Хайх

Хамба хилэн хувцсыг энэ улиралд хэрхэн өмсөх вэ

Хамба хилэн хувцсыг энэ улиралд хэрхэн өмсөх вэ

Тансаг мэдрэмж

Text: Buro.Mongolia


Зураг:

Улирал бүр моодонд ордог хамба хилэн материалтай хувцсыг энэ улиралд хэрхэн хэтрүүлэлгүй, тунгийг нь тааруулж өмсөх вэ?

Намар-өвлийн улиралд дизайнерууд нэгэн зэрэг хамба хилэн трендээр "өвчиллөө". Тэд энэхүү материалаар зөвхөн даашинз гэлтгүй мөн бомбер хүрэм, пальто, түрийтэй гутал гэх зэрэг байж болох бүхий л загваруудыг оёж байна. Ихэнх дизайнерууд гүн цэнхэр, улаан хүрэн ба хар өнгийн загваруудыг онцолсон бол Monse, M.Martin гэх зэрэг брэндүүд зөөлөн ягаан болон алтлаг хувилбарууд танилцууллаа.

Хамба хилэн даашинз

Магадгүй хамгийн түгээмэл ба энгийн хувилбар нь энэ байх. Энэ улиралд загварын тайзан дээр  маш олон төрлийн даашинзууд үзэгдсэн байгаа. Fendi брэнд газар хүрсэн урттай, сонгодог даашинз танилцуулсан бол, Prada хатгамал ба чимэглэлээр баялаг, харин Antonio Berardi торон нэхээстэй загварууд санал болголоо. Унтлагын хэв маягтай даашинзууд ч бас олноороо харагдсан юм. Valentino ба Brock Collection нарын намрын цуглуулгад багтсан нарийн мөртэй "slip" даашинзыг дангаар нь биш, хоолойтой цамцтай хослуулахыг зөвлөх байна.

Хамба хилэн комбинзон

Анхлан сурагчдад ямар нэгэн илүү дутуу детальгүй, сонгодог загварын комбинзон тохиромжтой байх. Topshop ба Ralph Lauren нарын танилцуулсан загваруудаас жишээ аваарай. Харин илүү этгээд хувцаслахыг хүссэн нэгэн нь Их Британий Holly Fulton гэх брэндийн загваруудаас сонирхоод үзээрэй.

Хамба хилэн хослол

Энэ улирлын хамгийн томоохон трендүүдийг Vetements дэлгэрүүлж байна. Демна Гвасалия бидэнд муу зүйл зөвлөхгүй ээ. Тэр улаан хүрэн өнгийн дэгжин хослолыг дөрвөлжин хээтэй цамцтай хослуулж, бага зэрэг гудамжны өнгө аяс оруулсан байлаа. Харин илүү рок маягийн хувилбарыг Haider Ackermann танилцууллаа. Дизайнер улаан өнгийн урт пиджакийг ижил өнгийн нарийхан өмдтэй хослуулсан байв. Дэвид Боуид гарцаагүй таалагдах байсан даа.

Спорт шик

Ерөнхийдөө дизайнерууд хамба хилэн материалыг заавал ч үгүй баяр ёслолын эсвэл тансаг хийцтэй хувцсанд ашиглах ёсгүй гэдгийг батлах гэж оролдож байна. Ийм янзаар Lacoste брэнд спорт хүрэм ба өмдний хослол гаргаж, харин Tommy Hilfiger, Dion Lee нар богино куртка танилцуулсан байлаа.

Аксесуар

Хамба хилэн материалтай аксесуарууд загварын зах зээл дээр тун ховор байдаг нь тун харамсалтай. Уг нь хамба хилэн цүнх ба гутал нь ямар ч энгийн төрхийг хормын дотор илүү дэгжин харагдуулах чадвартай юм шүү дээ. Энэ улиралд аль болох баялаг хатгамал, чимэглэлтэй аксесуарт анхаарлаа хандуулаарай.

цааш үзэх