Бюро 24/7 тойм: Massimo Dutti, намар-өвөл 2017
Сүүлийн үеийн чиг хандлага үл хамаарсан мөнхийн сонгодог хувцаснууд
Намар-өвөл 2017 цуглуулгыг Massimo Dutti брэнд Мадридын Линарес ордонд танилцууллаа. Брэндийн эмэгтэй цуглуулга цаг үе үл хамаарсан, мөнхийн сонгодог хувцаснууд дээр суурилсан харагдлаа. Давхар энгэртэй пальто, эрвээхий зангилаатай торгон цамц, мөн төрөл бүрийн нэхмэл загварууд ямар нэгэн чиг хандлага баримтлаагүй, хаана ч, хэзээ ч өмссөн гоёмсог харагдахаар хийгджээ. Үүнээс гадна Massimo Dutti савхин хослол, газар хүрсэн урт богемын хэв маягтай даашинз гэх зэрэг хэд, хэдэн этгээд загварууд цуглуулгадаа оруулжээ.
Эрэгтэй цуглуулга дээр ч бас брэндийн дизайнерууд туршилт хийхийг хүссэнгүй. Свитер цамц, пижак ба хүрэм зэрэг нь өнөөдөр ч, арван жилийн дараа ч загварлаг хэвээр байх болно. Шинэ цуглуулгууд брэндийн салбар дэлгүүрүүд болон албан ёсны вебсайт дээр намар дөхүүлээд тавигдах гэнэ.
Сүүлийн жилд Massimo Dutti брэнд илүү орчин үеийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах зорилгоор зурагчин Гаранс Доре, Tank Magazine сэтгүүлийн редактор Кэролайн Исса болон Man Repeller вебсайтын үүсгэн байгуулагч Леандра Медин гэх зэрэг загварын мэргэжилтнүүдтэй хамтраад амжсан. Түүнчлэн брэнд олон улсад илүү их танигдаж, шинэ салбар дэлгүүрүүд нээсэн байгаа.