Хайх

Загварын “баатруудаас” санаа авсан Хэллоуины зургаан хувцаслалт

Загварын “баатруудаас” санаа авсан Хэллоуины зургаан хувцаслалт

Сувилагчийн хувцсаа түр хойш нь тавьцгаая

Text: Ө.Тодгэрэл


Бид загварт хайртай уншигчиддаа зориулж Бюрогийн “баатрууд” буюу манай цахим хуудсанд байнга бичигддэг Карл Лагерфельд, Кара Делевинь, Энди Уорхол зэрэг алдартнуудаас санаа авч Хэллоуины сонирхолтой төрхүүдийг жагсаалаа

Хэллоуины шөнө бусдаас өвөрмөц хэрнээ загварлаг харагдахыг хүсч байна уу? Тэгвэл хэвшил болсон шулам, цус сорогч аль эсвэл тачаангуй цагдаа, сувилагч гэх зэрэг төрхүүдээс татгалзаж бидний санал болгох хувилбаруудыг туршаад үзээрэй. Мөн та эдгээр хувцаснаас худалдан авахыг хүсвэл бид Монгол руу шууд тээвэрлэлт хийдэг онлайн худалдааны холбоосыг брэндийн нэр дээр хавсарган оруулсан байгаа.


Карл Лагерфельд ба түүний муур Шупетт

Карл Лагерфельдийн хамгийн сайн найз, хамтрагч, мөн гол урлагийн тэнгэр Шупетт муурыг мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Тэд хаа ч явсан цугтаа байдаг шүү дээ. Загварын салбарт Тим Ганн ба Хайди Клум эсвэл Канье Уэст ба Ким Кардашьян гэх зэрэг олон хосууд байдаг ч Карл, Шупетт хоёрыг гүйцэхгүй л болов уу. Тэгэхээр Хэллоуины баяраар "шилдэг хосын хувцас" өргөмжлөл хүртмээр байна уу? Маш хялбархан. Карлын дүрийг гаргахад танд ердөө л хар хослол, цагаан цамц, хар зангиа, унжсан урт хүзүүний зүүлт, цагаан өнгийн хиймэл үс, хуруугүй савхин бээлий, мөн хамгийн гол нь хар нарны шил хэрэг болно. Харин Шупеттын хувьд гэвэл мэдээж хэрэг бүсгүйчүүдэд илүү тохирох бөгөөд цагаан өнгийн муурын чих, цагаан хувцас ба хүзүүвч байхад л хангалттай. Илүү бодитоор дүрдээ хувирахыг хүсвэл цагаан өнгийн хиймэл үс зүүгээрэй.

Загварын “баатруудаас” санаа авсан Хэллоуины зургаан хувцаслалт (фото 1)

1. Хослол Michael Kors 2. Цамц Junya Watanabe 3. Зангиа Armani Collezioni 4. Хүзүүний зүүлт Alexander McQueen  5. Нарны шил Dior Homme 

Загварын “баатруудаас” санаа авсан Хэллоуины зургаан хувцаслалт (фото 2)

1. Цамц Tamara Mellon 2. Юбка Rime Arodaky 

 

Билл Каннингем

Хүн бүрийн хайртай Америкийн street style зурагчин Билл Каннингем бол загварын салбарын салшгүй нэгэн хэсэг юм. Дизайнер Оскар де ла Рентагийн хэлж байснаар "Тэр Нью-Йорк хотын сүүлийн 40, 50 жилийн загварын түүхийг хэн хэнээс илүү олж харсан, хадгалсан хүн" билээ. Аз болж Билл өөрийн онцгой хувцаслалтын хэв маягаараа олонд танигдсан тул түүнийг дуурайхад амархан байх болно. Түүний алдарт цэнхэр нимгэн хүрмийг хэн ч хаанаас ч танина. Мөн beige өнгийн даавуун өмд, цайвар цэнхэр цамц, улаан зангиа, хар цүнх түүнийг тодорхойлно. Энэ жилийн Хэллоуинаар Биллийн төрхийг сонгох гэж байгаа бол хамгийн гол зүйл болох камераа мартав аа! Нэмж хэлэхэд домогт зурагчин шиг дугуй унаснаар гудамжинд гарвал бүүр ч их магтаал авна гэдэгт итгэлтэй байж болно шүү.

