулсан архив Vogue.com сайтын Vogue Runway-д шилжсэн билээ. Гэхдээ, "Таалал төгссөн" сайтын бүх ажилтнууд тэр чигтээ шинэ хувилбарт ажиллахаар очсонгүй. Style.com порталын хамгийн алдартай гэрээт ажилтны нэг, стритстайл-гэрэл зурагчин Томми Тон зургаан жил хамтран ажилласан ч Style.com-ын өмнөх шүтэн бишрэгч нараа орхиж байна. Есдүгээр сарын эхээр тэр TommyTon.com гэсэн сайттай болоод өөрөө өөртөө ажиллах болжээ.

House of Gant гэх загварын шоуг Gant хийлээ 
Есдүгээр сарын 10

H&M брэндэд өөрийн "өндөр" шугам H&M Studio бий, Topshop ч өөрийн Topshop Unique-тай. Харин House of Gant шоу бол тэднээс огт өөр. Энэ нэрийн дор тайзнаа Gant Originals, Gant Rugger болон шинэ шугам Gant Diamond G гэх гурван цуглуулга нэгджээ. Энэ шоунаас юуг хүлээх, эсвэл заавал ямар нэг юм хүлээх хэрэгтэй эсэхийг бид мэдэхгүй. Ямар ч байсан орхигдуулж болохгүй нь ойлгомжтой. Gant зарим тал зүйлс дээр дахин брэндинг хийх тухай ярьсан байгаа. Загварын долоо хоног бүрээр түүний хувцаснууд нийтийн хүртээл болохуйц үнээр зарагддаг цөөн брэндүүдийн нэг учраас зүгээр хажуугаар нь өнгөрч болсонгүй.

Хавар-зун 2016 улирлын шоунуудаас юу хүлээх вэ (фото 1)


Givenchy нийтэд зориулсан шоугаа нээлээ
Есдүгээр сарын 11

Нийт 1200 тасалбар худалдаанд гарсныг загварын сургуулийн оюутнууд, хөрш шоуны ойролцоох байрныханд хувиарласан учир Givenchy-гийн намрын үзүүлбэр олон үзэгчидтэй байлаа. Загварын ертөнцийн мэргэжилтнүүд шоунд блогчдыг нэвтрүүлэх үү, үгүй юу гэж маргаж байх хооронд Рикардо Тиши шинэ Givenchy шоугоо нийтэд нээлттэй болгов. Яагаад? гэх асуулт байна. Энд Тишийн бага зэргийн ишлэл хариу өгөх байх. "Үүгээр, өнөөдөр би юу олж авахыг хүснэ вэ гэвэл түүнийг шууд хайр сэтгэлийн баяр гэж нэрлэж болно. Бид бүгдэд нийтлэг нэг зүйл бий. Биднийг хайр сэтгэл л нэгтгэдэг юм. Хайр бол үнэгүй, баян, ядуу хэнд нь ч адилхан" хэмээн Рикордо Тише хэлсэн юм.

Хавар-зун 2016 улирлын шоунуудаас юу хүлээх вэ (фото 2)

Леди Гагагийн стилист Брэндон Максвелл хувийн цуглуулгаа үзүүлнэ
Есдүгээр сарын 14

Леди Гагатай хамтран ажиллаж байгаад алдартай болсон оддын стилист өөрийн брэндийг гаргаж байна. Хамаагүй аашилдаг "мангасуудын ээж"-тэй холбоотой ч Максвеллийн анхны цуглуулгаас махаар хийсэн хувцас харахгүй нь мэдээж. Дизайнерийн өөрийнх нь хэлснээр, цуглуулгад нь оройн гоёл, даашинз, костюм зэргийн энгийн болон чинээлэг хүмүүсийн аль алин нь өмсөж болох хувцас хунар голлох ажээ.

Филлип Лим өөрийн брэндийн ойг тэмдэглэнэ
Есдүгээр сарын 14

Өнөөдөр хэн нэгэн анхны цуглуулгаа үзүүлж байгаа бол өөр нэг нь энэ цагаар чухал ойгоо тэмдэглэж байна. Тэр "өөр нэг" нь 3.1 Phillip Lim  брэндийн 10 жилийн ойг тэмдэглэж байгаа Филлип Лим болж байна. Ойн баяраараа тэр зүгээр нэг шоу үзүүлснээр ажил хэрэг нь дуусахгүй биз дээ. Дизайнер одоохондоо шинэ шоуны инсталляцийг нь зураач эмэгтэй Майя Лин бүтээсэн гэхээс өөр мэдээлэл өгөөгүй.

