Хайх

2017 онд загварын ертөнцийг байлдан дагуулах 30 модель

2017 онд загварын ертөнцийг байлдан дагуулах 30 модель

Гэрэлт ирээдүйтэй шинэ дүр төрхүүд

Text: Ө.Тодгэрэл


Дэлхийн загварын салбар олон улсын моделиудад илүү нээлттэй болж, Монголын загвар өмсөгчид томоохон амжилтууд гаргаж байна

Хавар-зун 2017 улирлын загвар өмсөгчдийн сонгон шалгаруулалт маш олон талт, сонирхолтой болж өнгөрлөө. Томоохон брэндүүдийн загварын тайзан дээр олон тооны шинэ дүр төрх гарч ирсэн бөгөөд тэдгээр моделиуд өөрсдийгөө харуулаад зогсолгүй, мөн загварын салбар бүхэлдээ өөрчлөгдөж байгаагийн нэгэн баталгаа боллоо. Тухайлбал "хижаб өмссөн загвар өмсөгч" гэдгээрээ олны сэтгэлд хоногшсон Халима Аден эхлээд Yeezy-гийн шоунд оролцож, дараагаар нь Max Mara ба Alberta Ferretti брэндүүдийн тайзнаа алхаад амжлаа. Залуу бүсгүй хэдийгээр энэ улиралд гуравхан шоунд оролцсон хэдий ч түүний олсон амжилт бусад мусульман моделиудын өмнө загварын салбарт хөл тавих үүдийг нээж өглөө.

Хэрвээ өмнө нь дэлхийн алдартай моделиуд Бразил улсаас төрдөг байсан бол орчин үед гоо үзэсгэлэнд хэмжээ, хязгаар үгүй болж, загвар өмсөгчид дэлхийн өнцөг бүрээс цугларч байна. Энэ дундаас Доминиканы Бүгд Найрамдах Улсаас гаралтай Мануэла Санчес Louis Vuitton, Christian Dior, Loewe ба Prada брэндүүдийн шоунд оролцсон бол, Нигери улсаас ирсэн модель Элизабет Айодель Miu Miu, Saint Laurent ба Fendi-гийн тайзнаа алхаж, харин Аргентинд төрсөн Мойра Бернтс Bottega Veneta, Saint Laurent, Chanel ба Miu Miu-гийн "од"-оор тодорлоо.

Монголын загвар өмсөгчид ч бас дэлхийн загварын салбарыг байлдан дагуулж байна. Б.Ялгуун энэ улиралд Милан хотын загварын долоо хоногт оролцож Италийн Stella Jean, Гүржийн Situationist брэндүүдийн хувцсыг амилуулахаас гадна мөн Marco de Vincenzo ордны каталогийн зураг авалтанд орсон байгаа. Харин түүний мэргэжил нэгт загвар өмсөгч Ж.Энэрэл Миланы загварын долоо хоногийн хүрээнд Италийн Kristina Ti маркийн тайзан дээр гарсны дараагаар мөн Парисын загварын долоо хоногт оролцож, итгэмжлэгдсэн кутюр загвар зохион бүтээгч Галя Лахав болон Португалийн Luis Buchinho, Германы Talbot Runhof брэндүүдийн шоунд алхсан юм.

цааш үзэх