Загварын “баатруудаас” санаа авсан Хэллоуины зургаан хувцаслалт (фото 3)

1.  Өмд Volcom 3. Зангиа Eton 4. Цүнх Burberry 5. Цамц PS Paul Smith



Анна Винтур

Vogue сэтгүүлийн ерөнхий редактор, Condé Nast-ын бүтээлч захирал домогт Анна Винтурын дүрд хувирвал та өвөрмөц, шинэлэг ба тун дэгжин харагдах болно. Хамгийн гол нь илүү зардал гаргалгүйгээр өөрийн хувцасны шүүгээнээсээ энэхүү төрхийг бэлдэж болох юм. Ханцуйгүй, өвдөг хүрсэн урттай, битүү захтай дэгжин даашинзыг том хэмжээтэй хүзүүний зүүлт, oversize хар нарны шил болон сонгодог загварын nude туфлитэй хослуулаарай. Мөн Vogue сэтгүүлээ авч гарахаа мартаж болохгүй шүү. Хамгийн гол нь таны төрхийг хоромхон зуур "Анна" хэв маягт оруулах ганц зүйл бол түүний алдарт чолктой богино үс юм. Тиймээс хиймэл үс эртнээс бэлдэж тавиарай!

Загварын “баатруудаас” санаа авсан Хэллоуины зургаан хувцаслалт (фото 4)

1. Даашинз Mary Katrantzou 2. Хүзүүний зүүлт Erickson Beamon 3. Нарны шил Bottega Veneta 4. Туфли Miu Miu



Кара Делевинь


Хэвлэл мэдээлэл энэ жил Карагаар дүүрсэн хэдий ч бид түүний зугаатай нүүрний хувирлууд, загварлаг хувцаслалт, хөгжилтэй зан чанараас нь хэзээ ч уйдахгүй байх тийм үү? Алдарт загвар өмсөгч тайзнаас гадуур алхахдаа бичигтэй цагаан пудволк, "beanie" малгай, бариу жийнсэн өмд мөн намхан ултай кет өмсдөгөөрөө олонд танигдсан билээ. Гэхдээ түүний хамгийн гол таних тэмдэг бол мэдээж хэрэг өтгөн хөмсөг юм. Танд Хэллоуины төрх бүтээхэд харандаагаар хөмсөг зурах эсвэл хиймэл хөмсөг наах гэсэн хоёр сонголт бий. Юутай ч таны хөмсөг өргөн бас өтгөн харагдах ёстойг санаарай.

Загварын “баатруудаас” санаа авсан Хэллоуины зургаан хувцаслалт (фото 5)

1. Пудволк The Kooples 2. Жийнсэн өмд Frame Denim  3. Кет Michael Michael Kors 


Энди Уорхол

Поп артын загалмайлсан эцэг гэгддэг Энди Уорхолын төрх Хэллоуины үдэш хамгийн бүтээлч хувцаслалтаар тодрох нь гарцаагүй. Та түүн шиг харагдахыг хүсвэл хоолойтой хар цамц, тунгалаг хүрээтэй харааны шил болон цагаан өнгийн "замбараагүй" засалттай хиймэл үс олж авах хэрэгтэй. Поларойд түргэн зургийн аппарат эсвэл Campbell's шөлний лаазаар төрхөө гүйцээвэл бүүр ч төгс байх болно.

Загварын “баатруудаас” санаа авсан Хэллоуины зургаан хувцаслалт (фото 6)

1. Хоолойтой цамц Kenneth Cole Black Label



Twiggy

1960-аад оны бөгөөд орчин үеийн загварын шүтээн Твиггигийн төрхийг хаанаас ч харсан танихад хялбар. Хэллоуинаар Твигги болохын тулд өвдөгнөөс дээгүүр урттай ягаан өнгийн А дүрстэй даашинзыг цагаан өнгийн трико, 1960-аад оны хэв маягтай Mary Jane туфлитэй хослуулж, том ба унжсан ээмэг зүүгээрэй. Үс засалтын хувьд гэвэл үсээ далий хувааж, гөлгөр самналттай боох хэрэгтэй. Энэхүү төрхийн хамгийн чухал хэсэг бол Твиггигийн алдарт нүдний будалт юм. Тэгэхээр аль болох урт хиймэл сормуус нааж, контурын ачаар доод зовхиндоо сормуус зурж, нүдээ тод хүрээлээрэй.

Загварын “баатруудаас” санаа авсан Хэллоуины зургаан хувцаслалт (фото 7)

1. Даашинз Christopher Kane 2. Туфли Miu Miu 3. Ээмэг Nadri

цааш үзэх