Хавар-зун 2016 улирлын шоунуудаас юу хүлээх вэ (фото 3)

Тайзнаа бионик гартай бүсгүй үзүүлбэр хийнэ

Загварын ертөнцийн тогоомын дүрэм өөрчлөгдөж байгаа тухай их бичигдэж ирсэн. Үүний шинэ баталгаа Нью-Йоркоос сонсогдож байна. Энэ удаа хиймэл бионик гартай, Нью-Жерсийн Ребека Марин гэдэг 28 настай бүсгүй тайзнаа гарч Arthur Arbesser-ын шоу үзүүлбэрт оролцоно. Энэ нь Ребека Марины загварын ертөнцөд хийж байгаа анхны алхам нь биш бөгөөд өмнө нь тэрбээр Nordstrom гэх ойн баярын каталогид мөн оролцож байлаа. 

Шинэ бүтээлч захирлууд DKNY-д зориулагдсан анхны цуглуулгаа үзүүлнэ
Есдүгээр сарын 16

DKNY брэндийн шинэ бүтээлч захирлууд: Максвелл Осборн, Дао-Йи Чоу нар брэндийн анхны цуглуулгаа Нью-Йоркт үзүүлэх юм. Сүүлийн үед DKNY бренд чухал, дэгжин мэт санагдахаа больсныг нуух юун. Харин одоо брэндийн шинэ түүх эхлэх ёстой. Учир нь залуу,  эрчимтэй Public School брэндийг үндэслэгч нар түүний бүтээлч захирлууд болсон юм. Гэсэн хэдий ч Донна Караны "том хүү" мөн түүний нэрийг зүүсэн ордоны хувь заяа хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна.
Ордныг үндэслэгч хатагтай өөрийгөө Urban Zen санд бүрэн хэмжээгээр зориулахын тулд компанийн ерөнхий дизайнерийн тушаалаа долдугаар сарын эхээр орхисон билээ. Нью-Йоркийн загварын долоо хоногийн хөтөлбөрт Donna Karan үзүүлбэр байгаа гэсэн мэдээлэл үгүй.

Хавар-зун 2016 улирлын шоунуудаас юу хүлээх вэ (фото 4)

Mulberry-гийн ирээдүйг Жонни Кока үзүүлнэ

Бид тэгж найдаад байгаа юм. Эмма Хилл явснаас хойш Британийн энэ загварын ордон бүтээлч захиралгүйгээр нэлээд удсан. Мэдээж, бидэнд Кара Делевинь, Жорж Мэй Жаггер нарын мини цуглуулга таалагдсан. Мөн ордны дизайнерүүдийн нийлээд хийсэн хувцаснууд ч бас дажгүй байсан. Коко өмнө нь Céline, Bally, Louis Vuitton зэргийн брэндүүдийн аксессуарыг хариуцаж байсан болохоор түүний ирсэн Mulberry ордны цуглуулга илүү баяр баясгалантай харагдах байх гэсэн найдлага төрөөд байна.

Iceberg-т анхны цуглуулгаа Артур Арбессер хийж байна

Гуравдугаар сарын эхээр Iceberg-ийн бүтээлч захирал Алексис Марсьяль албан тушаалаа орхисон юм. Тэрээр Carven-д яг тийм алба хаших болсон билээ. Айсберг үргэлж л дажгүй харагддаг байсан болохоор энэ явалт нэг их анхаарал татаагүй. LVMH Prize уралдааны шигшээд шалгарч байсан 33 настай Артур Арбессер Марсьялийг орлон ирсэн болохоор энэ брэндэд шинэ чиг хандлага гарч магадгүй гэсэн хүлээлт байгаа юм.

Хавар-зун 2016 улирлын шоунуудаас юу хүлээх вэ (фото 5)

Dolce & Gabbana шоугаа Сицилид зориулна

Зарим нэг зүйл огт хувирдаггүй. Энэ хөдөлгөөнтэй хорвоод ямар нэгэн мөнхийн, ухаалаг, сайн зүйл байх нь зүгээр ч байж магадгүй. Тэр нь тайзнаас ямагт уламжлалт үнэт зүйлээ үзүүлдэг Dolce & Gabbana брэндэд хамааралтай. Италичуудын шинэ цуглуулга юунд зориулагдсаныг урьдчилан хэлэх боломжтой. Үүнийг гэр бүл, Сицили, тансаглал гэж таамаглавал ямар ч алдаагүй байх биз ээ.

