Хайх

Чиг хандлага: Ноолуур 2015 оны намар/өвөл

Чиг хандлага: Ноолуур 2015 оны намар/өвөл

Холимог материал, сул чөлөөт загвар

Text: Ж.Чинбат


"Цагаан алт" -аар монголын тэргүүлэх хоёр брэндийн дизайнерууд ямар загвар бүтээснийг сонирхлоо. Дээр нь нэмээд гадаад брэндүүдийн товч танилцуулга, энэ намрын цуглуулгаас сонирхуулъя

Загварын чиг хандлага жар, далаад он уруу эргэсэн нь ноолуурт ч тусгалаа олжээ. Энэ улирал түлхүү орж ирсэн бохо, богем стилийн хэв маягийг ноолуурын өөрийн өнгө аясанд уусган буулгахын тулд загвар зохион бүтээгчид материал хослуулах сонирхолтой арга сонгосон байна.

"Торго, илэг, торон материалууд ашигласнаар ноолуурт илүү шинэлэг загвар гаргах боломжтой" гэж Говь брэндийн дизайнер Н.Гэрэлмаа хэллээ. Үүнийг дэлхий нийтэд хүчтэй харуулж чадсан Brunello Cucinelli брэнд гэхэд энэ өвлийн загвараа "Үслэг ноолуур" гэж нэрлэсэн байх жишээтэй.

Загварын хувьд өнгөрсөн жилүүдэд давамгайлж байсан бариу хувцсанд бүгд баяртай гэж хэлжээ. Оронд нь шулуун, сул, овал хэлбэрийн, биед чөлөөтэй, спорт хэв маягууд голчлох болов.

Тансаг хэрэглээний сонгодог жишээ болсон ноолуурыг энэ жил 3D чимэглэл, жижиг деталиуд дээрх шийдэл илүү орчин үеийн, залуу стильтэй болгож өгсөн.
Ингээд Монголын тэргүүлэх Говь, Гоёо брэндүүд болон дэлхийн бусад шилдэг ноолуурын брэндүүд бидэнд юу санал болгосныг үзэцгээе.

Говь 

Чиг хандлага: Ноолуур 2015 оны намар/өвөл (фото 1)

Говь брэндийн ноолуурыг хэрэглэж үзээгүй хүн Монголд лав байхгүй болохоор мөн чанарыг нь бүгд мэднэ. Харин тэд энэ жилийн шинэ цуглуулгаа эрэгтэй, эмэгтэй нийлсэн 80 гаруй шинэ загвартай гаргасан тухай мэдээний анхны уншигч нь та боллоо.

Нэхмэл, сүлжмэл хувцасаа 1300 орчим өнгөний сонголтоор баяжуулах боломжтой Говийн дизайнерууд энэ жил жар, далаад он руу хэлбийсэн загварын чиг хандлагыг түлхүү барьжээ. Ингэхдээ дээрээсээ эхлээд сул, шулуун өмд, шагай татсан урт хормойтой юбка, өмдөн юбка, сонгодог пальтонууд тэд санал болгож байна.

Бохо, богем төрхийг илтгэхийн тулд олон төрлийн материал хослуулж үнэгний үслэг, илгэн материалыг италиас захин авчруулж, хятадын алдарт торгоор чимэглэжээ. Мөн торгон материалаар цацаг оруулж, үндэсний маягтай хээ угалз ашигласаар богем төрхийг ноолуурт буулгаж чадсан гэнэ.

Өнгөний хувьд тэд цайвар, шаргал, зөөлөн өнгө голчлон санал болгож байгаа. Ноолуурны өөрийн натурал өнгө болох цагаан, бор өнгүүд дээр хул бор, шоколадан өнгө нэмжээ. Тод хувцас өмсөх дуртай хүмүүст улбар шар, номин ногоон өнгөөр энэ намар гангарах хувилбар гаргасан. Тэгэхдээ тэд дангаараа байвал уйтгартай учраас металл саарал, гүн саарал гэсэн өнгөнүүдтэй хослуулжээ.

Дашрамд дурдахад удахгүй гарах шинэ каталогтоо дэлхийн загварын чиг хандлагад орж ирсэн өмдөн дээр даашинз, юбка өмсөх зэрэг сонирхолтой санаануудаас оруулж өгчээ. Туршаад үзээрэй.