Ихэр Олсенууд Парист очно

Нью-Йоркийн загварын долоо хоногийн Nowfashion хөтөлбөрөөс The Row үзүүлбэрийг хасч амжаагүй байгаа ч тэр явагдахгүй боллоо. Нью-Йоркоос татгалзан, Парисыг сонгосноо эгч дүү ихрүүд шинэ улирал эхлэхээс 10 хоногийн өмнө мэдэгджээ. Татгалзах шалтгаан нь техникийн асуудал болов. Тэдний жишээ загварын үйлдвэрлэл хоцорч байгаа юм байна. Ихрүүд Парист очсоноор бараг нэг сарын хугацаа хожих боломжтой ч одоогоор Парисын долоо хоногт энэ талын мэдээлэл байхгүй байна.

Хавар-зун 2016 улирлын шоунуудаас юу хүлээх вэ (фото 6)

Австраличууд бас л адил

Австралийн хамгийн нэртэй дизайнчдын нэг Ким Эллери удаж, удаж өөрийн цуглуулгаа Парист үзүүлэхээр боллоо. Австралийн загварын  чухал өдөр нь аравдугаар сарын 6 байх бөгөөд Парисчууд болон хотын зочдод хавар-зуны цуглуулга нь дэлгэгдэнэ. Аравдугаар сар зөвхөн Ellery-гаас гадна өөр чухал үйл явдалтай. Аравдугаар сарын 5-нд Australian Designers Abroad шоуны танхим нээгдэх ба гурав хоногийн турш үргэлжлэхдээ хэд хэдэн шинэ брэндийг тэнд танилцуулах юм байна. 

Жоржио Армани өөрийн оронд Стефано Пилатийг сонгож магадгүй

Agnona-гаас Стефано Пилати явсны дараа бүгд л түүнд ажил хайн тусласан юм. Түүнийг Armani брэнд авч байгаа гэх гурван жил яригдсан дам яриа одоо дахиад л эрчээ авлаа. Хэрэв түүнд итгэх юм бол Жоржио Арманийн албан тушаалыг Пилати авах ажээ. Италийн загварын ахмад дайчин хэзээ хэзээгүй гавъяаны амралтаа зарлахад бэлэн болоод байгаа билээ. Тэгээд л Итали загварын гуру өөрийг нь орлох хүнийг хайж байна гэсэн яриа тогтмол гарах болсон билээ. Гэхдээ Армани өөрөө сэргэлэн цовоо, ядарсан шинжгүй харагдаж байгаа. Магадгүй тэрбээр есдүгээр сарын үзүүлбэрүүдийн дараа тэтгэвэрт гарахаа зарлахаар "нөөцөлсөн" ч юм билүү хэн мэдлээ. Саяхан ойн баяраа тэмдэглэсэн болохоор Арманийн эринийг ингэж сайхнаар төгсгөх бодол түүнд байгаа болов уу.

Хавар-зун 2016 улирлын шоунуудаас юу хүлээх вэ (фото 7)

Массимо Жоржетти өгөгдсөн сэдвээ Pucci-д үргэлжлүүлнэ

Emilio Pucci бүтээлч захиралгүйгээр удсангүй. Питер Дундас явсны дараагийн өдөр түүнийг орлох хүнийг удирдлага нь нэрлэсэн билээ. Тэр хүн нь хурц, хөгжөөнтэй MSGM брэндийн эзэн Массимо Жоржетти байлаа. Түүний анхны ресорт 2016 цуглуулгаас харвал Pucci алдсангүй. Цуглуулга залуу, инээдэмтэй маш хөгжилтэй болсон юм. Өмнөх секси шинжээс нь юм үлдсэнгүй. Үүний дараа шинэ улирлын цуглуулгаас нь их зүйлийг хүлээх нь мэдээж.

Александр Ванг Balenciaga-тай салах ёслолоо хийж байна

Balenciaga гэх түүхт загварын ордон, Александр Ванг хоёрын нөхөрлөл нэлээдгүй урт, хоёр жилийн хугацаанд үргэлжлэв. Түүнийг огцрох талаарх яриа эртнээс сонсогдсоор долдугаар сар гэхэд оргил үедээ хүрэв. Одоо Парист үзүүлэх хавар-зуны цуглуулга Вангийн хувьд Balecniaga-д хийсэн сүүлийн ажил нь болж байна. Түүнийг хэн орлох талаар одоогоор зарлаагүй байгаа. Шоуны дараа л нэр нь тодрох болов уу.

Хавар-зун 2016 улирлын шоунуудаас юу хүлээх вэ (фото 8)

цааш үзэх