Гоёо

Чиг хандлага: Ноолуур 2015 оны намар/өвөл (фото 2)

Гоёогийн загварыг итали дизайнер удирдан гаргаж байгаа гэдэг нь хамгийн түрүүнд дурдах онцлог нь болов уу. Тэд энэ жил эрэгтэй, эмэгтэй 150 орчим загвар танилцуулах бөгөөд минималист хэв шинжээ хадгалж, илүү чөлөөтэй, спортлог болгожээ.
Есдүгээр сарын 4-нд энэ жилийн эхний загварын шоугаа хийх гэж буй Гоёогийн загварууд өвөрмөц содон детальтай гарчээ.
Тэгш өнцөгт, тарпиз, дугуйрсан хэлбэр зонхилох загваруудаа нэхмэл, сүлжмэл даавуу хослуулж хийсэн нь чөлөөтэй, шинэлэг болсон. Намар, өвлийн шинэ цуглуулгынх нь хамгийн онцлох загварууд нь 3D жакард буюу хэд хэдэн төрлийн утас хольж, өнгөний контраст үүсгэдэг чимэглэлтэй. Жакардтай загварууд нь хувцсан дээр сансар огторгуйн ч юм уу, ямар нэгэн абстракт дүрс гарган ирж буйгаа нь тун сонирхолтой харагдана.
Өнгөний хувьд саарал, бүдэг ягаан, цайвар, шаргал зэрэг өнгөнүүд дээр тод улбар шар мөн хар өнгө зонхилжээ.
Гоёо брэндийн дизайнер Б.Бэлгүтэй хэлэхдээ "Нэг үгээр коллекци маань цэвэр цэмцгэр хэрнээ тансаг мөн спортлог байдлыг илтгэсэн орчин үеийн шийдэл бүхий цуглуулга болсон" гэж тодорхойллоо.
Бидэнд эдний синдфонтой сүлжмэл пальто, бомбер хүрэм, өмднүүд нь болон гараараа углаж өмсдөг, нисэгчийн хувцас ч юм шиг харагдах ороолтнууд нь илүү их таалагдлаа.
Шинэ загваруудын зураг авалтыг Мултиверс студи гүйцэтгэсэн байна. Энэ жилийн катологи нь илүү хурц харцтай, энгийн хэрнээ нууцлаг төрх бүрдүүлсэн шинэ моделиудтай гарчээ.

Итали: Brunello Cucinelli

Brunello Cucinelli S.p.A. бол Италийн ноолууран материалаар мэргэшсэн, тансаг эдлэл, хувцас бүтээдэг загварын ордон юм. Тэд олон улсад өдөр тутмын, нарийн хийцтэй хувцасаараа онцгойрч ирсэн мэргэжилтнүүдтэй. Brunelle Cucinelli энэ жил том үслэг захтай хүрэм, газар шүргэм урт, хэлхгэр юбка, даашинз, классик загварын пальтонууд санал болгожээ. Дээр нь нэмж хэлэхэд "Үслэг ноолуур" гэсэн томъёоллыг тэд энэ жил хит болно гэдэгт итгэлтэй байгаа.

Шотланд: Pringle of Scotland

Дэлхийн анхны тансаг зэрэглэлийн нэхмэл эдлэл үйлдвэрлэгчийн цуглуулгатай танилцана уу. Pringle of Scotland-ын бүтээлч захирал Массимо Никоса намар-өвөл 2015 цуглуулгадаа даавууны бүтцийн судалгааг шинэ түвшинд хүргэсэн байна. Өргөгдсөн долгионтой нэхмэл утас, шатсан хамба хилэн, долгионтой ноос зэрэг нь томруулсан чимэглэлүүдтэй байв. Нарийхан загвартай, гялалзсан чимэглэлтэй өмднүүд, газар шүргэм урт ороолт, богино юбка тэд санал болгосон. Үндсэн саарал, цайвар, хар өнгөнүүд дээр чимэг болгож зэсэн өнгөтэй деталь нэмж, зөөлөн ягаан, номин ногоон, улаан хүрэн өнгөнүүд оруулсан харагдана. 

АНУ: TSE

Augustine Tse  брэнд нь 1989 оноос өө сэвгүй нэхмэл, сүлжмэл цуглуулгатай бизнесийн гараагаа эхлүүлж байлаа. Тэд шинэлэг өөрчлөлтөөр уламжлалт тансаг хувцсанд тооцогддог ноолуурыг орчин үеийн хэв маягт оруулж, өөрийн гэсэн өнгө аяс бүхий философоо хадгалан иржээ.  Энэ жил супермодель Клаудиа Шифр нүүр царай нь болсон загварын тухайд "Би ямар нэгэн гэнэтийн зүйл хиймээр байсан" хэмээн Германд төрсөн тус брэндийн бүтээлч захирал Тина Лутс хэлжээ. Үнэхээр уламжлалт ардын аман зохиолын загварууд TSE брэндийн минималист үзэл баримтлалтай нийцэхгүй мэт санагдана. Тэгсэн хэдий ч Лутс саарал даашинзны цээж хэсэгт dirndl хэмээх германы үндэсний хувцасны оёдол оруулж, хүзүүний зүүлт, бүс, юбка болон пальтод цацган чимэглэл нэмжээ. TSE сонгодог, суурь загвартай ноолууран эдлэл бүтээдэг тул шинэлэг, бүтээлч загварууд харах сэтгэл сэргээм байлаа. 

Чиг хандлага: Ноолуур 2015 оны намар/өвөл (фото 3)

 

цааш үзэх